news
stringlengths 2
65.4k
| label
stringclasses 9
values |
---|---|
Нэгэн үед нийтийн дууны урлагт нэрээ гайхуулаад зогсохгүй дан хөгжмийн олон бүтээлээрээ нэрд гарч явсан хөгжмийн зохиолч Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн З.Батсүхтэй ярилцлаа. -Таны сайхан дуунууд өнөө хэр дуулагдсаар байгаа. Дуу бүхэн өөрийн түүхтэй байх. Тэр дундаас онцолж “Гайхмаараа” дуу хэрхэн бүтсэн тухай сонирхуулахгүй юу? -Би тэр үед Ардын дуу бүжгийн чуулгад ажиллаж байлаа. Нэг өдөр урлагийн гавьяат зүтгэлтэн, урлаг судлаач Ж.Бадраа гуай утасдаж “Нэг дууны шүлэг байна. Чи л ая хийж чадна. Ирж үзэхгүй юу” гэсэн. Тэр нь “Гайхмаараа” дууны шүлэг байсан. 1971 оны хавар юм. Манай чуулгынхан баруун аймгуудаар урлагийн бригадаар явах гэж бэлтгэлээ базаагаад ажил ихтэй байсан цаг. Энэ дууны ая амархан бүтсэн. Ая хийчихээд хэнээр дуулуулах билээ гээд Оросоогоор дуулуулдаг юм бил үү гээд өрөөндөө сууж байтал гавьяат жүжигчин Банзрагч ороод ирсэн. “Чи үүнийг дуулахгүй юу” гэтэл мань хүн нооттой нь аваад гарсан. Тэгээд хэсэг хугацаанд би ч мартчихаж. Тун удалгүй радиогоор “Гайхмаараа” дуулагдаад эхэлсэн. Хүмүүс ч их шимтэн сонсч байгаа шинжтэй. Банзрагч бригад явахынхаа өмнө ардын найрал хөгжимтэй радиод бичүүлсэн юм билээ. Мань хүнийг хөдөө аймаг, сумдад очиход нь буудалд ч орсон радиогоор дуу нь яваад тоглолт дээр дуулна гэж хөтөлбөрт ороогүй байхад олон дахиулж заавал “Гайхмаараа”-г дуулуулж байж салдаг байсан гэдэг. Тухайн үед хүн бүр амандаа аялж мэддэггүй хүн ч ховор байсан байх шүү. Тэр үед чинь үзэл суртал ноёлсон, чөлөөт сэтгэлгээгээр уран бүтээл хийж болдоггүй байлаа шүү дээ. Ямар ч концерт нам, эх орноо магтсан дууг эхлэл, төгсгөл хоёрт нь заавал дуулуулах жишээтэй. Урлагийг хөдөөд хүрэг гэж дээрээс мундагддаг байсан. Улирлын хатуу хөтүү цаг гэхгүй шуургатайд ч хөдөө явуулдаг байлаа шүү дээ. Нэг явахаараа хамгийн багадаа сар гаруй явна. Зарим үед 30-40 хүний бүрэлдэхүүнтэй явна. Ар гэрийн гачигдал байсан ч явахгүй гэх эрхгүй шүү дээ. Голдуу “Зил-130”-ийн тэвшин дээр явна. Сүүлдээ нэг “Паз” автобустай болсон юм. Манай чуулгын дарга Таяа гэж сүрхий хүн байсан. Залуу ч байж тэр даргаас их эмээдэгсэн. Тэр үеийнхэн дэндүү авьяастай ч, дуулгавартай ч байж дээ. Ардын жүжигчин Түмэндэмбэрэл, гавьяат жүжигчин. В.Оросоо, Банзрагч, Нансалмаа, Д.Самбуу нар ид мандаж байсан үе. Мөн Гэрэлт-Од гэж өвөрмөц хоолойтой залуу гарч ирж байлаа. -Таныг намын лоозонгийн үгэнд ая хийсэн гэж сонссон юм байна. Тэр дуу хэр удаан дуулагдсан бэ? -Одоо бодоход инээдтэй л юм. 1978 онд байх аа. Намын Төв хорооны бүгд хурлаас “Хүн бүр бага балчраасаа эхлэн туйлын аж ахуйч, арвич хямгач бай” гэсэн утгатай хоёр лоозон дэвшүүлсэн юм. Тэр нь гудамж талбай, албан байгууллага бүрийн хананд хадаатай эхэлсэн. Хүн бүрээр цээжлүүлж байсан. Түүнд би 1980-аад оны эхээр ая зохиосон юм. Тэр жил би Төв аймгийн Хөгжимт драмын театрт ажиллаж байсан. Нэг их дуулагдаж гавиагүй тэгээд л замхарсан. Тэгэхээс ч яах вэ. Аймгийн Намын хорооны үзэл суртал эрхэлсэн нарийн бичгийн дарга Сүрэнжав гэдэг хүн байсан. Тэр нэг өдөр дуудаад “Энэ лоозонд ая хийж болдоггүй юм уу, чи нэг бодооч” гэсэн. Тэгж л санаа авч ая хийсэн. Тэгээд тэр аяыг өөр дуунд ашигласан. Даалгавраар хийсэн бүтээл хэзээ л сайн болж байлаа даа. Нэг хүндэтгэлийн концертод тоглогдоод л дуусна шүү дээ. -Ж.Бадраа гэж дууны сайн мастер байж дээ. Тэр хүн дуучид, хөгжмийн зохиолчдоо сайн таньж бүтээл туурвидаг байсан хэрэг үү. Та олон шүлгэнд нь ая хийсэн үү? -Олон биш ээ, хоёрын зэрэг дуу бий. Ж.Бадраа гуай дууны яруу найрагч байгаад зогсоогүй түүхч, ардын урлаг, хөгжим судлаач их өргөн мэдлэгтэй сайхан хүн байсан. 1970-аад онд түүний “Уяхан хорвоон хань” гэсэн нэртэй 100 дууны түүврийн ном нь гарсан. Одоо тэр ном олдохоо байсан. Цөөхөн хүний гар дээр бий дээ. Тэр хүний шүлгийн дуунууд мөн ч олон хүнийг мандуулсан даа. Ж.Шараа, Б.Зангад хоёр гэхэд л “Гоёхон чимэг ч юм уу даа” шүлгээр нь олонд танигдаж байв. Хөгжмийн өндөр боловсролтой учир дуучин, ая зохиогчдоо сайн таньдаг учир тэдэндээ зориулаад шүлгээ биччихдэг байсан тал бий байх. Тэр хүнд их авьяас байсан. -Таны ид уран бүтээл хийж байх үед их цензуртэй байж. Өнөөдрийн энэ чөлөөт сэтгэлгээгээр зохиогдож буй бүтээлүүдэд та ямар дүгнэлт өгдөг вэ? -Ямар ч урлагийн бүтээлийг халтуурдаж болдоггүй. Болохгүй, чадахгүй байгаа бол бүтээл хийх гэхийн хэрэггүй л байхгүй юу. Нийтийн дуун дээр авч ярихад сүүлийн жилүүдэд бие биеэсээ өрсөөд л хурдан морь, сайн бөхчүүдэд дуу зохиогоод эхэлсэн. Яваандаа сайн үүлдрийн хуц, ухнанд дуу зохиож мэднэ шүү. Дуртай хүн халтар шүлэгт ая хийчихээд өөрийгөө хөгжмийн зохиолч гэж цээжээ дэлддэг болжээ. Олонд биш чанарт баригдах учиртай юм. Балдангийн үг, Лхашидын ая “Буянт гол” дууг захын хүн дуулна. Тэд ганцхан энэ дуугаараа л мөнхөрсөн. Хөшөө ч бослоо. Тухайн үедээ тэр хоёр өөрсдийгөө зохиолч гэж хэлж чадахгүй л явсан. Шүлэг бичдэг, ая зохиодог авьяастай байж болно. Тэр чадвараа зөв ашиглах ёстой. -Дуучид, ая зохиогчид уран бүтээлийн цэнгүүн нэртэй тоглолт хийх болж. Банзрагч, Адарсүрэн гээд алтан үеийнхэн байсан бол энэ зах зээлийн үед мөн ч их боломж олдох байж дээ. Та цэнгүүн хийж байв уу? -Би хэдэн жилийн өмнө уран бүтээлийн тайлан тоглолтоо хийж байсан юм. Та нар санаж байгаа байх гурван Батсүхийн тоглолт гээд хийсэн. Одоо хийж чадахгүй байх. Аливаа юманд цаг хугацааны хэмжүүр гэж бий. Зах зээлд шилжсэн нь хоёр талтай юм. Хамгийн харамсмаар нь чанаргүй бүтээл хийгдээд байх юм. Манай Нансалмаа, Түмэндэмбэрэл нар хөдөөгийн тайзан дээр алга ташилтаар булуулж мөн ч олон дахиулдагсан. Одоогийн энэ хэдтэй адил ам барина гэж мэдэхгүй. Хоолой цуцна гэж байхгүй төрөлхийн авьяастай хүмүүс байж дээ. Тэд чинь найруулагчийн зөвшөөрөлгүй айлын найр, үдэшлэг уулзалтад оролцож дуулна гэж байхгүй. Түмэндэмбэрэлийг бие нь муу, их халуунтай байхад дуул гээд тайзан дээр гаргаж л байсан гэдэг юм. Банзрагч маань бурхан болохынхоо өмнө бүх сумаар тойрч, ардын жүжигчин Д.Самбуутай хамт явж тоглосон доо. Тэр нь орлого олох зорилгоор биш ард түмэндээ урлагаар үйлчлэх гэж явсан байдаг. Одоо нэг үеэ бодоход манай шинэ үеийн залуучууд аливаа урлагийг дүгнэж цэгнэдэг болсон байна билээ. Үүнийг би том алхам гэж дотроо баярладаг. Уран бүтээлээ таниулдаг сайхан боломж энэ цаг үед нээгдээд байна. Асар том боломж юм шүү. Харин түүнийг ашиглаж ард түмнээ илбэдэж болохгүй. Үзэгчдийн урлагт ханддаг хандлага өөр болно. Өнөөдрийнх шиг хэрийн дуучны тоглолтыг үзэх гэж мөнгө үрэхгүй л байх. -Хөгжмийн зохиолч Г.Алтанхуяг нэгэн ярилцлагадаа “Монголд мэргэжлийн хөгжмийн зохиолч дөрөв бий” гэж хэлсэн удаатай. Та үүнтэй санал нэгдэх үү? -Манайд гадаад, дотоодод мэргэжил эзэмшсэн олон хөгжмийн зохиолч бий. Би ч гэсэн Свердловскийн Хөгжмийн дээд сургуулийг төгссөн. Гэхдээ дөрөв нь юу юм бэ ер нь цөөхөн гэж хэлж болно шүү. Лав л тав арван дуу хийснийг мэргэжлийн гэж хэлэхгүй байх. Хөгжим гэдэг аугаа юм. Хэрийн хүн бүтээдэггүй. Түүнийг сонсдог хүн бас өөр. Монголын хөгжмийн урлагт орж ирсэн дунд үеийхний төлөөлөл Ц.Нацагдорж, Ц.Чинзориг, З.Хангал Х.Билэгжаргал гээд том зохиолчид байлаа. Одоо Б.Шарав, Н.Жанцанноров хоёрыг хэлэхээс аргагүй дээ. -Одоогоос 30 жилийн өмнө Төв аймгийн театраас нэг өдөр таван гавьяат төрсөн гэдэг. Түүний нэг нь та байх аа? -1982 онд Улаанбаатарт Төв аймгийн соёл урлагийн өдрүүд болсон юм. Аймгууд декад гэж хийдэг байсан даа. Би тэр үед тус театрт хөгжмийн багшаар очоод байсан юм. Хэдэн сар нухаж байж уран сайханчид нийлсэн 200 гаруй уран бүтээлчтэй том концерт босгосон. Хотод ирчихээд Улс төрийн товчооныхонд маргааш үзүүлнэ гэж байтал гэнэт тоглох юм боллоо. Тэгтэл Цэдэнбал Филатова хойшоо явах болоод тоглолтыг наашлуулж үзэхээр болсон. Тоглолт дууссаны дараа дарга нар тайзан дээр гарч ирээд бүжиг дэглээч Б.Гүрбазар, дуучин Ш.Эрдэнэчулуун, Г.Нямсүрэн, Р.Банзрагч бид тавд гавьяатын тэмдэг зүүж өгч билээ. -Сүүлийн жилүүдэд Төв аймгаас бөх төрөхөө болиод дуучин олон болж байгаа. Энэ юутай холбоотой бол? -Мэргэжлийн түвшний том дуучид төрөөд байгаа байх шүү. Б.Мөнгөнцэцэг, Г.Ариунбаатар гэж сайхан дуучид гарч ирлээ. Тэр том олон улсын тэмцээнд түрүүлнэ гэдэг гайхамшигтай. Манай дуурийн болоод мэргэжлийн дуулаачдын чадвар өндөр түвшинд хүрчээ. Дуурийн театрт Төв аймгийн гурван ч сайн залуу дуучин байгаа юм билээ. Төв аймаг урлагийн олон авьяастнуудыг төрүүлсэн нутаг. Багаас нь хүүхдүүдийг урлаг соёлд ойртуулан дуулуулж, бүжиглүүлж сургасны нөлөө их бий байх аа. -Таны “Таван эрдэнэ”, “Алтан шар зам”, “Малчин заяа” зэрэг дуу одоо ч сонсогч олонтой. Сүүлийн үед уран бүтээл хийв үү? -Хэдэн дуу минь залуу дуучин С.Банзрагч сэргээн дуулж байгаад баярладаг даа. Бие тааруу болохоор юм хийж чадахгүй байна. Миний хамгийн сүүлчийн дуу гэхэд “Ээжийнхээ ачийг яалаа даа” дуу бий Ш.Чимэдцэеэ дуулдаг юм. Харин радио, телевизээр бүтээлээ сонсож л суух болж дээ. Н.ЛХАГВАСҮРЭН | урлаг соёл |
Дорноговь аймгийн Хөгжимт драмын “Саран хөхөө” театраас ажлын гараагаа эхэлж Говьсүмбэр аймгийн “Боржигон” чуулгын хөгжмийн багш, удирдаачаар, аймгийн Хүүхдийн төлөө төвд хөгжимчин, хөгжмийн багш, тонмейстрээр ажиллаж байсан. Хөгжмийн зохиолчдын холбооны тэргүүн дээд шагналт, соёлын тэргүүний ажилтан, дууны уран бүтээл туурвидаг Дорноговь аймгийн томоохон уран бүтээлчдийн нэг, хөгжмийн зохиолч, Сайншанд сумын тавдугаар сургуулийн хөгжмийн багш Бадамсүрэнгийн Ганболдтой ярилцлаа. -Та Монголын сонгодог бүжгийн өлгий болсон Дорноговийн унаган хүү. Хоёулаа яриагаа дорноговьчуудын бүжгийн урлагийн бахархлаар эхэлвэл ямар вэ? -Үнэхээр дуу хуурын нутаг Дундговь, дуурсаад барахгүй бүжгийн орон Дорноговь минь юм шүү. Тэртээ 1968 онд би Дорноговь аймгийн Айраг суманд төрсөн. Уран бүтээлийн хүн болохоороо Сайншанд сумын тавдугаар сургуульд багшлахын хажуугаар аймгийн Хүүхдийн ордонд ажиллаж байна. Төрийн соёрхолт, ардын жүжигчин, зууны манлай бүжиг дэглээч Цэрэндолгорын Сэвжид, урлагийн гавьяат зүтгэлтэн, бүжиг дэглээч Л.Ухнаа нарын урлагийн бурхад болсон хүмүүсээрээ бахархдаг даа. Тэр дундаа Ухнаа гуай говь нутгийн өнгө аястай монгол бүжгийн олон бүтээл туурвисан. “Уулган шарын тэшээ”, ”Мөнгөн буйлын эзэд”, ”Монгол залуус”, ”Зуун хэнгэрэгтэн”, ”Баяд ойрдын таван цацал”, ”Баатрууд”, ”Охидын бүжиг”, “Эх үрс амгалан байг”, ”Талын бэлчээрт”, “Ботгочин” гээд л бүжгийнх нь бүтээлүүдийг тоолж барахын аргагүй. -Танай нутгаас олон сайхан алдартнууд төрсөн. Та сэтгэлд ойрхон явдаг хүмүүсийнхээ талаар ярих сонин ихтэй биз? -Нэгэнт бидний яриа урлагаар эхлэсэн болохоор юуны түрүүнд манай аймгийн сумын олонх нь өөрийн гэсэн бүжгийн хамтлагтай. Их хэтийнхэн сумаараа бүжиглэдэг. Одоо бид мянган хүүхдийн бүжгийн чуулга бүрдүүлэх их ажил эхлүүлээд байгаа. Тун удахгүй манай аймаг мянган хүүхдийн бүжгийн чуулгатай болно. Нэрт морин хуурч, соёлын тэргүүний ажилтан Ч.Банзрагч гуай гэхэд л “Алтан говийн унага” зохиолын уртын дуу зохиосон хүн дээ. Яахын аргагүй Монголдоо зохиолын уртын дууны анхдагч нь байгаа юм. Сүүлийн үед зохиолын уртын дууны төрлөөр уран бүтээлчид урын сангаа баяжуулах болсон. Манай ард түмний сэтгэлд мөнх настай үлдсэн “Ээжээ дурсана” дууны аяыг Дашдонойн Пунцагбал гуай Х,Хуушаан гэдэг хүний шүлгээр бүтээсэн. 1961 онд энэ дуу гарч, Сүхбаатарын талбай дээр дуучин Б.Зангад дуулж олон түмэнд зааж байсан түүхтэй юм билээ. Манай ард түмэн: Хөөрхөн борлог мориороо Хөндийгөө туулах бахтайсан Хөгшин буурал ээжийгээ Хүндлэн асрах сайхансан… гэж одоо ч дуулсаар байна. Энэ дуу гурван бадагтай байсан бол одоо дөрөв дэх бадгийг нь төрсөн нутгийнхан нь нэмж зохиогоод дуулдаг болсон. Их хэтийнхэн: Өндөр уулын оройгоор Үүрээ эрсэн шувуу шиг Өндийж бүүвэйлсэн ээжий минь Үргэлж хүүдээ дурсагдана.. гээд л сүрхий зохиосон байгаа юм шүү. Сайн дуу, сайхан аялгуу гэдэг үг нь ч, ая нь ч чихэнд үлддэг болохоор шинээр бадаг төрөхдөө амархнаас гадна үнэхээр урт настай гэдэг нь эндээс харагдаж байгаа юм даа. -Таны хоёр ч дуунд хөшөө босгосон гэсэн. Ингэхэд Ганболд гэж хөгжмийн зохиолч маань хаана сургууль дүүргэсэн хүн бэ. Урын сандаа хэчнээн дуутай болоод байгаа билээ? -Айраг сумын дунд сургууль төгсөөд Соёл гэгээрлийн дунд сургуульд орж, соёлын ажилтан мэргэжлээр төгссөн. Би уран бүтээлээ дан хөгжмийн, жүжгийн, бүжгийн, нийтийн болон эстрад, хошин дууны гэсэн төрлөөр нийтдээ 500 гаруй дуутай. “Зүүдийг минь жаргааж яваарай”, “Ижий тандаа мөргөмү”, “Учирлын нуур”, “Тэнгэрлэг заяа” зэрэг уран бүтээлийн цомог гаргаж, бие даасан тоглолт зургаан удаа хийсэн. Мөн “Эрх цэнхэр”, “Гэгээ цацалсан бага нас”, “Мөрөөдөл”, “Зүүдний зураг”, “Хулганатай зурагт”, “Бардам Батаа”, “Домогт цагаан хүлэг”, “Монгол цагдаа”, “Утас минь дуугараасай” зэрэг хүүхдийн дууны цомог гаргаснаас гадна “Элсэн нүүдлийн эгшиг”, “Дорнын цэнхэр говь”, “Миний Сайншанд” гээд нэлээд олон бүтээлийн ард гарлаа. Бүтээл эзнээ хүртэл алдаршуулдгийг ч харсан. Сайншандад зохиосон дуунуудаас маань “Миний Сайншанд”, “Элгэмсэг хот Сайншанд” гэдэг хоёр дуу хөшөөтэй болсон. Үүнийгээ том хувь заяа гэж боддог. -Сүүлийн үед хүүхдийн дуу түлхүү хийж байгаа бололтой. Хүүхдийн дууны ая хийхэд хөгжилтэй явдлууд олон тохиолдсон байх даа? -Манай аймагт хүүхдийн зохиол бичдэг хүн ховор. Яруу найрагчид маань хүүхдийн дууны шүлэг гэхээр хэцүү, бэрх авьяас хүрэхгүй гэнэ. Үнэхээр ч хүүхдийн зохиолч гэж заяаны төрмөл авьяастай хүмүүс байдаг юм гэдгийг тэдний ярианаас мэдэж авсан. Нэг удаа хүүхдийн дууны хуурцаг гаргах юм боллоо. Ууганбаяр гэдэг шавьд маань шинээр дуулах дуу хэрэгтэй болоод үгийг нь бичээд өгөх хүн олдсонгүй. Эрэгтэй хүүхэд цэцэг навч, эрвээхэй гээд дуулалтай биш. Тэгээд л “Өвөөгийн гутал” гээд шүлгээ өөрөө зохиосон доо. Хүүхдийн дууны эрэл хайгуул хийж яваад өөрөө хүүхдийн уран бүтээл рүү орсон. Хоёр дахь дуугаа хийх боллоо. Тэгэхэд манай хүү таван настай байсан. Тэр гадаа тоглосоор байгаад гар нь сайртчихсан байхын хараад: Билгүүн хүүгийн бээлийтэй гар Бэрзээнттэй адил бэржгэр гар Өглөө угааж өчнөөн тословч Өнгө ордоггүй өөдгүй гар… гээд “Бээлийтэй гар” дуугаа зохиосон. Тэр үеэ бодвол одоо олон хүнтэй хамтын сайхан бүтээлүүдээ хийх болж. -Хүүхдийн дуу чинь шог хошин аястай юм байна. Шог хошин дуугаар гаршсан хөгжмийн зохиолч С.Мааяа гуайгаас хойш тасраад удаж байх шиг санагдах юм. Та шог дуу олныг хийж байна уу? -Шог дуу надад олон байгаа. “Хурган дарга”, “Ховын дуу”, “Мантуу”, “Сахал” гээд бий бий. Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, ард түмний гавьяат Л.Содномдоржтой Түмпэнтэй махыг дор нь пялдаг Тарваганы боодгийг усаар даруулдаг.. гэж хит болсон “Монгол ходоод” дуунаас аваад олон дуу бий. Яруу найрагч М.Чулуунтай “Спиртийн наймаа” нэртэй дуу ч бас хийсэн. Яагаад ийм дуунууд хийх болсон юм бэ гэвэл манай “Саран хөхөө” театрын дэргэд жааз драм гэдэг анги байгуулагдаад шинэ уран бүтээл хийх шаардлага гарч хошин төрлөөр Г.Батбаяр, Д.Батбаяр, Оюунчимэг, Бадамдэжид, Өлзийсайхан, Ундармаа нарын жүжигчид ёстой галтай, цогтой тоглож байсан үе. “Спиртийн наймаа” дуугаа магнитфоны хальсанд бичих болов. Г.Батбаяр хэмжээ муутай, би урдаас нь дохино, нөгөө Батбаяр араас нь хэмжээ өгч мөрөн дээр нь цохино. Тэгээд Батбаярынхаа мөрөн дээр “Дам, дам” гэж цохисоор байтал хөдөлж чадахгүй уйлах инээхийн хооронд болчихсон байсан даа. -Хөгжимд татагдсан сэтгэлээ хүүхдийн дууны уран бүтээлд уралдуулж яваа хөгжмийн багш маань “Яван чангарна” гэсэн утгатай дууны студиэ байгуулжээ? -Аяараа чанга гэсэн хөгжмийн хэллэгтэй “Сreshendo” студиэ байгуулаад гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Ажлынхаа зав чөлөөгөөр дуулж бүжиглэдэг авьяаслаг хүүхдүүдээ тойруулаад өдөр өнгөрснийг ч анзаардаггүй юм. Хүүхэдтэй ажиллах амаргүй. Цэцэрлэгийн насныханд дууны үгийг мөр мөрөөр нь заана. Ер нь гуравдугаар ангиас дээш насны хүүхдүүдтэй уран бүтээл хийхэд илүү тохиромжтой. Дууны уралдаан болоход ажил ундарна. Манай эх, эцэг дууны уралдаан болоход С.Жавхлан дуулсан дуу л гоё дуу гэж ойлгодог. Ингэж л өөрийн хоолойных нь цар хүрээнд тохирохгүй дуу сонгож авдгаас хүүхдийн хоолойны өнгө багаасаа эвдэрдэг. Бид хүүхдийн дуулах авьяас хоолойны өнгийг өөрийнхөөр нь байлгамаар санагддаг юм. -Орон нутагт хүүхдийн болон нийтийн дууны уран бүтээл хийж ажиллаж хөдөлмөрлөж яваа олон сайхан залуусын сураг сонсогдох боллоо. Баянхонгорт Г.Жанцансамбуу, Хөвсгөлд Б.Даваадорж, Дорноговьд Д.Ганболд, Эрдэнэтэд У.Нармандах, Дорнодод М.Ганболд гээд л нэрлэх байх. Ер нь хөдөө орон нутагт дууны уралдаан тэмцээн хэр зохиогдож байна даа? -Манай аймагт жил болгон хүүхдийн “Яргуй” урлагийн наадам уламжлал болон явагддаг болсон. Нутгийн зохиолчдын уран бүтээлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Дагаад дуулаарай” наадмыг ч амжилттай зохион байгуулсан. Ч.Дэнсмаа даргатай Хүүхдийн ордон 2006 онд байгуулагдснаас хойш хүүхдийн болон нийтийн дуу, бүжгийн олон уралдаан тэмцээн зохион байгуулж, урлагийн авьяастай хүүхэд залуучуудыг дэмжиж, орон нутагт хөгжмийн боловсролыг шат дараатай явуулж, ардын дуу, бүжгийг хөгжүүлэх олон талын ажлыг хийж байна. -Багш хүн шавиараа бахархах сайхан. Таны анхны шавь нар хаана ямар ажил төрөл эрхэлж яваа бол? -“Яргуй” наадмаас олон авьяастан төрөн гарснаас Шатарын Өлзийбаяр хөгжмийн зохиолч, Готовцэрэнгийн Батхуяг Дарханы залуучуудын театрын дарга, Тунгалагмөрөн бүжигчин, Халтарын Ганболд дуучин болчихсон. Шавь нар маань сайн яваа. Г.ГАНБОЛД | урлаг соёл |
Найруулагч Б.Бадар-Ууган агсны хүү хөгжмийн зохиолч, продюссер Б.Наранзунтай амьдрал, уран бүтээлийнх нь талаар ярилцлаа. -Юуны өмнө шинэ оны мэнд хүргэе. Шинэ оноо сайхан угтсан уу? -Баярлалаа. Хүйтний харшилтай болохоор гадуур удаан явж чаддаггүй, тэгээд гэртээ шинэ оноо угтсан. -2012 он хэр үр бүтээлтэй жил байв, таны хувьд? -Хүмүүс ер нь шинэ оныг тэсэн ядан хүлээж, угтдаг. Миний хувьд хуучин ондоо талархах хэрэгтэй юм шиг санагддаг. Өнгөрсөн оноо эргээд харахад амьдралын хамгийн сайхан дурсамжууд өнгөрсөн байдаг шүү дээ. Хань ижил, ойр дотны хүнээсээ хагацсан зарим хүний хувьд тийм биш байж болно. Гэхдээ цаг хугацаа бүхэнд хүмүүс амьдралдаа ямар нэг зүйлийг амжилттай даван туулсан байдаг. Тэр утгаараа 2012 он миний хувьд маш сайхан жил болж өнгөрлөө. -Тэгвэл өнгөрсөн онд хамгийн том хийсэн зүйл тань юу вэ? -Мэдээж байлгүй яах вэ. Төрийн албанд ажиллаж байхдаа хийсэн ажил олон бий. Хамгийн сүүлд динозаврын ястай ноцолдох шив дээ. Манай улсаас хууль бусаар гаргасан “Батаар”-ыг эргүүлэн авчрахад амжилттай ажилласан. Сүүлийн мэдээг сонсоод байх нээ манайх гэдэг нь батлагдсан байна лээ. Бас нэг сайхан мэдээ гэвэл “Батаар”-ын асуудлын ачаар археологийн олон өв хууль бусаар хил гарсан нь илэрч байгаа юм билээ. Энэ утгаараа зөвхөн Монголынхоо гэлтгүй дэлхийн дахинд соёлын өвийг хууль бусаар наймаалцах асуудлыг таслан зогсооход манай “Батаар”-ын асуудал нэлээдгүй эерэг өөрчлөлт авчирсан байх. Өнгөрсөн онд хийсэн томоохон өөр ажил гэвэл соёл урлагийн салбарт өрнөсөн. Өнгөрсөн сард гэхэд ОХУ-ын шилдэг балетчид манайд ирсэн. Энэхүү сонгодог тоглолтыг ард түмэнд үзүүлэх ёстой байсан ч ихэвчлэн дарга нар үзсэн тал бий. Энэ тал дээр бага зэрэг шүүмжлэлтэй байгаа даа. -Та төрийн албанаас яагаад чөлөөлөгдчихөв. Ажлынхаа үр дүнг үзэхгүй байсан юм уу? -Гурван жил БСШУ-ны яаманд ажилласан. Аав маань соёл урлагийн салбарт хүчин зүтгэж байсан гэдгийг надаар хэлүүлэлтгүй хүмүүс мэдэх биз. Энэ утгаараа надад аавынхаа адил соёл урлагийн салбартаа хүчин зүтгэх нь сайхан байсан. Засгийн газраас ажиллаач ээ гэдэг санал тавихад бага зэрэг санаа зовсон хэдий ч бэлэгшээгээд ажиллахаар шийдсэн. Би чөлөөт ертөнцийн хүн. Төрийн алба цаг нартай уралддаг, их хүнд гэдгийг мэдэж байсан ч өөрийн мэдлэг боловсрол, хүч чадлаа зориулахаар орсон. Эхний жил олон шүүмжлэлтэй тулгарсан. Гурван жилийн хугацаанд ажиллахдаа өөрийгөө нэлээд үр бүтээлтэй ажилласан гэж дүгнэж байгаа. Бусад хүмүүс юу гэж бодож байгаа нь хамаагүй. Төрийн албанд ажилласнаараа олон найз нөхөдтэй болж, аливаа асуудлыг харах, хүлээж авах үзэл маань ч өөрчлөгдсөн. Төрийн ажил хийх нь хүнийг их хүмүүжилтэй болгодог юм байна. Өмнө нь энэ албыг мэдэхгүй байж их шүүмжлэх дуртай хүний нэг би байсан. Харин дотор нь орж ажилласнаараа олон зүйл сурч, эх орноо хайрлах үнэ цэнийг өөртөө гүн суулгасан. Мөн хүнд захирагдаж, захирч сурсан. Хүнд захирагдаж сурна гэдэг маш чухал юм шүү. Тэр утгаараа надад их сайхан байсан. Бүтцийн өөрчлөлтөөр миний ажиллаж байсан газар татан буугдсан. Төрийн албаны ажилтанд ямар нэг цензур шалгуур өндөр тавигдах ёстой. Гэтэл одоо ямар ч шалгуургүй болчихсон юм шиг санагддаг. Би чөлөөлөгдсөн нь уран бүтээлээ чөлөөтэй хийхийг хүссэнтэй холбоотой. Төрд ажиллаж байхдаа Соёлын яамтай болгохыг хүсч байсан. Энэ талаар Засгийн газарт олон удаа санал тавьж байлаа. Яагаад гэвэл соёл урлаг өөрөө асар өргөн хүрээтэй салбар. Одоо харин Соёлын яамтай болчихлоо. -Соёлын хосгүй үнэт өв их алдагдаж байна. Байсхийгээд ийм өв алдагджээ гээд хэвлэлээр гараад ирдэг. Үүнийг таслан зогсоохын тулд хэрхэн жиллаж байв. Сэтгэл эмзэглэдэг байв уу? -Мэдээж соёлын өвөө устгана гэдэг хамгийн эмзэглэх асуудал. Манайд нийтээрээ хамгаалдаггүй, хувь хүмүүс ч хамгаалдаггүй, зөнд нь хаягдчихсан олон өв, соёл байдаг. Тиймээс өв, соёлын өмчлөлийн асуудлыг сайтар харах шаардлагатай болсон. Мөн зохиогчийн эрхийн асуудлыг хурц тавих ёстой. Тухайлбал, яагаад нийтийн эзэмшлийн зам, талбай үргэлж эвдэрч байдаг юм бэ. Гэтэл хувийн эзэмшлийн зам шинээрээ шахуу, хажуугаар нь цэцэг ногоо тарьчихсан байдаг. Энэ бол гол нь өмчлөл нь зөв байгаад л байгаа юм шүү дээ. Хүн мэдээж өөрийнхөө юманд ариг гамтай хандана. Цаана нь хариуцах эзэн байна гэсэн үг. Нөгөөтэйгүүр аливаа асуудлыг хааж нуух их буруу. Засан залруулахын тулд ард иргэдэд харуулж, таниулах хэрэгтэй. Ялангуяа соёлын өвийн асуудал дээр. Биет бус өвийг өөрийн бүтээл мөн гэдгийг олны өмнө байнга батлах хэрэгтэй. -Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад нэлээд хэдэн сар өнгөрлөө. Таны бодлоор “Шинэчлэл” гэдэг үгийг ямар утгаар нь хүлээж авч байна? -Шинэчлэл гэдэг миний бодлоор энэ одоо хэрэггүй, хуучирсан гээд ашиглаж байсан компьютерээ цонхоор гаргаж хаячихаад, оронд нь шинийг авна гэсэн үг биш. Харин тухайн компьютер дотор байгаа зүйлийг сэргээх, нэмэлт программ суулгах, өөрчлөх гэж ойлгож байгаа. Компьютерээр ярих юм бол “update”хийх гэж ойлгож болно. Түүнээс биш үндсэн үйл ажиллагааг өөрчлөх гэсэн үг биш. -Эргээд уран бүтээлдээ орох гэж байгаа юм байна. Шинээр ямар уран бүтээл хийж байна? -Төлөвлөсөн ажил олон бий. Хэсэг хугацаанд уран бүтээл хийсэнгүй. Төрийн алба хашиж байхад “шанага барих” ч зав гардаггүй гэж ярьдаг үнэн санагдсан. Уран бүтээлдээ энэ сараас эхэлж орж байна. Төрийн албанд орохоосоо өмнө хэд хэдэн хүнд дуу хийж өгнө гээд мөнгийг нь аваад идчихсэн байсан. Ажлын хажуугаар хийчихье гэж бодсон ч үнэхээр амжаагүй. Одоо өрөө дарна даа. Тэр хүмүүст тэвчээртэй хүлээсэнд баярлалаа гэж хэлье. -Рок попын ертөнцөд залуу уран бүтээлчид олон боллоо. Чанар болон мэргэжлийн хувьд хэр байдаг юм бол? -Буруу юм байхгүй гэж бодож байна. Уран бүтээл хийж байгаа залуус хулгай хийгээгүй, худлаа яриагүй тохиолдолд яагаад дуу хөгжим оролдоод явж болохгүй гэж. Энэ чөлөөт нийгэмд өөрөө юу хийх нь өөрсдийнх нь дур. -Техник их хөгжсөн болоод ч тэр үү, дуундаа эффэкт оруулж үндсэн хоолойгоо гаргахгүй байгаа. Мөн амьдаар дуулах нь хүртэл ховордчихлоо? -Энэ олон уран бүтээлчдээс сайн уран бүтээл хийж байгаа нь өөрөө аяндаа ялгараад гарчихна. Угаасаа энэ салбарт сайн явж байгаа нь бүгд мэргэжлийнх байдаг. Надад манай уран бүтээлчид зах зээлийнхээ судалгаагаа зөв гаргах л хамгийн чухал юм шиг санагддаг. Сонсох хүрээлэл нь хэр байна, тоглолт үзэх боломжтой хүн хэд байгаа билээ гээд олон зүйлийг судлах хэрэгтэй. Үүнийг зөв гаргачих юм бол чанарын хязгаарлалт хийж болно. Одоогоор манайхан зах зээлийн судалгаагаа ойлгож амжаагүй болохоор дуртай болгон нь уран бүтээл хийгээд байгаа гэж би ойлгодог. Манайд 20, 200, 2000 дуучин хэрэгтэй юм уу. -Шоу нэвтрүүлгийг юу гэж бодож байна. Тухайлбал Universe best songs, Making the band, Monster гэдэг ч юмуу. Энэ тал дээр? -Аливаа уралдаан тэмцээн юмыг их хөгжүүлдэг. Олон дундаас онцгойг нь шалгаруулж гаргаж байгаа гэдэг утгаараа ч тэр шоу нэвтрүүлгүүд чухал. Харин тухайн уралдаанд тэргүүлсэн бол тэр хүмүүс цаашдаа яах нь өөрсдийнх нь дур. Мэргэжлийн хүмүүс шүүгээд, шалгаруулаад гаргачихсан байна гэдэг нь л хамгийн чухал. -Гадаад дууны аяыг бага зэрэг өөрчлөөд өөрийн бүтээл болгодог тохиолдол манайд цөөнгүй гардаг. Энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ. Танд тэгж санаа авсан тохиолдол бий юу? -Энэ бол өөрийгөө хуурч байгаа хэрэг. Мэдээллийн эрин зуунд хэн ч, хаанаас ч хэрвээ ийм юм хийсэн бол мэдчихэж болно. Хулгай хийсэн хүн насаараа хулгайч нэр зүүдэг. Засарсан ч хулгай хийж байсан даа гэдэг нэр арилахгүй. Би ийм зүйлээс их айдаг. Гэхдээ зарим аялгуу төстэй болох тал байдаг. Долоохон нот дотор төстэй болох тохиолдол олон гардаг. Тухайлбал хуучин “Хар чоно” гэж хамтлаг байсан. Энэ хамтлагийн Отгоо ах нэг ая зохиож байгаад дуусгаагүй орхичихсон гэнэ лээ. Гэтэл дараахан нь попын хаан Michael Jackson-ны дуулсан “We are the world”гэдэг дууны аятай маш адилхан болчихсон байсан гэж Отгоо ах ярьсан. -Ямар дуу нь байсан юм бол? -Одоо санахгүй байна. Гэхдээ тэр дуугаа олонд хүргээгүй гэсэн. Michael Jackson-ны “We are the world” гарахаас хэдэн жилийн өмнө хашир тэр дуугаа хийчихсэн байж л дээ. Тэглээ гээд энэ миний зохиосон ая гээд Michael Jackson-той заргалдахгүй биз дээ. Ерөнхийдөө ая зарим талаараа давтагдах тохиолдол гарахгүй гэх баталгаа байхгүй. Гэхдээ дууны бадаг, дахилт гээд бүхлээрээ адилхан байна гэж хэзээ ч байхгүй. Энэ ая, дуу хулгайлах гэдэг асуудлаас болоод жинхэнэ уран бүтээлчид байнга хардлагад өртдөг. Миний хэлэх дуртай үг байдаг юм. Би хийсэн зүйлийнхээ хариуцлагыг хүлээнэ, хийгээгүй зүйлийн хариуцлагыг хүлээхгүй. -Таны аав Б.Бадар-Ууган агсны төрсөн өдөр хэдхэн хоногийн өмнө тохиосон. Аав, хүү хоёрын сайхан дурсамжаас сонсьё гэж бодлоо? -Аавтайгаа хамт өнгөрүүлсэн цаг хугацаа маш бага. Яагаад гэвэл намайг төрөхөд аав, ээж хоёр оюутан байсан юм. Намайг өвөө, эмээ дээр үлдээгээд сургууль руугаа явцгаачихсан. Тийм болохоор аавынхаа сургаалиар гэхээсээ илүүтэй өвөөгийнхөө үгээр хүн болсон хүн дээ, би. Миний өвөө Ж.Бадрааг ааваас минь дутахгүй хүмүүс сайн мэдэх байх. Багаасаа өвөө эмээ дээрээ өссөн болоод ч тэр үү тэр хоёрынхоо гараас холдохыг хүсдэггүй байсан. Нас биед хүрээд яг амьдралыг харах үзэл бодлоо хуваалцая гэх тэр үед аав минь намайг орхиод бурхны оронд одсон. Миний хувьд маш их харамсалтай хувь тавилан байсан. -Өвөөгөөсөө юу сурав, өвөөгийн сургааль юу байв? -Их олон зүйл сурсан. Морин хуур, төгөлдөр хуур сурсан. Өвөө минь бас намайг урлаг судлаач бол гэсээр байгаад болгосон. Ерөнхийдөө уламжлал, өв соёлтой холбоотой өвөөгөөсөө сурсан зүйл их бий. Өвөөгөөсөө хамгийн гол нь ном уншихыг сурсан даа. Орчин үеийн урлаг болон аавтай холбоотой зүйл их заалгаагүй ээ. Өвөө, аавынхаа нэрийг авч явдаг айлын том хүү болохоор хүмүүс намайг их хардаг юм шиг санагддаг. Бадраагийн ач, Бадар-Ууганы хүү гээд л надад их хариуцлага ногддог. Их сайн хүү байхгүй бол болохгүй. -Таныг аавынхаа талаар дурсамжийн ном гаргахаар бэлтгэж байгаа гэж сонсож байсан, гаргасан уу? -Яг сарын өмнө “Ууган” гэдэг ном гарсан байгаа. Энэ номны агуулга нь миний аавын талаарх дурсамж яриа юм. Аавыг маань хүндэлдэг найзууд нь, багш нар, танилуудынх нь дурсамж яриануудыг багцалсан ном болсон. Мөн сэтгүүлч Г.Золжаргал ах маань тусгайлан аавын минь талаар бас нэг ном гаргасан байгаа. -Нэрнийхээ утгыг тайлбарлахгүй юу. Их ховор нэр байх? -Манай өвөөгийн өгсөн нэр. Энэтхэгийн их эрдэмтэн, филиософич Нагаржунай гэж хүн байдаг. Надад эхлээд шууд Нагаржунай гэж нэр өгөх гэж байгаад болиод Наранзун болгосон гэсэн. Бага байхдаа нэрнээсээ их ичдэг байсан. Том болоод “Наранзун өвөө” гэж дуудуулна гэхээр онигоотой санагддаг байж. Одоо бол харин ч их бахархдаг. Нөгөө талаар их хариуцлагатай нэр. Буруу юм хийвэл шууд Наранзун гээд баригдчихна. Нараа, Сараа, Баяраа шиг элбэг нэр биш шүү дээ. -Уран бүтээлээ тоолж үзсэн үү. Хэд орчим байгаа бол? -Үзсэн. Хамгийн сүүлд 226 дуутай болчихсон байсан. Түүнээс хойш 20-иод дуу хийсэн гэхээр 240 гаруй уран бүтээл бий гэсэн үг. -Таны хообий? -Усанд сэлэх. “Живдэг” хочтой доо. Яг жинхэнэ хообий гэвэл аялах дуртай. Хөдөө гадаа явж, газар үзэх их сайхан байдаг. Мөн хоол хийх хообийтой. Гэртээ байнга өөрөө хоолоо хийхийг хичээдэг. Заримдаа шинэ хоол зохиож, зочин урих дуртай. Ирсэн зочид хоол идээд дууссаных нь дараа царайны хувирлыг нь их аждаг. Царайнаасаа сайхан хоол идсэн шинж харагдаж байвал, тавганд юм үлдээхгүй бол их кайф авдаг шүү. -Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ? -Өө, зөндөө л ном уншиж байна. Дэйл Карнегийн илтгэх урлагийн тухай ном уншсан. “Чонон сүлд”-ийг уншихад надад их таалагдсан. Нүүдэлчин хүмүүс ямар зоригтой юм бэ гэж тэр номыг уншаад их бахархсан шүү. Ялангуяа эмэгтэй хүнийг ямар хүчирхэг, ихэмсэг гэдгийг тэр номд гайхалтай дүрсэлсэн байдаг. -Гэр бүлтэй болоо юу? -Одоо нэг хүнтэй учирсан байгаа. Хувьсгалын ажил гэсээр байтал хувийн амьдралаа нэлээдгүй хойш тавьсан байна. Одооноос ажил амьдралаа хослуулна даа. -Та ямар дуу сонсох дуртай вэ. Өөрөө дуулсан дуу хэд бий бол? -Этник дуу сонсох сайхан санагддаг. “Арга билэг”, “Никитон” хамтлаг их зүгээр. Сайн дуулж чадахгүй л дээ. Хэрвээ дуулвал сэтгэлээрээ дуулах хүнд их хүрдэг юм билээ. Оюутан байхдаа “Мишээл” хамтлагт дуулдаг байсан. Сая аавын нэг дууг сэргээж дуулсан. Хэд хэдэн дуулсан дуу бий. Ч.СУВДАА Зохиогчийн эрх: "ӨДРИЙН ШУУДАН" сонин | урлаг соёл |
М.Цэдэндоржийн болон Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч Мөнхөөгийн Билэгсайханыг танихгүй хүн бараг байхгүй байх. Энэ удаагийн ярилцлагынхаа гэгээн хойморт түүнийг урьсан юм. 1990-ээд оны дунд үеэс урт үс, монгол дээлээр гангарсан энэ хүн “Болор цом” наадмын тайзыг чимэх болж, үзэгчдийн хүлээдэг найрагч болсон билээ. Анх 1995 онд “Болор цом”-д улс төрийн өнгө аястай шүлэг бичиж олныг шуугиулж байсан тэрээр “Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг”, “Олон булгийн намар”, “Хар азаргын нуруу”, “Гэгээн Монгол” зэрэг шүлгээрээ уншигч, сонсогч олны талархлыг хүлээж, “Болор цом” наадамд зургаан удаа шөвгөрсөн юм. Түүнтэй хамт гудамжаар алхах, орон нутагт тоглолтоор явахад тэр ард түмний хайртай найрагч гэдэг нь мэдрэгддэг. Тэрээр эхнэр, охин, хүүгийнхээ хамт эгэл даруухан амьдарч, уран бүтээлээ туурвиж явна. -Шинэ оны эхэнд уулзаж байгаадаа баяртай байна. Таны хувьд 2012 он уран бүтээлийн арвин ургацтай байсан биз дээ? -Юуны өмнө шинэ оны мэнд хүргэе. 2012 оны хамгийн анхны ном болгож “Амьдралын хүрд” нэртэй шүлгийн түүврээ өлгийдөн авсан. Мөн “UB palace”-т өнгөрсөн гуравдугаар сард “Гэгээн Монголын эрчүүдээ өмөөрнө” нэртэй уран бүтээлийн тайлан тоглолтоо хийлээ. Энэ тоглолтоо төрөлх нутаг Говь-Алтай аймагтаа ч тоглосон. Цаашид ард түмэнтэйгээ уулзаж, ойр байсан энэ өдрөө уламжлал болгоод, болж өгвөл яг тэр өдрөө уран бүтээлээ тайлагнаж байхаар төлөвлөж байна даа. -Та ингэхэд зөвхөн яруу найргаа л дагнан бичээд байна уу? -Ер нь би боддог юм, утга зохиолын бүхий л төрлөөр бичнэ гэж. Гэхдээ уран бүтээл бодсоноор бус онгодоор төрөх нь элбэг шүү дээ. Чи ч мэдэж байгаа даа намайг, саяхныг хүртэл яруу найргаа л бичсэн. Яруу найраг бол маш эрчимлэг сайхан зүйл. Тэгээд ч утга зохиолын бүх төрлийг багтааж чаддагаараа гайхалтай. Яруу найргийн гол онцлог нь энэ юм. Харин өнгөрсөн жилээс нэлээд томоохон үргэлжилсэн үгийн зохиол барьж аваад нухаж л байна. Яруу найраг онгодоор төрдөг бол хүүрнэл зохиол их төлөвлөгөө, уншсан мэдсэн, бодсон санасанаа хамгийн оновчтой гаргахын тулд их эрэл хайгуул шаарддаг юм билээ. Яруу найрагч гэдэг бол мэргэжил биш. Харин мэргэшиж болно. Зохиолч гэдэг ном журмынх нь дагуу сургууль соёлыг нь төгсч байж эзэмшдэг мэргэжил юм. -Уран бүтээлч хүний хувьд залуу үеэ хэр уншиж байна. Тэдний алдаа оноо нь юунд байна вэ? -Сайн шүлэг л урт настай байдаг. Уран бүтээл мөнх зүйл юм. Шүлэг бичдэггүй залуу нас гэж байдаггүй юм шүү дээ. Харин шүдэнз зурах шиг асаад унтардаг залуус олон байна. Тэгээд ч тэд маань амьдралаас тасраад хэт их хийсвэрлээд байна уу даа гэж боддог юм. Тиймдээ ч сайхан монгол шүлэг алга болоод л байна. Уншигчийн хувьд, уран бүтээлчийн хувьд үүнд их харамсдаг. Намайг шүүмжилж байна гэж бодвол ч бодог. Өнөөдөр манайд мэргэжлийн шүүмж судлаач хуруу даран цөөхөн байна. Тийм болохоор хэн дуртай нь яруу найраг, зохиол бичээд байгаа юм. Дээрээс нь одооны залуучууд цаг үеэ дагаад уншихаасаа харах нь их болж. Бидний үеийнхэн бол жинхэнэ барьж уншдаг байлаа. Тиймээс ч бидний дээд үеийн уран бүтээлчдийн болоод бидний уран бүтээл урт настай байдаг байх л даа. -Танд МЗЭ-ийн шагналыг өнгөрсөн зун олгосон. Яагаад ингэтлээ оройтсон юм бол? -Ёстой нөгөө “тааж мэддэг таван хаан” би биш болохоор сайн мэдэхгүй. Гэхдээ шагнал гэж нэгэнт ярьсан дээрээ чамд өөрийн бодлоо хэлчих үү. -Тэр бололгүй яахав. -Сүүлийн үед хүмүүс шагналын хур буулаа гээд нэлээд дургүй байх болж. Миний хувьд бол өгч л байг гэж боддог. Хүмүүс хийгээд л байдаг, зүтгээд л байдаг. Тэгж, тэгж мушгиж шахаад ч юм гарахаа байсан үед нь нэг юм энгэрийг нь мялаадаг. Эсвэл баруун солгойгүй хэн дуртай нэгэнд нь шагналыг өгчихөөд байгаа юм. Харин өнгөрсөн жилийн шагналуудаас хамгийн нүдээ олсон нь манай Бавуу/Ц.Бавуудорж/-д өгсөн шагнал байлаа. Хүмүүст яг л ийм ид хийж, бүтээж яваа насан дээр нь авах ёстойг нь өгч урам хайрлаж байх ёстой. Цол дагаж бяр гэдэг шиг шагналыг дагаад хийж бүтээх урам, хүсэл, давхар хариуцлага ирдэг юм. -“Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг” таныг олон түмэнд их танил болгосон болов уу гэж санадаг. Та өөрөө энэ шүлгийнхээ талаар ямар бодолтой явдаг вэ? -Би ер нь энэ минь сайн, тэр минь муу гэж боддоггүй. Адилхан л миний оюунаас унасан үр минь шүү дээ. Надад “Хар азаргын нуруу”, “Олон булгийн намар”, “Гэгээн Монгол” за тэгээд “Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг” гээд намайг олон түмэнд таниулсан, миний ертөнцийг илэрхийлсэн сайхан шүлгүүд олон бий. Би ч олныхоо өмнө уншихдаа дуртай явдаг юм. “Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг”-ээ би сайн шүлэг гэхгүй. Үүнд мундаг ур, гоё санаа байхгүй, цэвэр ахуйн шүлэг. Тэрнээс биш “жинхэнэ” шүлэг биш л дээ. Амьдралын цэвэр үнэн болоод л хүмүүст их хүрсэн байх. Энэ шүлгийг бичихдээ ч өөрийн амьдралаасаа л мэдэрсэнээ буулгасан. Би тэр үед МҮОНРадиод “Нэрийн хуудас” гэж нэвтрүүлэг хийдэг байлаа. Нэг удаа энэ нэвтрүүлгийн маань шагнал гэж нилээдгүй мөнгө буусан юм. Тэгээд ч миний цалин бол эхнэрийн түрийвчинд, шагнал бол миний халаасанд ордог байлаа. Тэр өдөр шагналаараа найзынхаа төрсөн өдрийг тэмдэглээд нилээд муудаж харьсан. Харин маргааш нь миний халаасандаа үлдээсэн мөнгө байдаггүй. Тэгсэн охин маань “Өглөө ээж таны халаасыг уудлаад том том мөнгө аваад байсан” гэдэг юм байна. Тэгээд л Хааяа нэг халамцуухан ирэхэд нь Хараалын үг урсгаж, халаасыг нь бүү хоосло” гэсэн мөр ороод ирсэн. -Миний мэдэхийн та нэлээд “балгадаг” байсан. Харин ойрноос огт уухаа больсон гэж сонслоо? -Найз нөхөд, уран бүтээлийнхээ андуудтай хүртэх үе байлгүй яахав. Тэгээд ч сархад гэдэг чинь тааруулж хүртвэл идээний дээж шүү дээ. Харин тааруулах эсэх нь тухайн хүний оюунаас их хамаарна. Ер нь гэнэ гэнэхэн найзуудаараа дамжлуулаад гэртээ орох ч сайхан л байдаг юм /инээв/. Уухгүй байгаагийн хувьд бол огт амсахгүй байгаа. Огт гарчихсан юм биш л дээ. Хүүхдүүд томроод би архи ууж явдаг арга алга /инээв/. -Таны гарын булчин дээр янзаганы доор латинаар Отгон гээд биччихсэн шивээс байх юм. Энэ их эртний дурьтгал байлгүй? -1985 онд цэрэгт байхдаа л хийлгэсэн юм. Тэр үед цэргүүд их шивээс хийлгэдэг, латин хэл ч моданд орж байлаа. Тэгэхэд би эхнэрээ хайрлахаас цаашгүй. Хааяа захиа л бичнэ. Тэгж байхдаа л гурван зүү холбож, лааны дөлөнд барьж байгаад шивүүлчихсэн. Одоо харин хүүхдүүд “Аав наадахаа арилга” л гэдэг юм. Би арилгахгүй гэж боддог. Ямар Отгон гэж бичихээд хэн нэгэн Дулмааг аваад суучихсан биш. Би чинь ангийнхаа охины дүүг аваад суучихсан юм шүү дээ. Харин нээгээд ярихад одооны залуус маань амьдралын ханиа сонгохдоо жаахан сэтгэлгүй хандаж байна. Худлаа хэлэхэд өглөө танилцаад, өдөр нь болзож, орой нь нэг оронд ороод л маргааш нь гэрлэж байна. Ингэж биенээ сайн таниагүй байж гэрлэх нь гэр бүл салалт, хүүхэд өнчрөх гэх мэт сөрөг үр нөлөөтэй шүү дээ. Гэр бүл бат бөх байж улс гүрний аюулгүй байдал хангагддаг гэж би боддог юм. -Маргааш /өнөөдөр/ орой “Болор цом” наадам болох гэж байна. Тиймээс хоёулаа яриагаа цом руу хандуулах уу? -Тэгье. “Болор цом” маань энэ жил гучин нас хүрч байна. Сайхан л даа. Би ер нь цомыг уралдаан, тэмцээн гэхээсээ илүү баяр гэж хүлээж авч, тэгж оролцдог. Яруу найрагч, уран бүтээлч хүмүүс чинь бусад шиг өглөө оройгүй уулзалдаад байдаг хүмүүс биш шүү дээ. Тиймээс биднийг жилдээ нэг сайхан уулзуулж, шинэ ном гардаж, шүлэг сонсч нэгэн оройг хамт өнгөрөөх боломж олгодог их сайхан баяр. Тэгээд ч биднийг ард түмэнтэй минь, уншигч олонтой хамгийн ойрхон байлгадаг зүйл бол цом юм. Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгаар зохиогдоод сайхан байсан. Тиймдээ ч одоо “Болор цом” маань эрийн дөрөв дэх наадам шахуу болсон /инээв/. Ер нь цом болоод өнгөрөхөөр сайн муугаар ярьцгаадаг л юм. Гэхдээ жил, жилийн наадам сайхан л болж өнгөрдөг. Энэ жил ч гэсэн сайхан болж, яруу найрагчид маань сонсогчидтойгоо хамт яруу найргийн бороонд норсон сайхан үдэш байна гэдэгт итгэлтэй байна. -Сүүлийн үед хүмүүс цомыг буруу хүн авлаа, луйвар орлоо гээд л их ярих болж? -Харин тийм ээ. Гэхдээ шүлгийг шүүнэ гэдэг хэцүү л дээ. Бараг боломжгүй зүйл байдаг. “Болор цом” бол ард түмний наадам. Тиймдээ ч ард түмний алга ташилт бол хамгийн зөв шүүгч байдаг. Тэгэхээр дүнг нь гаргахдаа үзэгчдийнхээ алга ташилт, санаа бодлыг тусгадаг болчихвол энэ мэтийн явган салхи шиг үг гарахгүй л дээ. Тэгээд ч үзэгчдийнхээ алга ташилтыг хүлээж авахгүй бол тэднийг мөнгө төлүүлж оруулах ямар хэрэг байгаа юм. Тийм биз дээ. -Алга ташилтыг хүлээж авсан бол та бүх үзэгчдийг босгож, алга ташуулж байсан тэр үеүдэд цомыг аль эрт өргөх байсан байх даа? /Инээв/. Бөх хүн уная гэж барилддаггүйтэй адил цомд тэнцсэн гуч гаруй яруу найрагчид “За даа миний энэ ч” гэсэн шүлгээ л уншдаг шүү дээ. Харин түрүүлэх байсан эсэх бол мэргэн шүүгчдийн маань л таалал мэдэх хэрэг. Надад бол удаан уулзаагүй нөхөдтэйгөө уулзаж, тайзнаас шүлгээ унших л сайхан байдаг. -Гэхдээ “нэг удаа түрүүлчих юмсан, түрүүлэх байсан юм” гэж бодож л байсан биз дээ? -Тийм үе байсан, байсан. Үүнийгээ нуугаад яахав. -Та эцсийн шатанд тэнцсэн байсан. Танд амжилт хүсье. -Баярлалаа. Танай сайтын уншигчдыг яруу найргийн охин тэнгэр Янжинлхам үргэлж ивээж байх болтугай. Ярилцсан Т.ДАРХАНХӨВСГӨЛ | урлаг соёл |
Хүн гэдэг хосоор амьдрах жамтай. “Хамтын амьдрал хайр, итгэлцэл дээр тогтдог” гэж дугаарын зочин бүсгүй онцолсон юм. Жаргал ирэхэд хамтдаа инээж, зовлон тулгарвал мөр мөрөө түшээд тайтгарах тийм л эрхэм хүмүүсийг гэр бүл гэдэг. Урлагт амьдралаа зориулж, энэ л алтан тайзнаа учирсан Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Г.Урнаа нарыг мэдэхгүй хүн ховор. Тэгвэл “Гэргий” булан энэ удаа Г.Урнааг ярилцлагын хоймортоо урьж, ханийх нь тухай, эмэгтэй хүний мөн чанар, гэргий байхын утга учрын тухай яриа өрнүүлсэн юм. -Танд шинэ оны мэнд хүргэе? -Баярлалаа. Танай сонины хамт олонд болон нийт Монголчууддаа шинэ оны мэнд хүргэе. Энэ жил миний хувьд, манай театрынхны хувьд ололт, амжилттай сайхан жил болж өндөрлөлөө. Алдарт “Гамлет”-ыг амжилттай тоглолоо. Би театраа төлөөлж “Сонгодог бүтээл 2012” наадмын шүүгчээр ажиллалаа. -Урлаг уран бүтээлчээс асар их тэвчээр шаарддаг. Гэр бүлдээ хэр цаг гаргадаг вэ? -Уран бүтээлч бүхэн л цаг заваа зохицуулаад ажилладаг шүү дээ. Нэгэнт л хайрлаж, дурласан мэргэжил болохоор “Өнөөдөр очиж чадахгүй нь” гэж хэлэх эрх байхгүй. Урлагт хорь гаран жил хөдөлмөрлөхдөө энэ бүгдийг зохицуулаад амьдарч байна. Харин ч ажилтай байвал улам жаргалтай болдог. Ажил хийхгүй, дүр авахгүй бол жүжигчин болоод яах юм. Тийм учраас дүр авах л юм бол улам энерги, эрч хүч авах шиг болдог. Жүжгээ бэлдэх, дүрээ бүтээж ажлаа хийх ёстой гээд л улам өөрийгөө цэнэглэж, урам оруулдаг. Завгүй ажиллаад сурчихдаг юм билээ. -Уран бүтээлчийн амьдралыг хэр баргийн хүн ойлгодоггүй. Харин таны хувьд эсрэгээрээ байх аа? -Уран бүтээлчдэд гэр бүл нь хамгийн чухал. Санаа зовох зүйлгүй, сэтгэл амар байж л сайн уран бүтээл төрдөг шүү дээ. Би өөрийгөө их азтай гэж боддог. Урлаг надад олон зүйлийг бэлэглэсний хамгийн эрхэм нь миний хань юм даа. -Уран бүтээлээс болж маргалдах асуудал гардаг уу? -Уран бүтээл хийхэд сайн ярилцсаны эцэст үр дүнд хүрдэг юм. Маргалдаж, ярилцах зүйл гаралгүй яахав. Зохиолоо аваад энэ хэсэг дээр ингэж ажиллавал гоё гээд ярилцаад эхэлдэг болохоор хөндлөнгөөс харах шаардлагагүй болчихдог юм шиг. Бие биенийхээ бүтээлийг дараа нь тухтай үзэж байгаад санаагаа хэлдэг. Гэхдээ байнга хоёр биедээ баяр хүргэдэг. -Та хоёрыг үнэхээр бие биенээ олсон сайхан хос гэдэг? -Баярлалаа. Эмэгтэй хүн өөртөө хайртай хүнтэйгээ суух хэрэгтэй. Өөртөө хайргүй эр хүнээр хайрлуулна гэдэг хэцүү. Охиддоо ч би ингэж зөвлөдөг. Хэчнээн мөнгөтэй байсан ч дээрэлхэж загнаад байвал сэтгэл дүүрэн амьдарч чадахгүй шүү дээ. Жагаа бид хоёр 20 гаруй жил хамт амьдарч байна. Үнэхээр аз жаргал гэж юу байдгийг тэр надад мэдрүүлж чадсан. -Ханийнхаа ямар занг эрхэмлэдэг вэ? -Жагаад олон сайхан чанар байдаг. Мэдээж бүх л зан чанарыг нь ойлгож, хүндэлж явдаг. Харахад ширүүн юм шиг мөртлөө их зөөлөн сэтгэлтэй хүн шүү дээ. Урлагийн хүн болоод ч тэр юмуу амархан уярдаг юм. АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДАРЧ БАЙНА ГЭДЭГ ҮГИЙГ ХЭЛЭХ ДУРТАЙ -Та хоёр хамтдаа Москвад сурч байсан. Тэр үеэ дурсаач? -Бид аравдугаар ангиа төгсөөд л гэрлэсэн. Дараа нь оюутан болоод Москва руу хамт явж байлаа. Оюутан нас өөрөө тэр чигээрээ дурсамж. Амьдралын минь жаргалтай мөчийн нэг болж, сэтгэлд тодоос тод үлдсэн. Инээх үедээ инээж, гуниглах үедээ гуниглаж, бусад оюутнуудын жишгээр л өнгөрөөсөн. -Ар гэрийн ноён нуруу эр хүн байдаг. Жагаа ах хэр сайн аав, хэр сайн хань вэ? -Гэр бүл амгалан төвшин, үр хүүхдүүд маань эрүүл энх өсч хоёр биедээ илч дулаан хайрлаж байгаа минь л хамгийн том аз жаргал. Тийм учраас би ханьдаа хязгааргүй баярлаж явдаг. Үнэхээр аз жаргалтай амьдарч байна гэдэг үгийг хэлэх дуртай. Өнгөрсөн амьдралдаа харамсч үзсэнгүй. Хайрыг мэдэрсэн, ханийнхаа дэргэд байгаа хором бүртээ аз жаргалыг мэдэрдэг. Манай гэр бүл өдий зэрэгтэй яваа нь миний ханийн буян юм даа. -Хүндлэлийг та юу гэж ойлгодог вэ? -Бид нэг, нэгнийгээ хүндэлдэг учир сэтгэл хангалуун, энэ амьдралдаа хайртай байдаг. Нас тогтох сайхаан гэдэг шиг, бид жаргалтай байна. Хүмүүс биднийг урьж, гэр бүлийн талаар яриач гэдэг. Нэг талаар залуучуудад хайр дурлал, хүсэл мөрөөдлийн тухай ярих шиг сайхан юм байхгүй. Хүн амьдралдаа зүтгэж байж сайхан зүйлд хүрдэг. Залуу гэр бүлүүд бие биенээ хүндэлж, ойлгодог, ярилцдаг байх нь чухал. Мөн хүндлэл гэдгийг зөвөөр ойлгох хэрэгтэй. Нэг нэгнийгээ дарамталж, дээр нь гарах гэсэн хэрэг биш шүү дээ. Нөхрөө ороод ирэхэд халуун цайгаа аягалаад өгөх нь наад захын хүндлэлийн жишээ. -Айлын эзэгтэй, хүний хань, хүүхдийн ээж болсон үеэ дурсвал? -Эмэгтэй хүний амьдрал тийм л байдаг. Нэг ёсны жам гэх юм уу даа. Гэхдээ энэ бүхнийг дагаад аз жаргалаас гадна асар том хариуцлага ирдэг. Хүн бүр анхны үрээ тэврээд баярлаж, догдолдог. Энэ үеэс эрүүл энх өсгөж, сайн хүн болгох юмсан гэсэн сэтгэл төрж эхэлдэг. Ханийгаа энд тэнд ажлаар явахад нь халуун цай ундаа идэж байгаа болов уу гэж санаа зовнидог нь эмэгтэй хүний төрөлхийн зан юм болов уу даа. Би агуу хайр, аз жаргалыг одоо ч мэдэрч байна. -Айл гэрийн амьдрал эр хүний ноён нуруу, эмэгтэй хүний хатан ухаан дээр тогтдог гэдэг? -Тэгэлгүй яахав. Эр хүнд бүх ачааг үүрүүлж болохгүй шүү дээ. Сайн яваа эрчүүдийн ард хатан ухаантай бүсгүйчүүд л байдаг. Монгол эмэгтэйчүүд их ухаантай, тэвчээртэй юм шиг санагдах юм. Айл гэрийн амьдрал эхнэр нөхөр хоёрын хайр, хариуцлага дээр тогтдог. Нэг гэрийн хоёр хоёулаа амьдралын төлөө, үр хүүхдийнхээ аз жаргалын төлөө бие сэтгэл нийлэн хөдөлмөрлөж байж сэтгэл дүүрэн амьдралыг бүтээнэ шүү дээ. -Энэ олон жилийн турш цайз мэт бат бэх байсан амьдралын тань нууц юунд байна? -Нууц гээд байх зүйл юу байхав дээ. Бие биенээ ойлгож, хайрлаж хүндэлдэг болохоор л амьдрал минь сайхан байгаа байх. Бид хоёр ийм л амьдралыг хүссэн. Ч.ГАНТУЛГА Эх сурвалж: "Зууны мэдээ" | урлаг соёл |
“Bro’s Records”-ын уран бүтээлчид “Ертөнц” нэртэй анхы цомгоо өлгийдөн аваад байгаа. Цомгийн нээлт дээр хэр баргийн шоу, тоглолт дээр зочлоод байдаггүй урлагийн ховор эрхмүүдтэй таарсны нэг нь “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн байлаа. "Ертөнц" цомгийн талаарх түүний сэтгэгдлийг сонслоо. -“Ертөнц” цомог мэндэллээ. Та уран бүтээлчдийн энэ бүтээлийг хэрхэн үнэлж байгаа вэ? -Хөгжмийн хувьд ярих юм байхгүй. Хөгжмөө хийхэд нь ч би тэдэнтэй хамтдаа шахуу байсан. 2009 оноос хойш энэ хүүхдүүд юм хийгээд л байгаа. Гол нь энэ дэлхий даяараа сонсч болох, зарагдаж болох цомог гэдэг утгаараа их сайхан байна. Тэрийг дэмжиж л ирсэн гэсэн үг л дээ. Бусад нь бас энэ зам жимээр яваасай гэж бодож байна. -Цомгийн санаа маш чухал гэж хөгжмийн зохиолч, шүүмжлэгчид онцолсон байсан? Энэ нь хөгжмийн талаасаа залууст ямар ач холбогдолтой вэ? -Асар их ач холбогдолтой. Бид нэг хот байгуулах гэж байгаа юм шиг амьдраад байж болохгүй л дээ. Байгаль, дэлхий, цэцэг навч, од, сар дэлхий энэ бүхнийг ээжийгээ хайрладаг шиг хайрлах ёстой. Тийм ч учраас ийм бүтээлүүд бүтээгддэг байх. Энэ чинь ганц бидний ч хүсэл биш хүн төрөлхтөний хүсэл. -Монголын мартагдах шахсан эртний хөгжмийн зэмсгүүдээр эдгээр бүтээлүүдийг эгшиглүүллээ шүү дээ? -Аль эрт өвөг дээдэс зохиогоод бүтээчихсэн байсан хөгжмийн зэмсгүүдийг орчин цагийн нарийн уялдаа, системд оруулаад одоогийн хөгжимтэй холбон гаргаж байгаа юм. Ингэх нь бол тодорхой байсан. Зүгээр л цаг нь болоогүй байсан байх. -Энэ хослолыг хэр гаргасан гэж та дүгнэж байгаа вэ? -Дажгүй сайхан, эвлэлдэн нийлсэн гэж бодож байна. -“Ертөнц” цомгийг сонсоод танд ямар мэдрэмж төрсөн бол? -Хүмүүсийн дахин дахин ийм зүйл бүтээгээд байгаарай л гэж бодмоор. -Сонсоод хамгийн их омогшуулж байсан бүтээл? -Би хамтдаа байж байсан цомогт орсон бүх бүтээлийг мэднэ. Ерөнхийдөө би Ононг их хүндэтгэж байгаа гэх үү дээ. Хүнийг бага гэж голж болохгүй нь байна шүү дээ. Энэ дотор чинь ийм их юм байж байдаг байхгүй юу. Тиймээс үүнийг үгээр, үйлээр дэмжээд л байж байлаа даа. Хөгжим нь сайхан байгаа учраас л дэмжиж байна гэсэн үг шүү дээ. “Ертөнц” 20 мянган төгрөөгөөр хөгжмийн дэлгүүрүүдээр худалдаалж байгаа юм байна. Мөн цомгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.bros.mn цахим хуудсаар болон www.facebook.com/BrosRecords фэйсбүүк хуудсаар дамжуулан авч болох юм. Тэнгэрт ойрхон саатаж, тэндээс ертөнцийг сонордоорой. Г.ДАША | урлаг соёл |
Өнөөдөр Ану хатан кино нээлтээ хийхээр зарласан. Өргөө кино театрт 13.00 цагт, Тэнгис кино театрт 16.30-д кино багийн уран бүтээлчид анх удаа үзэгчдийн хамт уран бүтээлээ өлгийдөн авах нь ээ. Киноны нээлтийн өмнө “Ану хатан” киноны гол дүрийг бүтээсэн “Voice” хамтлагийн дуучин Д.Отгонжаргалтай уулзлаа. -Юуны өмнө баяр хүргэе. Сэтгэл хэр догдолж байна вэ? -Баярлалаа. Маш том ажлын ард гарлаа. Өнөөдөр киноныхоо нээлтийг хийчихвэл уртаар амьсгаа авна. Хүмүүс хэрхэн хүлээн авах бол гэж маш их догдолж байна. -Өөрийгөө “Ану хатан”-ы дүрийг хэр сайн бүтээсэн гэж бодож байна вэ? -Би мэргэжлийн жүжигчин биш. Гэхдээ олон сайн жүжигчид, хамтран ажилагсдынхаа ачаар дүрээ боломжийн бүтээсэн болов уу гэж бодож байна. Үзэгчид өөрсдийн дүгнэлтээ өгөх байлгүй. -Анх киноны саналыг хэрхэн хүлээж авав? -Зохиолч маань пробонд уриад л орсон л доо. Гурван удаагийн видео проб, хоёр удаагийн гэрэл зургийн проб өгсөн. Тэр үед би өөрийгөө энэ кинонд тоглоно гэж бодоогүй. Хүн болгоныг дуудаад пробонд оруулж байна л гэж бодсон. Би жүжигчин хүн биш дуучин учраас кино мэдэхгүй шүү дээ. Сүүлд нь өөрийгөө тэнцсэн гэж сонсоод шоконд орсон. Тэгээд бүх талаас нь бодоод өөрийгөө зоригжуулан зураг авалтад орсон. Маш талархалтай хүлээж авсан. Мэргэжлийн бус хүнд итгэл хүлээлгэж, ийм том дүр өгнө гэдэг бас л бөх зүрх шүү. Миний хувьд түүхэн кино гэдэг утгаар нь шууд л зөвшөөрсөн. Надад итгэл хүлээлгэсэн учраас уран бүтээлчдийнхээ итгэлийг алдахгүйн тулд маш их хичээсэн. Бүгдээрээ “Ану хатан” киног ирж үзээрэй гэж урьж байна. -Дүрээ бүтээхэд хамгийн хэцүү зүйл нь юу байв? Мөн сайхан зүйлс нь? -Хэцүү гэвэл надад сэтгэлзүйн хүнд драмтай хэсгүүд байсан. Гуниг зовлон, үхэл хагацал гээд. Би чинь харьцангуй залуу хүн учраас амаргүй байсан. Амьдрал дээр тийм зүйлс тохиолдож байгаагүй ч гэсэн энэ бүхнийг кинонд үзүүлэхэд би яаж өөртөө хүлээж авах вэ гэдэг хүнд байсан. Мэдээж маш удаан хугацаанд бясалгаж, маш олон хүмүүсийн тусламж, дэмжлэгтэйгээр бүтээсэн. Мөн эрэлхэг байдлууд нь илүү сонирхолтой, бүр илүү хүндийг ч хийх юмсан гэсэн эрмэлзэл төрүүлэхээр гоё байсан. Зураг авалтын хамгийн сүүлийн их тулаанд нөхрийгөө аврахаар тулааны талбарт сэтлэлт хийж байгаа тэр хэсгийг авахад кино эхлэхээс л энэ хэсэгт би үхнэ гэдгээ мэдэж байсан учраас маш их сэтгэл хөдөлж байсан. Ер нь манай киноны бүх л зураг авалт сайхан болсон. Кино багийнхан маань сайхан хүмүүс байсан учраас зураг авалт болгон сонирхолтой сайхан байсан. Хэдийгээр зураг авалт дууссан ч инээд хөөрөөр дүүрэн тийм л хүмүүстэй хамтран ажилласан даа. -Хөгжилтэй зүйлс их тохиолдоно биз? -Цэвээнравдангийн хойноос хөөдөг жижиг тулааны зураг авалт хавар эртээр Хустайн даваанд болсон юм. Сүүлийн зураг авалтад миний малгайг шинэчилсэн. Тэгэхэд миний малгай дангаараа долоон кг гаруй байсан. Тэгээд зураг авалтын явцад яалт ч үгүй ядраад мориноосоо унаад. Босоод ирсэн чинь малгайгаа даахгүй бөхийгөөд /инээв/. Малгайныхаа бүчийг тайлангуут толгой өндийгөөд ирсэн. Зураг авалтад заримдаа үгээ андуурч хэлэх үе гарна. Киноны багийнхан харьцангуй залуу хүмүүс байсан учраас тэрийг маань гуйвуулж мушгих гээд хөгжилтэй зүйлс их тохиолдоно оо. -Дүрээрээ юуг илэрхийлж гаргахыг эрмэлзэж байсан бэ? -Ану хатан романд маань түүнийг маш сайхнаар бичсэн шүү дээ. Хатны маань дүр нинжин сайхан сэтгэлтэй, холч уужим ухаантай, Монгол хатдад байдаг сайхан шинжүүдтэй. Нэг ялгаатай тал нь түүхэндээ хоёрхон Монгол хатан зэвсэг агсан дайсныхаа өмнөөс байлдаж байсан. Мандухай хатан болон Ану хатан л байлдаж байсан учраас эх орон, газар шороо, хайрт ханийхаа төлөө амь биеэ золиосолж чадсан ийм гайхалтай хатны дүрийг гаргахыг хичээсэн. -Киноноос их зүйл сурсан болов уу? -Олон сайхан зүйлийг сурсан. Морь гэдэг хийморьтой сайхан амьтныг унаж сурлаа. Мөн орлон тоглогчийнхоо буянаар нум сум сайн харвадаг боллоо. Дээр үед халх монголчууд эрхийвчилж харвадаг байсан юм билээ. Тэр нь одоогийн харваанаас хүнд ч тэрийг сурлаа. Яг одоо Монголд ажиллаж, амьдарч байгаа алдартай сайхан жүжигчидтэй хамтран тоглож олон зүйл суран нэг кинонд мөнхөрлөө. Энэ бол уран бүтээлч хүний хувьд хамгийн сайхан зүйл шүү дээ. -Таны охин ч бас “Ану хатан” кинонд тоглосон гэсэн. Хэний дүрд тоглосон бэ? -Галдан бошигт Ану хатан хоёр маань гурван хүүхэдтэй. Юмжихайн бага насны дүрд миний охин тоглосон. Хөөрхөн, сэргэлэн байна гэж киног маань эхний ээлжинд үзсэн хүмүүс дүгнэсэн байсан. Та бүхэн маань өөрсдөө киног маань үзээд дүгнэх байлгүй. -Киноны ажил дуусч, дэлгэц рүү шилжлээ. Үргэлжлүүлээд ямар уран бүтээл дээр ажиллаж байна. Үзэгчид таны дууны шинэ уран бүтээлийг хүлээж байгаа байх? -Би 2012 он гарангуут “Өнө мөнх орон” бие даасан тоглолтоо хийсэн. Тэгээд кинондоо тоглолоо. Бид тоглолт хийхдээ нэг хоёр сар бэлтгээд хийдэг бол кино тийм биш юм байна. Цогц том бүтээлд хугацаа их шаарддаг гэдгийг ойлгосон. Энэ жил би дуулаачийнхаа чиглэлээр олон ажлуудыг хийхээр төлөвлөсөн байгаа. Ирэх хоёрдугаар сарын 1-нд Эрдэнэтэд “Өнө мөнх орон” тоглолтоо хийнэ. Гуравдугаар сарын 7, 8-нд Улсын филармонийн гоцлол дуучид болох А.Эрдэнэжаргал, Д.Отгонжаргал, С.Баттулга нартай цоо шинэ сонгодог тоглолт хийхээр бэлтгэл ажилдаа ороод байна. Ерөнхийдөө дандаа тоглолтын бэлтгэлтэй байна даа. -Зохиолч Б.Шүүдэрцэцэг та хоёрын хооронд байгуулсан нэг том гэрээ байгаа гэж дуулсан. Дахин өөр ямар ч кинонд тоглохгүй “Ану хатан” дүрээрээ үлдэх ёстой гэсэн? -Бид хоёрын дунд тийм яриа өрнөсөн л дөө. Би чинь дуучин хүн учраас үндсэн ажлаа хийхийг маш их зорьж, тэмүүлж байна. Үеийн сайхан найз, нөхөд маань гадаад дотоодын тэмцээн, уралдаанд оролцоод амжилт гаргаж байна. Дуучин хүн юм чинь хор шар хөдөлж байна. Өөрийгөө тэдний адил соймоор байна. Кино бол хүнд урлаг байдаг юм байна. Мэргэжлийн жүжигчид маань илүү хүнд нөхцөлд ажиллаж, амьдардаг. Бүүр байхгүй зүйлийг байлгадаг. Боломжгүй зүйлд хүртэл ажиллаж хүчээ сорьж байдаг тийм хүмүүс. Гэтэл бид нар чинь тухтай байранд унтаж амраад тайван байж тайзнаа гараад дуулахад хоолой сайхан гардаг. Тэгж ажилладаг хүмүүс чинь тэр орчинд очих юм бол дуулаачийн форм эвдэрч, эвдэгдэх, алдагдах магадлал өндөр юм шиг санагдсан. Тийм учраас одоо бол үндсэн ажлаа хийнэ. -Орчин үеийн ямар ч киноны санал ирсэн зөвшөөрөхгүй гэж үү? -“Ану хатан” кинотой холбогдоогүй байхад надад зургаан киноны гол дүрд тоглох урилга ирж байсан. Тэд дандаа орчин үеийн кинонууд, хоёр нь ч олон ангит бүтээл байсан. Бүр нэг удаа кинонд нь тоглох гээд гэрээ хийчихээд “болъё, би чадахгүй юм байна” гээд гэрээгээ цуцалж байсан. “Ану хатан” кинод тоглох гээд л тэр бүх юм урдаас цуцлагдаж байсан болов уу гэж боддог юм. Гэхдээ ахиж киноны санал ирсэн ч тоглохгүй ээ. Мэргэжлийн уран бүтээлээ л хийнэ. -“Хурд” хамтлаг “Ану хатан” киноны дууг үзэгчдэд хүргэсэн. Та дуучин хүн учраас тоглосон киноныхоо бас нэг дууг дуулъя гэсэн бодол байсан болов уу? -Шүүдэр эгч бид хоёр ярьсан. Сая киноноос өмнө амжсангүй. Эх орон, хайрын сэдэвтэй дууг кино зураг авалтуудаа ашиглаж байгаад хийе гэж ярьсан байгаа. Эхний ээлжинд нэг дуу сонгоод оранжировк нь хийгдчихсэн байгаа. Ажлын ачааллаас болоод киноны нээлтээс өмнө арай л амжсангүй. Кино маань өнөөдөр гараад, сар гараад зогсчихгүй “Мандухай сэцэн хатан” кино шиг цэнхэр дэлгэцээр үргэлж гарч байна байх аа. Г.ДАША | урлаг соёл |
Энэ эмзэг турьхан эмэгтэйд дэндүү хүчтэй хоолой заяагдсан. Бас тэр хайраар бялхсан халуун зүрхтэн. Тэр их хайраасаа Мирей хуваалцахыг хүсчээ. Комминист Зөвлөлтөд хүлээн зөвшөөрөгдсөн цөөн хэдэн барууны дуучдын нэг нь Мирей. Тиймдээ ч оросууд өнөөдрийг хүртэл түүнийг шүтэн биширдэг, тийм ч учраас Мирей Орост ирэх дуртай гэнэ. Дуучин бүсгүй шинэ оны өмнө Москвад ирэх үеэр дараах ярилцлагыг өгчээ. -Мирей, та Оросын байнгын зочин. Шүтэн бишрэгчид тань хүртэл таныг Оросын иргэн болгох ёстой гэж тоглоом, шоглоомоор ярих болсон. Оросууд чухам яагаад таны уран бүтээлийг ингэж чин сэтгэлээсээ хүлээн авдаг тухай таны сэтгэгдлийг сонсох гэсэн юм? -Үнэхээр гайхалтай. Би Орос оронтой зүрх сэтгэлээрээ холбогдоод 40 жил болж байна. Би ч Орост, оросууд ч надад хайртай, надад аз жаргалыг мэдрүүлдэг. Миний амьдрал дахь хамгийн урт “харилцаа” нь энэ юм! Миний хувьд таашгүй агуу зүйл. Гэхдээ бид сэтгэл зүрх, нандин харилцаагаар холбогдсон. Хэрэв та хүмүүст аз жаргал, баяр хөөр бэлэглэж, та тэдэнд хэрэгтэй, шаардлагатай гэдгээ мэдэрч байвал тэр нь аз жаргал. Саяхан би Уралаар тоглолт хийж яваад франц хэлний хичээлдээ миний дууг ашиглаж байгааг олж мэдсэн. Намайг хэрхэн догдолж, баярласныг та төсөөлөх ч үгүй байх. Би орос дуунд ч бас дуртай. “Очи чёрные” романс гэж гайхалтай бүтээл байна. Оросын сүлд дуу нь нэг л агуу, хөгжимд нь бүр татагдсан. Орос миний сэтгэл зүрхэнд том орон зай эзэлдэг юм. Дотоод сэтгэл нь гадна төрхөд нөлөөлдөг гэх. Надад орос царай, төрх гараад иржээ гэж ярьж байсныг санаж байна. Хэдийгээр би мах цусны франц эмэгтэй ч тэгж сонсох нь таатай л байлаа. Оросын талаар сэтгэлийнхээ талаар яриад байвал дуусахгүй... Оросын хотууд, Москвад очихдоо би өөрийгөө католик сүсэгтэн гэдгээ байнга санан танай сүмүүд, тэр гялалзах оройг нь хараад л баймаар байдаг. Москвад би Гайхамшгийг бүтээгч Николайн сүмд очих дуртай. Харин миний эх бол гоо сайхныг нь бишрээд ч баршгүй Буянт Василийн сүмд дуртай. Нэгэн удаа би санамсаргүйгээр Москвагийн сүмд ороод сүй тавих ёслолтой таарсан юм. Шинэ хосууд намайг шууд танилаа. Би тэдний баярт баяр нэмэх гээд дуулж өгсөн. Тэд намайг хуримынхаа найранд уриад, би дахиад л дуулсан. Үнэхээр мартагдашгүй үе байлаа.. Би орос пирожки, бинд ямар их дуртай гээч. Үнэхээр хуруугаа долоомоор амттай шүү! -Орос эрчүүд таны “эргүүлсэн” удаа нэг биш л байгаа байх? -Хувийн амьдралын сэдэв бол миний хувьд хориотой зүйл. Хүн бүрт дэлгээд байдаггүй миний том нууц гэх үү дээ. Гэхдээ оросын шүтэн бишрэгчдийн хүрээлэлд орчихсон байсан үе бий. Танай эрчүүд маш эрэмгий, бүсгүй хүнийг эргүүлэх тал дээр гарамгай. -Та хайр сэтгэлийн маш нарийн мэдрэмжтэй, таны олон дууг хүмүүсийн харилцааны драм гэж нэрлэж болно. Үг бүр нь сэтгэлд хүрдэг. Та өөртөө тэр мэдрэмжийг хэрхэн тогтоодог вэ? -Хайр сэтгэлийн талаар хийсвэр яриа байх ёсгүй. Хайр бол маш эмзэг, маш энхрий мэдрэмж учраас тэр талаар ярилцахад яарч, өнгөц хандах хэрэггүй. -Уламжлалт нэгэн асуултаас зайлж чадахгүй нь. Та хэрхэн ингэж аятайхан дүр төрхөө хадгалж байна вэ? -Магтсанд тань баярлалаа. Нэгдүгээрт генетик гэж нэг юм байгаа нь нөлөөлдөг. Дараа нь би ус их уудаг, тамхи татдаггүй, нарнаас зугтахыг хичээнэ. Хоолондоо биологийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэгдэг. Нойр сайн авахыг хичээнэ.. Сайн нойр бол сайхан харагдах нэг шалтгаанаас гадна дуу хоолойн өнгийг шимтэй болгодог. -Оддын гэж нэрлэх юм бол та амьдралын ямар хэм хэмжээг барина вэ? -Оддын гэж юу хэлнэ вэ? Миний бодлоор, надад хүссэн амьдрал минь л байна. Миний өдрүүд янз бүр байдаг л даа. Ер нь бол би амьдралынхаа хэм хэмжээг дэг журамтай гэнэ. Мэргэжил маань үүнийг шаарддаг. Надтай хамт амьдардаг миний дүү бөгөөд миний менежер Матита ч ийм л дэгтэй. Тоглосон юм аа! Надад концерт, тоглолт төлөвлөгдөөгүй ч би өдөр бүр хоолойн дасгалаа хийдэг. Залуу цагаасаа ажилдаа хариуцлагатай хандаад сурчихсан юм. Ажилтай болох боломж гарч ирсэн үед ямар их аз жаргалтай байснаа санаж байна. Тэр цагт үйлдвэртээ очихын тулд өглөө дөрөвт босдог байсан ч би гэр бүлдээ туслан гэртээ мөнгө авчрах болсондоо хязгааргүй баяртай байсан юм. Би айлын том хүүхэд, миний эцэг эх 14 хүүхдийг өсгөж хөл дээр нь босгожээ. Одоо надад хичнээн олон ач зээ байгааг төсөөлөөд үз дээ. Тэднийг бэлэг сэлтээр эрхлүүлэх гэдэг нь асар том аз жаргал юм даа! -Гэхдээ таны амьдрал мэдээж бүхэлдээ тансаглал. Үүнд мөнгө үрэх харамсалтай биш үү? -Миний анхны тансаг эдлэл нь ердийн ванн болсон юм. Тэр нь маш эрт, намайг хүүхэд байхад шүү дээ. Дөрөв дэх хүүхдээ төрүүлсний дараа эцэг, эхэд маань жинхэнэ ваннтай дөрвөн өрөө байр өгч бид хагартлаа баярлаж байлаа. Энүүхэндээ гэж хэлэхэд одоо дэлхийн олон оронд хүмүүс ваннтай болж чадаагүй л байна. Усгүй амьдралаар олон хүн амьдарч байна шүү дээ. Нэг үгээр, гомдлоод байх эсвэл ямар нэгэн илүүдэл хүсэх нь миний хувьд нүгэл болно. Одоо миний тансаглал бол бурхны буянаар эхтэйгээ цуг байгаа минь. Ээж маань 91 нас хүрсэн ч би түүнийг ийш тийшээ авч яваад, дэлхийг үзүүлэхийг хичээдэг. Москвад бид хоёр ирлээ. Үүний зэрэгцээ миний хүсэл мөрөөдлөөс биелж байна. Энэ чинь нэг ёсондоо тансаглал биш гэж үү? Зарлагын хувьд гэвэл, эмэгтэй хүн л юм болохоор Shopping хийх дуртай. Сайхан хувьцас, гутал бол миний сул тал. Гэхдээд давтаад хэлэхэд, өөрийн төрөл төрөгсөд, найз нартаа бэлэг өгөх нь миний жаргал юм. Үүнд хэзээ ч мөнгө хайрлаад байдаггүй. -Улс төрийн өнгө аястай асуудал тавихыг зөвшөөрнө үү. XXI зууныг хил хязгаар нээгдсэн үе гэж болно. Цагаачдын асуудал дэлхийн олон оронд, түүний тоонд Францад том асуудал болоод байна. Таныхаар шинээр гарч ирж байгаа францчууд уугуул францчуудын соёл, амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ? -Би улс төр ярьдаггүй, сонирхдоггүй. Би дуучин хүн. Бүх ард түмний соёлд хүндэтгэлтэй ханддаг гэдгээ хэлж чадах байна. Ер нь бусад үндэстний хөгжмийн өв, хоол хүнсний уламжлал нь дэлхийн хүн төрөлхтний амьдралыг баяжуулж, сонирхолтой болгож байна шүү дээ. Ш.МЯГМАР | урлаг соёл |
ETV телевизийн Мэдээний албаныдарга, сэтгүүлч Б.Отгоныг энэ удаагийнхаа дугаарын зочноор урьж, ярилцлаа. -Шинэ оны мэнд. Таны хувьд шинэ оны ажлын гараа хэр байна, ер нь 2013 оныг хэрхэн төсөөлж байна? Б.Отгон: “ИнфоТВ” сэтгүүлийн уншигчдадаач шинэ оны мэнд хүргэе. Сүүлийн 10 жилийн турш нэг газар ажиллаж байсан миний хувьд 2013 он амьдралд минь цоо шинэ хуудас нээж байна. Шинэ оныг шинэ хамт олон, шинэ ажлын гараатайгаар угтаж байгаа учраас эрч хүч дүүрэн, улам ихийг хийж бүтээх оргилсон их хүсэл тэмүүлэлтэйгээ угтаж байна. Өөрөө дахин шинээр мэндэлсэн мэт мэдрэмж төрж байна. -Өнгөрсөн оны төгсгөлд нийгэмд, тэр дундаа хэвлэл мэдээллийн салбарынхны дунд багагүй шуугиан тарьсан асуудал ТВ9 телевизийн 30 гаруй уран бүтээлч нэгэн зэрэг ажлаасаа гарсан явдал байсан. Тийм олуулаа яагаад ийм шийдэлд хүрсэн бэ? Б.Отгон: Уг нь бол ийм олуулаа ажлаасаа нэгэн зэрэг гарах зорилго, төлөвлөгөө хэнд ч байгаагүй. ТВ9 телевизийг сүүлийн 8 жил удирдсан Ц. Энхбат захирал ажлаа өгч, захирлын үүрэг гүйцэтгэгч томилогдсноос хойш телевиз дээр уран бүтээлчид удирдлагуудын дунд үл ойлголцол үүссэн. Ажлаа мөрөөрөө хийж яваа зарим нэг уран бүтээлчийг ажлаас нь халж эхэлсэн. Телевизийн бодлогод ч өөрчлөлт орж, уран бүтээлчдийг хардаж сэрдэх, шахаж дарамтлах байдал газар авсныг эсэргүүцэж удирдлагаа өөрчлөх хүсэлтийг Телевизийн ТУЗ-д хүргүүлсэн. Нийт 60-аад уран бүтээлч нэгдэж гарын үсэг зурж шаардлага хүргүүлсэн. Харамсалтай нь ТУЗ-аас удирдлагыг өөрчлөхгүй гэсэн шийдвэр гарсан учраас бид энэ удирдлагуудтай ажиллаж боломжгүй гэдгээ хэлээд ажлаас гарах өргөдлөө өгсөн. Товчхондоо ийм л зүйл болсон. -Таныг захирал болгохоор уран бүтээлчид нэгдэж шаардлага хүргүүлсэн гэж сонссон. Бас таныг дээрхи уран бүтээлчдийн бослого тэмцлийг удирдсан гэх яриач байна л даа? Б.Отгон: Үгүй. Уран бүтээлчдийн шаардлагад хамт олны хүсэлтээр захирал болгох боломжтой хүмүүсийн нэрс ч байсан. Түүн дотор миний нэр байгаагүй. Тэгээд ч надад захирал болох ямар ч хүсэл сонирхол байхгүй. Миний хувьд сэтгүүлчийн мэргэжил ямар ч дарга, сайдын албан тушаалаар арилжихын аргагүй үнэт зүйл. Би мэргэжлийнхээ үнэ цэнийг мэддэг, дуртай, энэ ажлыг сонгосондоо туйлын сэтгэл хангалуун байдаг. Би бослого хөдөлгөөн удирдахдаа тулвал нэг байгууллагын дарга солих дайны жижиг зүйлээр оролдохгүй. Харин эх орон, газар шороо, тусгаар тогтнол Монголынхоо төлөө бол бослого хөдөлгөөн байтугай амь насаа зориулахад ч бэлэн байна. -Та яах аргагүй ТВ9 телевизид өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг эзэлсэн сэтгүүлч байсан. Олны өмнө ил байдаг хүмүүсийн хувьд телевизээс олино гэдэг амаргүй байв уу? Б.Отгон: Мэдээж амаргүй байсан. Гэхдээ олуулаа, хамт олноороо шийдвэр гаргасан болохоор эргэлзэх зүйл алга. Бид ажил амьдралын минь гараа болсон ТВ9 телевиздээ баярлалаа гэж хэлэх ёстой. Бас цаашид ч Монголын хэвлэл мэдээллийн салбарт эзэлсэн байр сууриа улам бататгаж, ахиулж яваасай гэж хүсч байна. -ТВ9 телевизээс гарсан 40-өөд уран бүтээлчид баг хамт олноороо нэг телевизэд ажиллана гэдгээ олны өмнө зарлаж байсан. Энэ зорилгодоо хүрч чаджээ? Б.Отгон: Биднийг анх хамт олноороо нэг телевизэд ажиллана гэхэд энэ олон хүмүүсийг нэг дор багтаах телевиз олдоно гэдэгт хүмүүс эргэлзэж байсан. Гэвч бидэнд багаараа ирж ажиллаач гэж олон телевиз санал тавьсан. Бид “Тод харуулна “уриатай ETV телевизийг сонгож багаараа ирлээ. Энд Спорт, Мэдээ, Зураглаачдын албанд шинэ бүтэц зохион байгуулалттайгаар ажиллаж эхэллээ. Анзаарсан бол сая спортын томоохон арга хэмжээнүүдийг шууд дамжуулж, мэдээллийн хөтөлбөр нь ч тэр чигтээ шинэлчилэгдээд эхэлсэн. -Олон сонголтуудаас чухам яагаад ETV телевизийг сонгосон бэ? Б.Отгон: ТВ9 Телевизийг удирдаж байсан Ц. Энхбат захирал маань энд ажиллаж байгаа. Биднийг чадварлагаар удирдаж, дэмжиж өдий зэрэгт хүргэсэн захиралдаа итгэсэн. Бас энэ телевизийг үүсгэн байгуулагчид нь нам улс төрөөс ангид, төрөөс төрсөн тэрбумтан биш, цэвэр бизнесийн хүмүүс байсан нь таалагдсан. Өнөөдөр Монголын телевизүүд ихэнхи нь ардаа улстөрч, олигархи эзэнтэй. Зөвхөн эзний захиалсан хөгжмийг л тоглож байгаа нь нууц биш. Сэтгүүлч хүнд хэвлэн нийтлэх эрх чөлөө гэдэг ус агаар мэт хэрэгтэй. Түүнээс нэг намын, нэг улстөрчийн зэвсэг байхыг хүсээгүй учраас энэ сонголтыг хийлээ. Бас техник технолгийн хувьд орчин үеийн, Монголын анхны HD телевизүүдийн нэг учраас, “Тод харуулдаг” Шинэ телевизүүдийн нэг гэдгийн хувьд бол... Бид хүмүүсийн бүтээн босгосон бэлэн зүйл дээрээ очихоосоо илүүтэй өөрсдийн хүч хөдөлмөрөөр хамтдаа бүтээн босгомоор байна. Телевизийн чансаа шинэ хуучнаар хэмжигддэггүй. Харин хэн чадсан эсэхээр хэмжигдэнэ. Өөрийн хөлс, хөдөлмөр шингэсэн бүхэн илүү амттай шүү дээ. -Өмнөх захиралтайгаа хамтарч ажиллахаар болсон гэж та сая хэллээ. Ц.Энхбат захирал гаршсан сэтгүүлчид, ажилтнуудаа авахын тулд та бүхнийг ТВ9 телевизээс гарахад нөлөөлсөн гэж үзэх хүмүүс ч байгаа шүү дээ. Энэ тал дээр ямар тайлбар өгөх вэ? Б.Отгон: Энэ бол огт үндэслэлгүй зүйл. Ц.Энхбат захирал өдийг хүртэл өөрийнхөө бүтээсэн зүйлийг өөрийнхөө гараар устгах хүн биш. Харин ч биднийг ТВ9 телевиздээ тогтвор суурьшилтай ажиллахыг байнга зөвлөдөг байсан. Харин бид ажлаасаа гарсныхаа дараа Ц.Энхбат захиралтай хамтарч ажиллах хүсэлтээ өөрсдөө илэрхийлсэн. -Та бүхэн өмнө нь хийж байсан нэвтрүүлгүүдээ энд бас хийхүү. Эсвэл бүр өөр шинэ өнгө төрхтэйгээр ажиллах уу? Б.Отгон: “Ардын парламент” “Анализ” "Эзэнгүй төрийн эмгэнэл” “Сэтгэлд гал байхад” гээд нэвтрүүлгүүд нэрийн хувьд ТВ9 телевизийн өмч учраас тэндээ үлдэнэ. Уран бүтээл хийж байгаа хүнээсээ 100 хувь шалтгаалдаг болохоор дээрх нэвтрүүлгүүдийг гардан хийдэг хүмүүс нь ETV-д ирсэн учраас илүү чансаатай бүтээлүүд гарна гэдэгт эргэлзэх зүйлгүй. ETV телевизийн мэдээний албанд сэтгүүлч О.Баярмаа, М.Бүжинлхам, Л.Гантуяа гээд чадварлаг сэтгүүлчид ТВ9 телевизийн нүүр царай болсон нэвтрүүлэгч Я.Болорчимэг ирсэн. Мөн “Евро 2012” тэргүүтэй тив дэлхийн уралдаан тэмцээн, үндэсний спортын наадмыг мэргэжлийн өндөр түвшинд шууд дамжуулж гаршсан ТВ9 телевизийн Спортын алба ч багаараа ирсэн. Мөн чадварлаг зураглаачид багаараа ирж ажиллаж байна. -“ТВ9 ийн Отгон” гэхээр л хамгийн түрүүнд уул уурхай, газар шорооны төлөө тэмцсэн тэмцэгч бүсгүй, ард түмний хайртай сэтгүүлчийн дүр л тодордог. Энэ чиглэлээ орхихгүй биз дээ? Б.Отгон: Энэ бол сэтгүүлч байсан эсэхээс үл хамаарах миний хувь чанар. Тусгаар тогтнолын төлөө тэмцэгч, зоригт эх оронч Чингүнжавыг төрүүлсэн Хотгойд түмний үр сад болоод ч тэрүү, Хөдөөгийн жирийн малчны гэр төсч хүмүүжсний хувиар ч тэрүү, Уух ус, гишгэх газар шороо , үеийн үед оршихуйн эх үндэс болсон байгаль дэлхийг сүйтгэж байгаатай эвлэрч хэзээ ч тэвчдэггүй. Нутаг усаа гэх сэтгэл Монгол хүнд л байх эрхэм дээд чанаруудын нэг. Энэ үнэт зүйлээ хамгаалж, ирээдүй хойчид бүрэн бүтнээр нь үлдээхийн төлөө сэтгүүлчид өнөөдөр дуугарах ёстой. Харин ч энэ сэдвээр зоригтой дуугарах телевизийн тоо нэгээр нэмэгдсэнд баярлаж байна. Б. Отгоны гарах суваг нь л өөрчлөгдөж байгаагаас миний хэлдэг ярьдаг, үзүүлдэг харуулдаг бүхэн хэвээрээ гэж ойлгож болно. Харин ч тод харуулна. -“Отгон” гэсэн нэрнээс тань харахад айлын отгон хүүхэд үү. Багадаа ямар хүүхэд байсан бэ? Б.Отгон: 11 хүүхэдтэй өнөр айлын хамгийн отгон охин. 3 ах, 7 эгчтэй. Манай аав ээж энэ олон хүүхдийг өсгөж хүмүүжүүлэх гэж ямар их хөдөлмөрлөж байсныг харж өссөн болохоор эрхлэхээсээ илүүтэй ээж аавдаа яаж дэм болох вэ л гэж бодож өссөн. 7 настай байхдаа нэгдлийн 1000-аад хонийг ганцаараа хариулаад өвөлжиж байсан удаатай. Хожим бодоход энэ амьдралын том сургууль байсан юм шиг санагддаг. Монголчуудын үр хүүхдээ хүмүүжүүлэх арга нь үглэж, шаардахаасаа илүүтэй өөрсдийн биеэр үлгэрлэж, багаас нь ажил хөдөлмөр эрхлүүлэх байжээ. -Сэтгүүлчид тэр дундаа телевизийн хүмүүс цаг заваар хомс байдаг. Таны хувьд хэр чөлөөт цаг гардаг вэ? Чөлөөт цагаараа юу хийдэг вэ? Б.Отгон: Яг юм хийе бүтээе гэсэн хүмүүсийн хувьд үнэндээ амарч зугаалах цаг гардаггүй. Телевизийн ажилд угаасаа эхлэл төгсгөл, хагас бүтэнсайн гэсэн ойлголт байдаггүй. Гэр бүлийн хэн ч үүнд дасчдээ. Сэтгүүлчийн ажил байнга уншиж, судалж, эрж хайж байдаг ажил учраас цаг завч үүнд л зориулагдана даа -Гэр бүлээ танилцуулахгүй юу. Уран бүтээлч хүмүүст найдвартай ар тал чухал гэж ярьдаг шүү дээ? Б.Отгон: Тээрийн ивээлээр надад сайн хань заяасан. Хорин насандаа учраад хоёр хөөрхөн хүүхдийн аав ээж болоод тэгш сайхан амьдарч байгаагаа их хувь заяа гэж сүсэглэдэг. Манай гэр бүлийн хүн хувийн компанитай, жирийн бизнес эрхэлдэг залуу байдаг. Гэр бүлийн хоёр бие биенээ ойлгодог, ажлыг нь дэмждэг, урам зориг, эрч хүчийг өгдөг байж гэмээ нь хүн амжилтанд хүрч, аз жаргалтай амьдарна. Он жил өнгөрөх тусам хань бид хоёрын үзэл бодол улам л нэгдээд байгаа шиг санагддаг. -Ярилцлагынхаа төгсгөлд та өөрийнхөө болон хамт олныхоо зүгээс та бүхнийг дэмждэг телевиз үзэгчид, уншигчдадаа хандаж хэлэх үг байгаа болов уу? Б:Отгон: Баярлалаа. ТВ9 телевизээс гарсан уран бүтээлчид бид хамтдаа байна гэсэн амлалтандаа хүрч ETV телевизэд багаараа ирлээ. Хамгийн шударга, шуурхай мэдээлэл, цаг үеийн асуудлуудаар бэлтгэсэн даацтай нэвтрүүлэгүүдийг бид хийх болно. Монголд хараат бус хүчирхэг хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоог нэгээр нэмэхэд бидэнтэй хамтран ажиллаарай гэж хэлэх байна. Бидний урилгыг хүлээн авч ярилцсантанд баярлалаа. | урлаг соёл |
Өнөөдөр нэгдүгээр сарын 16. Өнөөдөр Од театрын тайзнаа “Нэгдүгээр сарын 16-ны шөнө” жүжгийг ганцхан удаа тоглоно. Либертари үзлийг магтан дуулагч Айн Рэндийн энэхүү жүжгийг Монголд Айн Рэндийн зохиолоор анх удаа жүжиг найруулан тавьсан, Айн Рэндээр “өвчилсөн” Төрийн соёрхолт, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарам найруулан тавих юм. Мөн энэхүү жүжгийг NTV телевизээр шууд дамжуулна. Өнөөдөр орой жүжгийг нь амтархан үзэх ч “Нэгдүгээр сарын 16-ны шөнө”-ийг хүлээж тэвчилгүй “Од” театрыг зорьж, яг жүжгийнх бэлтгэлийн үеэр Д.Сосорбарам эрхэмтэй ярилцлаа. -Та өмнө нь Айн Рэндийн “Сайтар эргэцүүл”, “Төгс” жүжгийг тайзнаа тавьж байсан. Яагаад 1933 онд бичсэн Айн Рэндийн анхны жүжгийг эхлээд тавиагүй юм бэ? - Мэдэхгүй ээ, цаг хугацаанд ч юм уу, ямар нэгэн улс төрд зориулж би энэ жүжгийг хийгээгүй. Ерөөсөө л миний сэтгэл зүрх, итгэл, үнэмшил, зүрх сэтгэлийнхээ дуудлагаар амьдарч байдаг амьдралын хандлага маань энэ жүжгийг, энэ хүний жүжгүүдийг найруулан тавихад хүргэсэн. Тэгэхдээ нүсэр том тайзнаа бус бага тайзанд, маш нягт орон зайд, үзэгчид жүжигчид ойрхон, харц, амьсгалаараа бие биеэ мэдрэх мэдрэмжийн өндөр төвшинд хийж байгаагаараа онцлог юм. Тэгж гэмээнэ Айн Рэндийн философийг жинхэнэ зөв шүүлтүүрээр тунгааж авах боломжтой, ийм л үндэслэлтэй байгаа юм. “Сайтар эргэцүүл” жүжгийг гурван жилийн өмнө энэ тайзнаа Айн Рэндийн “Эх сурвалж” гэж романыг орчуулсан философич Б.Батчулууны орчуулснаар дан “Х-ТҮЦ” продакшны уран бүтээлчидтэй хамтран бүтээсэн. Харин “Нэгдүгээр сарын 16-ны шөнө” жүжгийг өнгөрсөн жил найруулан тавьсан “Төгс” жүжгийг орчуулсан Б.Цацралын орчуулгаар “To be or not to be” шоуны таван залууг оролцуулан тавьж байна. Миний хайртай дүү охин Б.Цацрал маань энэ хоёр жүжгийг хоёуланг нь маш сайн орчуулсан. “Нэгдүгээр сарын 16-ны шөнө” жүжиг бол 1933 онд бичигдсэн, “Пентхаус” гэдэг нэртэй байсан юм билээ. Айн Рэндийг амьд ахуйд нь энэ жүжгийг Лондон, Лос Анжелос, баруун Европын оронд тайзнаа тавигдаж байсан. Гэхдээ Айн Рэндэд жүжиг нь огтхон ч таалагдаагүй гэдэг. Найруулагчид хэтэрхий гоёчлон, уран чимэг, сэтгэмжээр чимсэн, найруулгын хэтэрхий давамгай тавилтад тэрээр өөрөө их дургүйцэж байсан юм билээ. Уг жүжиг дэлхийн 18 театрт тавигдсан байдаг. Харин Монголд энэ жүжиг анх удаагаа тавигдаж байна. -Өмнө нь та “Х-ТҮЦ”-ийнхэнтэй хамтран Айн Рэндийн бүтээлийг тавьж байсан. Гэхдээ яагаад “To be or not to be” шоуны оролцогчид, өөрөөр хэлбэл, мэргэжлийн бус хүмүүсийг оролцуулахаар болов гэж асуумаар санагдлаа л даа? -“To be or not to be” шоуны эхний гурван байрыг эзэлсэн дөрвөн залуу, шилдэг 12-т багтсан нэг оролцогч гээд таван залууг “Х-Түц” уран бүтээлчийн хамт сүлж энэ жүжгийг тавьж байгаа маань бас учиртай. Залуусаа дэмжин, бидний үеийнхээс хойших энэ залуус соргог шинэлэг аливаа зүйл үзэгдэл юмсыг их олон талаас нь хардаг байвал энэ улсын хөгжилд нь хэрэгтэй юм даа гэсэн бодол маань намайг хөтөлж энэ хүүхдүүдтэй хамт ажиллаж байна. “Х-Түц” хамтлагийнхан бор зүрхээр өөрийнхөө баялгийг өөрсдөө бүтээж байгаа залуус. Тэд сайн, муу хэлэгдсэн ч түүнээс айлгүй аливаа бүхнийг хийж үзэж, бүтээж байна. Яг л ийм алдахаасаа айдаггүй хүмүүс аливааг бүтээж чаддаг. Ийм л тавилангаар явж байгаа энэ залуустай хамт ажиллах надад тун таатай байдаг. Нөгөө талаар “Х-Түц”-ийнхэн шинэ гарч ирж байгаа залуусыг урамшуулж, хөгжүүлж, тоглолтдоо оруулж байдаг. Тийм учраас сэтгэлгээний бүтээлд хамт ажиллаг гэж бодсон үүднээс эдгээр залуусыг урьсан хэрэг. “Х-Түц”ийнхэн бол өөрсдийн баялгаа өөрсдөө бүтээдэг, өөрсдийн мөнчигрөөрөө энэ орчлонг туулж яваа, чөлөөт сэтгэлгээтэй уран бүтээлчид. Тиймээс бид тэдэнтэй ажиллах дуртай. -Жүжгийн өрнөл их сонирхолтой байх аа. Түрүүн тайзан дээр бэлтгэл хийж байхыг харахад л...? -Нэг том бизнесмэний үхлийг түүний нарийн бичиг буюу жинхэнэ сэтгэлийнх нь хайртай хүүхнийг нь нууц амраг нь болгож, эзнээ алсан хэрэгт чихэж яллаж байгаагаар өрнөдөг. Жүжгийн төгсгөлд жинхэнэ алуурчин хэн бэ гэдэг нь тодордог. Та нар үнэнийг ялгаж чадаж байна уу, үнэнд ойр байж чаддаг юм уу үгүй юм уу, өөрийнхөө зүрх сэтгэлийг чагна гэсэн л асуултыг тавьж байгаа юм. Ер нь Айн Рэндийн “Төгс” жүжигтээ ч хэлсэн байдаг. Хүн эхээс төрсөн цагаасаа өөрөөсөө ям ямхаар урвасаар байдаг, цоорхой халаасаар задгай мөнгө цувран унах мэт өөрөөсөө эмтэрч урваж байдаг юм аа, өөрөөсөө урвадаггүй байна гэдэг төгс төгөлдөр хүний шинж гэж хэлсэн байдаг. Ийм л үзэл санаатай хүн л дээ. -Айн Рэндийн бүтээлүүд нийт олон нийтэд зориулагдаагүй байдаг. Ер нь ч либертари үзлийг олон нийт төдийлөн хүлээн зөвшөөрдөггүй гэдэг? -Энэ үзэл бодлыг Монголд лав хүлээн зөвшөөрөх нь хомс, цөөхөн хувь нь хүлээн зөвшөөрнө. Гэхдээ Айн Рэндийн энэ санаа бодолтой нэг байдаг, бие дааж амьдрах хүсэлтэй, хэн нэгний халаасанд орох дургүй залуус олон бий. Хүн боловсролтой байж болно. Гэхдээ өөрийнхөөрөө байж чадахгүй бол тэр хүний эмгэнэл шүү дээ. Зарим хүн хэчнээн өндөр боловсролтой, олон гадаад хэл мэддэг, зөндөө ном уншсан, мэдлэгтэй ч өөрийнхөөрөө байж чаддаггүй. Эсвэл уншсан номынхоо юм уу, ажлынхаа газрын хэн нэгний боол болчихсон явдаг, их өрөвдмөөр. Таны амьдралдаа баримталдаг зарчим, чиг хандлага? -Миний амьдралдаа баримталдаг унаган чиг хандлага бол боол байвал өөрийнхөө боол бай, эзэн байвал өөрийнхөө л эзэн бай хэн нэгнийг битгий боолчил, хэн нэгэнд битгий боолчлогд, хэн нэгнийг битгий эзэгнэ, хэнд ч битгий эзэгнүүл гэсэн ийм л бодолтой хүн. Тийм учраас өөрөөсөө урвадаггүй хүн төгс төгөлдөр байдаг. Өөрөөсөө урвахгүй хүн төгс, төгөлдөр болдог гэдэг бодолтой байдаг. Би эрх чөлөөтэй байхыг хүссэн. Би дандаа эрх чөлөөтэй байдаг. Социализмын үед ч би эрх чөлөөтэй байсан, тэр эрх чөлөөг маань байнга боомилж байсан ч гэсэн. Оюуны охь болсон театр ч, Улсын багшийн дээд сургууль ч эрх чөлөөг боомилж байсан. Би тэр аргамжаанаас тасрах ёстой шүү дээ. Тэгээд 1990 онд тэр аргамжааг тас цохисон. Монгол Улс ардчилал, эрх чөлөөтэй болсон сайн, сайхан. Чамлахгүй байгаа. Зөндөө ололт олсон. Гэтэл одоо дахиад ухарч байна шүү дээ. Монгол 23 жилийн турш хөгжих ухрах хоёрыг зэрэгцүүлж явлаа. Гэхдээ харамсалтай нь ухрах нь илүү болчихож. Манай төр засаг барьж байгаа хүмүүс социалист схем, коммунист нөлөө, фашист хяналттай амьдраад байна. Ер нь бэлэн юман дээр уначих санаатай, хүнээр хөтлүүлж юмаа хийдэг, хүний шүдээр зажлуулж хоолоо идэх санаатай улстөрчид байна шүү дээ. Түүнийг нь олж харангуутаа ядууг нь мэдээд тэр ядуу дээр нь дөрөөлөөд дарангуйлал хийх шиг аюултай юм байдаггүй. Өнөөдөр манайд тийм юм байна шүү дээ. Коммунист нөлөө нь болохоор өөрчлөлт хийх гэсэн бүх зүйлийг болхиож байдаг. Жишээлбэл, Сүхбаатарын хөшөөг өөр талбайд аваачаад төв талбайгаа өөр болгож, хүнд нөмөр нөөлөгтэй юм хийчихье л гэхэд л тэгтэл бөөн юм болоод байгаа нь цэвэр коммунист үзэл. Энэ дуусахгүй удах юм байна гэж би харж байгаа. Энэ Сүхбаатарын талбайгаа сайхан цэлийлгээд жанжны хөшөөг байгуулсан гавьяатай газар нь аваачаад урд талын цэцэрлэгийг өргөжүүлээд дороо худалдааны байгууламжтай, тэнд ороод өвөл даардаггүй царцдаггүй, зун сүүдэрлэчихдэг, дээр нь өнгөтэй өөдтэй, хүн юм үзчих, танилцчих үзэсгэлэнтэй мэдлэг мэдээлэл олоод авах тийм гоё талбай болгож болно шүү дээ. Энэ талбай уг нь хүмүүс налайтал алхаж явж байх ёстой болохоос биш халтирч унаад хөлөө хугалдаг газар биш биз дээ. Тэгж бодсоны үүднээс шинэлэг санаа дэвшүүлсэн. Гэтэл болдоггүй юм байна. Би үүнийг л коммунист нөлөө гэж үзэж байгаа. Фашист хяналт одоо яг манайд байна, шударга ёс нэртэй. Тэр шударга ёсныхоо хамгийн эсрэг явдаг хүмүүс өөрсөддөө тэр нэрийг өгчихөөд хамгийн муу муухай, шударга бус юмыг хийж байна. МАХН, МҮАН-ын Үндэсний шударга ёс эвсэл гэдэг билүү. Энэ дунд байгаа нөхдүүдийг би нэвт мэднэ. Бүгдээрээ шударга бус үйлдлээр явсан хүмүүс. Хоёр ч удаа МАХН-ын хуралдай гэж юм хийхдээ ямар олон хүнийг гүтгэж, улаан цайм дайрлаа шүү дээ. Энэ нь хяналт гэнэ. Энэ бол цэвэр фашизм. Ингэж хянадаггүй юм. Тэр фашизм нь засагт нөлөөлөөд ямар ч чадваргүй хүнийг манай нам ажилд ав гэдэг. Ийм бачимдуулмаар зүйл байгаад байгаа учраас би огт санаандгүй энэ жүжгийг тавьж байгаа юм. Үүнийг цаг үеийн захиалга ч гэж хэлж хэрэггүй юм. Бидний зүрх сэтгэлийн дуудлага үүнийг хийхэд хүргэсэн юм. -Та яагаад зөвхөн Айн Рэндийн бүтээлүүдийг л тайзнаа тавьдаг юм бэ? -Хүн гэдэг амьтан бид чинь сүргийн тогтолцоогоор яваад байна л даа. Сүргийн тогтолцоо гэхээр ядарсан зүдэрсэн хүмүүсийг хэлж байгаа юм биш. Гоё зангиа зүүсэн, өндөр албан тушаалтай хүн ч эд хөрөнгөд дулдуйдсан сүргийн сэтгэлгээтэй амьдарч байна шүү дээ. Хаа хаанаа сүргийн сэтгэлгээ байна. Ийм сүргийн сэтгэлгээнээс л ангижрах хэрэгтэй. Өөрийнхөөрөө бие дааж амьдрах чадалтай хүмүүс энэ хорвоод зөндөө бий шүү дээ. Тэрийгээ л хай. Өөрийнхөө зүрх сэтгэлийг чагна, өөрийнхөө зөн мэдрэмжээр, өөрийнхөө зөв зоригийг хөгжүүлж, амьдар. Ардчилал эрх чөлөө гэдэг бол дур зоргоороо амьдрахын нэр биш. Тийм үүднээс эдгээр жүжгүүдийг хийгээд байгаа юм. Гэхдээ хэн нэгнийг сайн хүн болгох юм уу муучлах, хүмүүжүүлэх гээд байгаа юм биш. Ийм байна аа яах вэ л гэсэн сэтгэгдлээ хуваалцаж байгаа юм. -Яагаад зөвхөн Айн Рэндийн бүтээлүүдийг л тайзнаа тавьдаг юм бэ гэж асуусны учир бол түүний бүтээл, үзэл баримтлал, таны үзэл бодол, амьдрал, амьдралын чиг хандлагатай ойрхон, магадгүй адилхан болохоор л гэж бодогдоод... -Миний амьдралдаа баримталдаг унаган чиг хандлага бол боол байвал өөрийнхөө боол бай, эзэн байвал өөрийнхөө л эзэн бай хэн нэгнийг битгий боолчил, хэн нэгэнд битгий боолчлогд, хэн нэгнийг битгий эзэгнэ, хэнд ч битгий эзэгнүүл гэсэн ийм л бодолтой хүн. Тийм учраас өөрөөсөө урвадаггүй хүн төгс төгөлдөр байдаг. Өөрөөсөө урвахгүй хүн төгс, төгөлдөр болдог гэдэг бодолтой байдаг. Би эрх чөлөөтэй байхыг хүссэн. Би дандаа эрх чөлөөтэй байдаг. Социализмын үед ч би эрх чөлөөтэй байсан, тэр эрх чөлөөг маань байнга боомилж байсан ч гэсэн. Оюуны охь болсон театр ч, Улсын багшийн дээд сургууль ч эрх чөлөөг боомилж байсан. Би тэр аргамжаанаас тасрах ёстой шүү дээ. Тэгээд 1990 онд тэр аргамжааг тас цохисон. Монгол Улс ардчилал, эрх чөлөөтэй болсон сайн, сайхан. Чамлахгүй байгаа. Зөндөө ололт олсон. Гэтэл одоо дахиад ухарч байна шүү дээ. Монгол 23 жилийн турш хөгжих ухрах хоёрыг зэрэгцүүлж явлаа. Гэхдээ харамсалтай нь ухрах нь илүү болчихож. Манай төр засаг барьж байгаа хүмүүс социалист схем, коммунист нөлөө, фашист хяналттай амьдраад байна. Ер нь бэлэн юман дээр уначих санаатай, хүнээр хөтлүүлж юмаа хийдэг, хүний шүдээр зажлуулж хоолоо идэх санаатай улстөрчид байна шүү дээ. Түүнийг нь олж харангуутаа ядууг нь мэдээд тэр ядуу дээр нь дөрөөлөөд дарангуйлал хийх шиг аюултай юм байдаггүй. Өнөөдөр манайд тийм юм байна шүү дээ. Коммунист нөлөө нь болохоор өөрчлөлт хийх гэсэн бүх зүйлийг болхиож байдаг. Жишээлбэл, Сүхбаатарын хөшөөг өөр талбайд аваачаад төв талбайгаа өөр болгож, хүнд нөмөр нөөлөгтэй юм хийчихье л гэхэд л тэгтэл бөөн юм болоод байгаа нь цэвэр коммунист үзэл. Энэ дуусахгүй удах юм байна гэж би харж байгаа. Энэ Сүхбаатарын талбайга сайхан цэлийлгээд жанжны хөшөөг байгуулсан гавьяатай газар нь аваачаад урд талын цэцэрлэгийг өргөжүүлээд дороо худалдааны байгууламжтай, тэнд ороод өвөл даардаггүй царцдаггүй, зун сүүдэрлэчихдэг, дээр нь өнгөтэй өөдтэй, хүн юм үзчих, танилцчих үзэсгэлэнтэй мэдлэг мэдээлэл олоод авах тийм гоё талбай болгож болно шүү дээ. Энэ талбай уг нь хүмүүс налайтал алхаж явж байх ёстой болохоос биш халтирч унаад хөлөө хугалдаг газар биш биз дээ ээ, чинь. Тэгж бодсоны үүднээс шинэлэг санаа дэвшүүлсэн. Гэтэл болдоггүй юм байна. Би үүнийг л коммунист нөлөө гэж үзэж байгаа. Фашист хяналт одоо яг манайд байна, шударга ёс нэртэй. Тэр шударга ёсныхоо хамгийн эсрэг явдаг хүмүүс өөрсөддөө тэр нэрийг өгчихөөд хамгийн муу муухай, шударга бус юмыг хийж байна. МАХН, МҮАН-ын Үндэсний шударга ёс эвсэл гэдэг билүү. Энэ дунд байгаа нөхдүүдийг би нэвт мэднэ. Бүгдээрээ шударга бус үйлдлээр явсан хүмүүс. Хоёр ч удаа МАХН-ын хуралдай гэж юм хийхдээ ямар олон хүнийг гүтгэж, улаан цайм дайрлаа шүү дээ. Энэ нь хяналт гэнэ. Энэ бол цэвэр фашизм. Ингэж хянадаггүй юм. Тэр фашизм нь засагт нөлөөлөөд ямар ч чадваргүй хүнийг манай нам ажилд ав гэдэг. Ийм бачимдуулмаар зүйл байгаад байгаа учраас би огт санаандгүй энэ жүжгийг тавьж байгаа юм. Үүнийг цаг үеийн захиалга ч гэж хэлж хэрэггүй юм. Бидний зүрх сэтгэлийн дуудлага үүнийг хийхэд хүргэсэн юм. -Манай жүжигчдийн ихэнх нь орос “школ”-той, магадгүй залуус ч багш нараасаа ийм “школ” уламжилсан байгаа. Манай театруудад ч гэсэн энэ “школ”-ийн эсвэл үндэсний болоод дэлхийн сонгодог жүжгүүдийг тавьдаг. Та ийм суурин дээр барууны, тэр тусмаа олон нийтэд тэр болгон хүрдэггүй жүжгүүдийг тавина гэхээр ...? -Бид шинэчлэл хийх ёстой. Би ч гэсэн орос “школ”-оор хүмүүжсэн. Та нар хараарай. Орчин цагийн XXIзууны жүжигчдын арга бол тайзнаа тоглох биш, дүрээрээ амьдардаг. Харин бид дүрд тоглоно гэдэг. Би одоо хүүхдүүдээс юу шаардаж байна гэхээр “Битгий дүрд тогло. Дүрд тоглох юм бол схем хийнэ. Дүрүүдийн өөр өөрийн мөн чанарыг илтгэж буй энэ ярианууд ямар зорилготой орж ирж байгаа, яг юуг илэрхийлж байгааг тод томруунаар гаргах хэрэгтэй” л гэж хэлж ярьж сууна. Тухайн энэ жүжигт гарч байгаа энэ дүрүүдийн өөр өөрийн мөн чанарыг илтгэж буй энэ ярианууд ямар зорилготой орж ирж байгаа яг юуг иэлрхийлж байгаа нь илчлэх, бууж өгөх, аливаа юмыг нуугаад байгаа юм уу эсвэл хайртайгаа зарлаад байгаа юм уу гээд тэр бүх зорилгыг гаргаж ирэхийн тулд зөндөө олон хугарал, хууралт, тоглолтууд байдаг. Тэр сэтгэл зүйн хугарлуудаар амьдар. Тэгвэл дүр гарна. Түүнээс биш ийм төрхтэй дүр ийм юм шүү, харц нь ийм байх ёстой гэхээрээ л хэлбэрдэл, схемчлэл болно. Миний арга барил бол энэ. Өөрөө өөрөөрөө амьдрахгүй хэн нэгэн хүн болох юм бол элэглэл болж хувирдаг шүү дээ. Тийм учраас Холливудын стандарт дэлхийд анхнаасаа ноёлж байсан, одоо ч ноёлно. Яагаад гэвэл Холливудын алдарт жүжигчин Ричард Гирыг хэн ч харсан Гир л гэдэг. Гэхдээ тэр хүний тоглосон киноны төгсгөлд явсаар байгаад Гирийг мартчихдаг, Гирийн амилуулсан дүрд итгэдэг, автдаг. Дараа нь Гирийн амилуулсан тэр дүр гэж ярьдаг шүү дээ. Манай энэ жүжигчид бүгд үүнийг нэвт мэдэрч байгаа юм. -Та лав тайзнаа эдгээр жүжгүүдийг тавилаа гээд учиргүй ашиг хараагүй л байх даа, тийм үү? -Ер нь энэ жүжгээс Монголд лав ашиг олно гэж байхгүй. Гэхдээ нэг их алдагдал гараагүй. Бас энэ жүжгийг ивээн тэтгэгч “Алтан тариа” компанийханд их талархаж байна. “Алтан тариа” компанийн захирал П.Цэнгүүн яг энэ үзлээр дандаа өөрийгөө өндөрт өргөж, тэтгэж явдаг залуу. Бид хоёрын санаа нэгдэж, эхний жүжиг болох “Сайтар эргэцүүл” болон энэ “Нэгдүгээр сарын 16-ны шөнө” жүжгийн маань ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна. Мөн хоёр дахь жүжгийг маань ивээн тэтгэж оролцсон. Бас “Соёолж”-ын Даваасүрэн гэж миний дотны дүү минь ивээн тэтгэгчээр оролцсон. Ийм л хүмүүс үзэл бодлоо хамгаалахын тулд хөрөнгө оруулалт хийж байна шүү дээ. Ивээн тэтгэж байгаа хүмүүсийг би хохироож болохгүй биз дээ. Тэгэхээр ядаж үзэл бодол санаанд нь нэрэм болдоггүй юм аа гэхэд гай болохгүй урам дэм өгч явах хэрэгтэй л гэж би бодож байгаа юм. Эдгээр жүжгийн хамгийн том ашиг нь оюун санаа сэтгэлгээнд тэсрэлт хийж байгаа нь л юм. Тэр нь л чухал. -“Нэгдүгээр сарын 16-ны шөнө” жүжгийг ганцхан өдөр тоглоно. Тэгэхдээ анх удаа тайзны жүжгийг орон даяар шууд дамжуулж байгаа нь бас олзуурхууштай юм даа? -“Нэгдүгээр сарын 16-ны шөнө” жүжиг бол бага тайзны жүжиг. Дүр болгон өөр өөрсдийн мөн чанараа хурд, мэдрэмжээр үзэгчидтэй сүлж хийх жүжиг. Гэхдээ энэ жүжгийг “NTV” телевизээр шууд дамжуулна. Ер нь орон даяар жүжгийг шууд дамжуулж байсан тохиолдол Монголд лав анхных байх гэж би бодож байна. Орон даяар дамжуулж байгаа учраас ядахдаа нийт үзэгчдийн 50 хувь нь үгүй юм гэхэд 40 хувь нь үзэх болов уу гэж би бодож байна. Одоо телевизийн олон сувагтай болсон болохоор хүмүүс самгардаж магадгүй. Уг нь бүх телевизтэй яриад зэрэг дамжуулж болно л доо. Хүмүүсийн сонголтыг хүндэтгээд тэгье гэж бодсонгүй. “UBS” телевиз бас хамтарч ажиллаж байгаа. Тэд манай жүжгийн давталтыг дамжуулах юм. “NTV” телевизийн захирал Уламбадрахтай Японд явж байхдаа энэ жүжгээ хийж, телевизээр цацах гэж байгаа тухайгаа хэлсэн. Тэр ч бас миний жүжгүүдийг үзсэн хүн. Тэгээд л жүжгийг шууд дамжуулахаар болсон. Тиймээс энэ жүжгийг нэг хэсэг хүн биш нэлээд олон хүн үзнэ гэж бодож байгаа. -“Сайтар эргэцүүл”, “Төгс” жүжгийг DVD болгосон гэсэн байх аа? -Тийм шүү. “Нэгдүгээр сарын 16-ны шөнө жүжгээ ч DVD болгоно. -Дараагийн тайзны бүтээл тань ч Айн Рэндийнх байх уу? -Тэгнэ. Би Тэмүүжинд захиалчихсан юм. Таван эмэгтэйн тухай жүжиг. Нэг талх барьдаг эмэгтэй барьсан талхаа хүнд өгдөггүй. Хүн түүний барьсан талхыг идэх гэхээр яагаад миний хийсэн талхнаас иддэг юм, чи өөрөө яагаад талхаа барьдаггүй юм бэ гээд эхэлдэг. Таван янзын эмэгтэйн амьдралыг харуулсан, таван араншин, үзэл бодол... Би ч дотроо хэдийнэ таван эмэгтэйгээ “харчихаад” байгаа, УДЭТ-ын жүжигчин Эрдэнэцэцэг, бас Цэнд-Аюуш гээд сайн охин бий. -Та тайзны бүтээлүүдээ дэлгэцийх болгох уу? -Ер нь яваандаа сэтгэлгээний бүтээлийг тайзнаас дэлгэц рүү оруулах эхлэл яваад байгаа юм. Дэлгэцийн бүтээл рүү хэн дуртай нь ч дайраад ордог эд биш. Би мэргэжлийн дипломтой найруулагч биш. Жүжигчний сургууль төгссөн сайн найруулагч нартай хамт ажиллаж байсан болохоос биш. -Гэхдээ та Айн Рэндийн гурван ч бүтээлийг найруулан тавилаа. Со л биш бол өөр хэн ч ингэж найруулж тавьж чадахгүй байсан гэж хүмүүс ярьж байсан? -Би Нямгаваа, Доржсамбуу, Мөнхдорж, Баатар гээд мундаг найруулагч нартай хамт ажиллаж байсан.Дөрвөн өөр араншин, дөрвөн өөр ертөнц, дөрвүүлэнгээс нь авах зүйл маш их бий. Нямгаваа бол асар их уран сэтгэмжийн үсэрхийлэлтэй хүн. Мөнхдорж багш байна. Одоо түүнийг гүйцэх найруулагч байна уу үгүй юу. Би бол байхгүй дээ гэж хэлнэ. Баатар найруулагч бол жүжигчидтэй ажиллахдаа их төнхөж гаргадаг хүн. Доржсамбуу байна. Ийм өвөрмөц хүмүүстэй ажиллаж байсан учраас ямар нэгэн найруулагчийн сургууль төгссөнөөс илүү эднээс суралцсан. Тэд бол намайг ямар их юм сурсныг маань мэдээгүй ээ. /инээв/ Мөнхөө багш намайг их сургадаг байсан. Ц.Балдоржийн “Зэрэглээ” гэдэг жүжигтээ ассент найруулагчаар ажиллуулан бараг надаар найруулуулсан даа. Миний хамгийн хайртай хөгжмийн зохиолч Хангал хөгжмийг нь бичиж, бид зовлон, жаргалаа ярилцаж, “дотор”-оо орж байж хийсэн дээ. Ер нь бол тайзны бүтээл, хүндэтгэлийн цэнгүүн найруулж, дэглэдэг түүнээс илүүтэйгээр Монголын үндэсний язгуур сонгодог бүтээлүүдийг тайзнаа амилуулах эрмэлзэл их байгаа. -Өнгөрсөн жил язгуур урлагийн таван хамтлагийг анх удаа нэг тайзнаа нэгтгэн тоглолт хийсэн шүү дээ? -Тийм, энэ жил долоон хамтлагийг нэгтгэн дахин томоохон тоглолт хийх гэж байна. Өнгөрсөн жилийн оролцсон таван хамтлаг дээр “Тэнгэр аялгуу”, “Бөртэ” хамтлаг нэмэгдэж байгаа. Хүүхдүүддээ ажлын чиглэлийг нь өгчихсөн бэлтгэлээ базааж яваа. Ирэх хоёрдугаар сарын 8, 9-нд тоглолтоо хийхээр төлөвлөөд байгаа. ОХУ-ын Санктпетербург хотод 1905 оны хоёрдугаар сарын 2-нд мэндэлсэн Айн Рэндийн жинхэнэ нэр нь Алиса Зиновьевна Розенбаум. Зургаан настайгаасаа уншиж бичиж сурсан тэрээр найман настайдаа “Би роман бичдэг хүн болно” хэмээн ярьдаг байсан гэдэг. Хуучнаар Зөвлөлт холбоот улсад амьдарч байсан Айн Рэнд 21 настайдаа аз тааран Америк руу цагаачлах боломж олдон Европыг зорьсон. АНУ-д амьдарч байгаад77 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Либертари үзлийн гол онолч, бүтээлч. Түүний “Магтуу”, “Эх сурвалж”, “Атлантын нуруу тэнийв”, “Магтуу” зэрэг бүтээлүүд Монголын либертари эдийн засагчдын клубын дэмжлэгээр хэвлэгдсэн билээ. Дахин сануулахад өвөрмөц шийдэл бүхий “Нэгдүгээр сарын 16-ны шөнө” жүжгийг ердөө ганцхан удаа өнөөдөр буюу нэгдүгээр сарын 16-нд тоглох бөгөөд NTV телевизээр 19.00 цагт шууд дамжуулах юм. Харин жүжгийг “амьд”-аар нь мэдрэхийг хүсвэл “Од” театрыг зориорой. Тасалбарын үнэ 101 мянган төгрөг юм байна. Г.ДАША | урлаг соёл |
Догшин ноён хутагт Данзанравжаагийн нэрэмжит “Мөнгөн цом” яруу найргийн наадмыг Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбоо/МҮЧЗХ/, “Равжаа судлалын үндэсний төв” хамтран өчигдөр 21 дэх удаагаа амжилттай зохион байгууллаа. Хүүхдийн ордонд болсон тус наадамд “Дэлхийн яруу найргийн академи” энэ жилээс хамтран оролцож байхаар болжээ. Бид наадмын үеэр МҮЧЗХ-ны тэргүүн, МУИС-ын харьяа Улаанбаатарын их сургуулийн захирал доктор, профессор С.Байгальсайханаас дараах зүйлийг тодрууллаа. -Энэ жил 21 дэх удаагаа болж байгаа “Мөнгөн цом” наадмын онцлог юу вэ? Жил бүрийн наадам маань өөр, өөрийн онцлогтой болдог. Энэ жилийн хувьд дэмжиж оролцдог байгууллагуудын тоо өссөн. Мөн энэ жилээс ярилцаад зөвхөн яруу найргийн ном биш яруу найргийн болоод яруу найрагчийн тухай бичсэн номуудыг шалгаруулж байх нь зүйтэй гэж үзсэн. Тийм ч учраас энэ жилийн шилдэг тавд судлаачийн бүтээл багтсан байгаа. Ингэхээр хамрах цар хүрээний хувьд “Мөнгөн цом” наадам улам өргөн болсон гэж ойлгож болно. -Энэ жил хичнээн уран бүтээлчийн бүтээл ирсэн бэ? Яг яруу найраг гэдэг утгаараа 13 орчим ном бидэнд ирсэн. Мөн яруу найраг судалгааны ном тав, зургаан ном ирсэн. Ингээд хорь орчим бүтээлээс тавыг нь шалгаруулаад байж байна. -Номын тоо цөөхөн сонсогдож байна л даа. Уран бүтээлчид маань бага гаргасан уу? Эсвэл шалгуур өндөр байв уу? Ер нь бол гадуур дотуур ном их бичигдэж, хэвлэгдэж байна. Гэхдээ энд авч ирээд наадамд өрсөлдүүлье гэх хэмжээний ном тэр болгон гардаггүй юм. -Хэн, хэний ямар бүтээлүүд шалгарсан бэ? За яруу найрагч Д.Сумьяа “Агнистийн шувуу” номоороо тэргүүн байр эзэлж, “Мөнгөн цом” хүртлээ. Удаах байруудад Эрдэнэт хотын яруу найрагч Г.Батсуурийн “Би өөрийнхөө замаар” ном болон яруу найрагч Ж.Батбаатар, утга зохиол судлаач Р.Нарантуяа болон шог зохиолч Д.Жаргалсайханы бүтээлүүд тус тус шалгарсан байгаа. Бид мөн энэ үеэр “Равжаа судлалын үндэсний төв”-ийн тэргүүн Л.Одончимэдтэй цөөн хором хөөрөлдсөн юм. Л.Одончимэд: Хутагтад зориулсан бүтээл олноор гаргана -“Мөнгөн цом”-ын түүхээс хуваалцаач? Одоогоос 21 жилийн тэртээ МҮЧЗХолбоо анх энэ наадмыг санаачлан зохион байгуулж байсан. Тэр үед Дорноговь аймагт ажиллаж байсан Равжаа судлалын ажил ч өрнөж байлаа. Тэр үеэс л хамтран зохион байгуулж байхаар болж өдий хүртэл алдалгүй хамт явж ирсэн. -Догшин хутагтын мэндэлсэний 210 жилийн ой энэ жил болж байгаа. Ямар ажлууд хийхээр төлөвлөж байгаа вэ? 21 жилийн тэртээ энэ наадмыг анх зохион байгуулж байхдаа бид Догшин хутагт Данзанравжаагийн мэндэлсэний 190 жилийг тэмдэглэж байлаа. Харин энэ жил 210 жилийнх нь ой тохиож байна. Бид олон ажил төлөвлөсөн байгаа. Үүний нэг хэсэг нь яруу найргийн чиглэлээр хийгдэх ажлууд байгаа. Харин энэ ажлуудыг нээж “Мөнгөн цом” наадмыг зохион байгуулж байна гэж ойлгож болно. Цаашид яруу найргийн төрлөөр их олон ажил хийгдэнэ. Манай хутагтын Юнескод бүртгэгдсэн таван эрдэм чадлынх нь нэг бол “Дорны суут яруу найрагч” юм шүү дээ. Тэгэхээр үүнийг хөгжүүлэх, хутагтынхаа шүлэг зохиолыг судлахаас гадна хутагт зориулсан шүлэг зохиолыг туурвих ёстой. Д.ДАРХАНХӨВСГӨЛ | урлаг соёл |
Оюунцэцэгийн Цэнд-Аюуш гэдэг нэр хэдэн жилийн өмнөөс уран бүтээлчдийн дунд яригдаж байсан бол одоо түүнийг Монголын уншигчид мэддэг болжээ. “Болор цом-26” наадамд аман хүзүүдэж байсан тэрээр энэ жилийн цомд гутгаар байрт шалгарсан билээ. Мөрөө давсан урт үсээ шилгээж, ажлынхаа цүнхийг ташаан дээрээ тонгочуулан алхангаа, ганц нэгэн шүлэг хэлж, эх орныхоо хөгжлийн тухай санаашран ярьдаг Завхан нутгийн уугуул цэл залуухан найрагчтай цөөн хором хөөрөлдлөө. Цэндийн Чимэддорж хэмээх их хүмүүний орыг залгаж, түүний “Малчин” болоод бусад нэвтрүүлгүүдийг үргэлжлүүлэн хийж, Монголын радио хэмээх босго өндөртэй их айлд ажиллаж яваа яруу найрагч, сэтгүүлч залуугийн сэтгэлийн үгийг хүргэж байна. -Юуны өмнө танд баяр хүргэе. Цомын дараахан уулзаж байгаа болохоор “Болор цом-30” наадмын талаар яриагаа эхлэх үү? -За баярлалаа. Энэ жилийн наадам их сайхан болсон. Ер нь жил жилийн “Болор цом” наадам сайхан болдог. Уншигчид, уран бүтээлчдийг уулзуулдаг наадам шүү дээ. Хамгийн том ач холбогдол нь энэ юм шиг байгаа юм. Энэ жилийн хувьд бидний өмнөх үеийн яруу найрагчид болох ах эгч нар болон залуучууд олноороо оролцсон ийм сайхан наадам боллоо. Энэ наадамд өнгөтэй “давхисан”-даа баяртай байна. Уншигчиддаа ний нуугүй хэлэхэд ямар нэгэн алдар хүндэд хүрэх гэхээсээ илүү дөрвөн сайхан мөр, найман мөр шүлэг бичих юмсан гэсэн бодолтой явдаг. Ер нь энэ бол залуу хүний дотроо бодож явах ёстой зүйл болов уу гэж боддог. Гэтэл сэтгэл гэдэг чинь илүү ихийг хүсээд байдаг, хязгааргүй зүйл байдаг. Хүний хүсэл ерөөсөө хязгааргүй шүү дээ. Бичсэн зүйлээ голоод урахыг нь урж хаяад “за энэ номонд орж магадгүй” гэж цааш нь хийгээд, ажлаа хийгээд л явж байна даа. -Та Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийг дүүргэсэн. Номын багшийнхаа талаар яриач. Олон сайхан хүмүүс байна аа. Тэр дундаа намайг утга зохиол руу хөтөлсөн, дагуулсан хүн бол Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Дулмаа багш маань юм. Би багшийгаа Монголын яруу найргийн өнөө цагийн Янжинлхам гэж боддог. Мөн Соёлын гавьяат зүтгэлтэн н.Цэнд-Аюуш багш, Арлааны Эрдэнэ-Очир, Цогдоржийн Бавуудорж тэргүүтэй олон сайхан номын ах, эгч нар бий. Амьдрал болоод уран бүтээл дээр намайг цаг ямагт дэмжиж, тусалж байдаг энэ олон хүнийхээ хайр халамжин дотор явж байна, би. Хүний хайрыг дааж явна гэж маш том юм байна. Бид бас үүнийг бодож, хайрыг даахын төлөө хичээж явах нь чухал. Манай сургууль ирэх жил 20 жилийнхээ ойг тэмдэглэнэ. Нэг их айхтар сурталчилгаа хийгээд, даллаад байдаг тийм сургууль бол биш. Бас нэг юм бичдэг, ирээдүйд юм бичих байх гэсэн хүмүүсийг шигшиж авдаг. Би өчигдөр ч гэсэн сургууль дээрээ очоод ирсэн. Олон сайхан шинэ залуу шүлэг бичдэг хүүхдүүд шүлгээ уншиж байна лээ. Намайг өдий зэрэгт явахад тусалж дэмжсэн сургуулийнхаа хамт олон, багш, ах, эгч нартаа баярлаж явдгаа энэ дашрамд илэрхийлье. -Монголын үе, үеийн яруу найрагчдын амьдрал, уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн Монголын радио гэдэг энэ их айлд хэзээ оров? -Би энд ороод удаагүй байна. Монголын радиог Монголын зохиолчдын бага хороо гэж хэлдэг. Энд орж ажиллаж, амьдрахын тулд би багагүй бэлтгэл хийсэн л дээ. Босго өндөртэй, Монголын дөрвөн зүг, найман зовхист хадган цэнхэр долгионоо цацдаг, 78 дахь жилдээ үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа Монголын хэвлэл мэдээллийн хамгийн анхны байгууллага. Энд орж ажиллахын тулд надад багагүй туршлага, дадлага хэрэгтэй байсан, бичих ур чадвараас эхлээд. Тиймээс хоёр, гурван жил өөр газар ажиллаж чадвар, дадлага сууж байж саяхан орсон. Ер нь бидэнд сургууль төгссөний дараа ажил хийж сурна гэдэг том ажил байдаг юм байна. Хүнээс үг сонсч, дааж сурах, тэвчээртэй байх, хамт олныхоо эвийг хадгалах гээд олон зүйлийг сурах хэрэгтэй юм байна гэж би боддог. Радиод орж ирээд Цэндийн Чимэддорж гэж XX зууны сүүлийн хагасын их яруу найрагч, номын их ахынхаа хийж байсан нэвтрүүлгүүдийг өвлөөд, түүний уран бүтээл, нэвтрүүлгээ хийж байсан ширээн дээр нь сууж, ажил үйлсийг нь үргэлжлүүлж байгаадаа баяртай явдаг. Энэ их хүмүүний хийж байсан уран бүтээлийг өөрийнхөө ямар л авьяас чадвар, сэтгэл оюун гээд юу байна, тэр бүхнээ дайчлан хийж, сонсогчиддоо хүргэх зорилготой л ажиллаж байна даа. -Та “Никитон” хамтлагийн ахлагч, дуучин Б.Батчулуунтай хамтран дууны уран бүтээл хийсэн гэсэн. “Үүлэн үст” таны шүлэг үү? -Одоогийн байдлаар миний ганц л дуу бий. Нэрийг нь хэлээд яахав. Удахгүй хэд хэдэн дуу гарах байх. За “Никитон” хамтлагийн ахлагч, дуучин Б.Батчулуун бол үнэхээр хөгжмийн тал дээр гоц хүн юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Ийм том уран бүтээлч намайг тоож, хамтарч уран бүтээл хийх санал тавьсанд үнэхээр баярлаж явдаг. Мөн энэ хүн их хүн чанартай, сайхан хүн юмдаа гэсэн бодол сэтгэлтэй үлдсэн. Одоо ч гэсэн бичсэн шүлгүүдийнхээ дээжээс сор болсон, дууны шүлэг болчихмоор нэгийг нь ахдаа үзүүлж байдаг. Удахгүй бас хамтарсан уран бүтээлүүд сонсогч олонд хүрэх байх гэж бодож байна. -О.Цэнд-Аюуш найрагч яруу найргийн хоёр түүврээ гаргасан. Яруу найрагчид “Бичихгүй үе байснаас бодохгүй үе гэж байгаагүй” гэж хэлдэг. Тэгэхээр шинэ уран бүтээлийн түүврээ хэзээ гаргах вэ? -Бид хоёр бэсрэг яруу найргийн түүвэр гаргасан л даа. Энэ бол миний оюутан байх үеийн бас нэг дэврүүн гэх юмуу, тийм шүлгүүд орсон “Манан дундуур”, “Гунигт аяз” гэсэн хоёр түүвэр байна. Энэ жилээс ном гаргах тал дээр илүү нухацтай хандана гэж бодож байгаа. Цөөхөн ч гэсэн уншигчдынхаа итгэлийг алдахгүй бичиж байгаа зүйлсээ илүү сайжруулна. Ер нь тэгээд сүүлийн үед шүлэг бичиж байгаа залуучууд их байна. Олон ч ном гаргаж байна шүү дээ. -Та зөвхөн яруу найраг бичиж байна уу? Эсвэл уран зохиолын бусад төрлөөр бичээд “дараад” байна уу? -/инээв/ Одоохондоо шүлэг л оролдож байна. Нас болоогүй байна уу, авьяас чадал хүрэхгүй байгаа юм уу, бүү мэд. Би өөрөө ер нь жүжгийн зохиол их сонирхдог л доо. Яруу найраг гэдэг бол минийхээр зөвхөн миний л бодсон, сэрсэн, мэдэрсэн эргэцүүлэл. Түүнийгээ дотор байдаг жаахан зүйлтэйгээ хутгаж найруулаад өөр нэг тун гаргаж хүнд өгч байгаа сэтгэл санааг анагаах тан юм гэж боддог. Харин үргэлжилсэн үгийн зохиол бол дотор гарч буй дүрүүдийнхээ өмнөөс амьдарч, бодож сэтгэх шаардлага гарч ирдэг. Тиймээс цаг хугацаа, тэсвэр тэвчээр, авьяас шаарддаг төрөл юм байна л даа. Ингэхээр одоохондоо судалгаа хийж байна. Гэхдээ бодсон, санасан юм бол байгаа. Санаж явахад болох л байлгүй гэж бодож байна ш дээ. -Уран бүтээлчид хамгийн гол нь хүн байх ёстой гэдэг. Залуу хүнийхээ хувьд хүн байна гэдгийн талаар ямар ойлголттой явдаг вэ? -Энэ бол хамгийн гол чухал зүйл гэж би дотроо боддог. Миний багш нар, номын ах эгч нар ч гэсэн хэлдэг байсан. Уран бүтээлч болохын өмнө эхлээд хүн болоорой гэж. Бас нэг дотоод юмаа хадгалсан хүмүүс байдаг юм болов уу даа гэж боддог юм ш дээ. Өрөвдөх хайрлах, эмтрэх сэтгэлтэй, урвах үзэл багатай хүмүүс байдаг гэж боддог. Би ч гэсэн энэ эрхэм чанаруудыг өвлөх, дотроо хадгалж явах, бусдад түгээхийг эрмэлзэж явдаг. Би хүнтэй өс хонзон зангидаж явснаа бол мэдэхгүй. Ам зөрж байсан тохиолдолууд бол бий. Гэхдээ удахгүй мартчихдаг юм. Ер нь амьдралыг харж байхад их жижигхэн юмнаас л амьдрал сайхан болдог юм байна. Бид өнөөдөр үнэндээ том том юм мөрөөддөг. Том байшин, хэдэн арван машин, дансандаа өчнөөн сая төгрөгтэй гээд л. Гэтэл жижиг зүйлээс л бид сайн сайхныг мэдэрдэг юм байна. Хүнд хар муу санахгүй, сэтгэлийн шаналгаа байхгүй байх л чухал юм. Тэр дундаас сэтгэлийн нэг тийм гоё шигтгээнүүд, мэдрэмжүүд хүний амьдралыг чимдэг юм байна даа гэж би боддог ш дээ. Харин тэр том зүйлс хүний амьдрал баялаг юм чинь явж байтал гарч ирнэ. -Цэнд-Аюуш гэр бүлтэйгээ нутагтаа амьдрах төлөвлөгөөтэй гэсэн. Энэ төлөвлөгөө тань хэзээ хэрэгжих бол. -Нутагтаа очиж сууна гэдэг бол миний хүсэл. Удахгүй биелэх байх. Тэр тусмаа уран бүтээлд шамдаж байгаа хүн уулс ус, байгальдаа ойрхон байхаар өөрийнхөө мөн чанарыг алддаггүй гэж боддог. Байгаль бидэнд бичих шүлгийн минь мөр, сэдвийг шивнэдэг, байгальдаа байгаа хүн илүү цэвэр тунгалаг аж төрдөг. Энэ хүсэл минь удахгүй биелэнэ. Энэ нэг их том бурхантай уулзах, олон арван сая төгрөгтэй болох гэх мэтийн биелшгүй мөрөөдөл биш. -Таны яруу найраг бичдэг гол шалтгаан тань ээж тань болов уу гэж боддог. Ээжийнхээ тухай яриач. Миний ээж Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул жирийн сайхан монгол эмэгтэй бий. Монголын олон олон ээжүүд ямар байдаг вэ, яг л тийм ээж. Тэгэхдээ би хөгшин ээж, аавынхаа гар дээр өссөн. Тэр утгаараа эмээтэйгээ арай илүү амь юм шиг байгаа юм. Манай эмээ одоо 80 гарч байгаа сайхан буурай Эрдэнэхайрхан сумандаа амьдарч байна. Саяхан ирээд явсан. Хүн ч тэгээд цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бие нь жижигсээд сэтгэл санаа нь тогтворгүй болдог бололтой юм. Би хөгшин ээжтэйгээ уулзалгүй дөрвөн жил болсон байсан. Би ер нь хэзээ ч шүлэг бичнэ гэж бодож байгаагүй. Архелогич болно л гэж мөрөөддөг байлаа. Энэ мөрөөдөлд кино их нөлөөлсөн шиг байгаа юм. Гэхдээ тонуулч биш л дээ. Тэгээд шүлэг бичиж эхлээд түүнийгээ хаяад байдаг байсан. Тэгснээ хаяхаа байгаад гарын үсэг, он сар тавьдаггүй байж байгаад л хожим гарын үсэг зурж хадгалдаг болсон. Тэгээд л энэ зам руу эргэлт буцалтгүй орсон доо. -Зарим нэгэн хүн “Энэ Цэнд-Аюушийг хэт залууд нь хөөргөөд хаячихлаа. Биеэ тоочих вий” гэж хэлэхийг сонсож байсан л даа. Та үүнийг юу гэж хардаг вэ? Өөрийгөө хэрхэн хурцалж явдаг вэ? -Үүнийг бол хувь хүний зан чанартай л холбоотой зүйл гэж боддог. Шагнал бол байлгүй яахав. Байх ёстой зүйл, сайхан юм шүү дээ. Хүнд урам өгнө гэдэг өөрөө сайхан. Би бол хүний сэтгэлийн туйлд хүрч үзэх юмсан гэж боддог. Тийм болохоор эрт ханах, биеэ тоох зэргээр өөрийгөө устгачихгүй байх гэдэгтээ итгэлтээ байдаг. -Танай үеийнхнийг Монголын утга зохиолын нэгэн үе гэдэг. Та үеийнхнийхээ талаар ямар бодолтой явдаг вэ? -Манай үед шүлэг, яруу найраг бичиж байгаа олон сайхан залуус байна. Манайхан бол авьяастай, шинэ сэрхүй, мэдэрхүйтэй, хөдөлмөрч сайхан залуучууд бий. Манайхан голцуу шүлэг бичиж байна л даа. Тэгээд би зарим нэг нь үгүүллэг бичээсэй. Жүжиг бичээсэй, сонины том том нийтлэл туурвиасай гэж хүсдэг. Гэхдээ цаг хугацааны явцад хүссэн, хүсээгүй бичээд гарч ирнэ л дээ. Энэ бол зайлшгүй үнэн зүйл. Авьяас чадвар, уншсан судалсаны хувьд бол бусдаас нэг их дутахгүй л гэж боддог. -Таны номын ширээн дээр яг одоо хэний ямар ном байна. Хамгийн сүүлд ямар ном уншиж байна? Оросын Николай Пржевальскийн “Монгол, Тангад нутгаар” гэж номыг уншиж байна. 1800-аад оны сүүлээр манай улсад хийсэн аялал, архелогийн судалгааны маш том материал байна. Ер нь манай залуус түүх, танин мэдэхүйн талын юм их унших хэрэгтэй гэж би бодож байгаа. Өөр гэвэл ажилтай холбоотой мал аж ахуйн номнууд уншиж байна даа. Мал аж ахуйн салбарыг нэг их ойшоодоггүй байсан чинь дотор нь ороод судлаад ирэхээр маш сонирхолтой салбар юм билээ. Монгол гэдэг улс маань олон зууны туршид мал аж ахуй дээр тулгуурлан амьдрал ахуйгаа дээшлүүлж, эдийн засгаа босгож ирсэн түүхтэй юм байна гэдгийг мэдээд ийм номнуудыг харж сууна даа. Харин энэ “Монгол, Тангад нутгаар” гэдэг ном бол манай залуучуудын нүдийг нээх ном байна даа гэж бодоод уншаад сууж байна. ЯРИЛЦСАН: Т.ДАРХАНХӨВСГӨЛ | урлаг соёл |
Төрийн шагналт зохиолч, яруу найрагч Д.Төрбат 12 жилээр нэрлэсэн түүхэн романаа “Тэнгэрийн соёрхол” нэртэйгээр ботилон гаргасан билээ. Энэхүү ботийн нээлт өнөөдөр “Мөнхийн үсэг” компанийн байранд болж буй. Бид зохиолчийг номын баяраа хийхээр сэтгэлийн догдлол өндөр явах үед нь уулзаж цөөн хором хөөрөлдлөө. -Танд айлчлан ирж буй сар шинийн мэнд хүргэе. Таны 12 романы нээлт болох гэж байна. Ботийнхоо талаар яриагаа эхлэх үү? -За баярлалаа. Энэ бол миний баяр төдийгүй уншигч олны маань баяр юм. Анх 1986 онд Унгар улсын нийслэл Будапешт хотод Дунай мөрний эрэг дээр “Могойн чуулган” романыхаа анхны мөрүүдийг бичиж байлаа. Намайг явахаас өмнөхөн сэтгүүлчдийн их хурал болоод Л.Түдэв дарга надад нэг том улаан дэвтэр бэлэглэсэн. Тэгээд тэр дэвтэр дээрээ: “Буурал Ренчинг доктор болгосон Будапештийн тэнгэр доор Эрдэмтэн зохиолч Түдэвийн өгсөн дэвтэр дээр Энэ романыг бичиж эхлэв” гэж бичиж байсан минь “Могойн чуулган”-ы гар бичмэлийн өмнө байдаг юм. Харин тэр улаан дэвтэр минь Дундговь аймгийн орон нутаг судлах музейд байгаа. Ингэж л анх энэ 12 романы эх тавигдсан. Түүнээс хойш бичихгүй өдөр байснаас бодохгүй өдөр байхгүйгээр 26 жил энэ 12 романаа бичсэн байна даа. Гол нь Монголын түүхийг хамгийн эгзэгтэй үеүдийг энэ романууддаа тусгах гэсэн юм. Ухаандаа “Хулганы зиндаа” бол яг энэ монгол газар шорооноос Монголчуудыг Түрэгүүд хөөгөөд Эргүнэ хун руу шахаад монгол овог, удам сөнөхөд хүрсэн домгоос эхлэлтэй. Энэ домогт далан бухын арьсаар хөөрөг хийж, төмөр уул сэтлээд уугуул нутагтаа ирсэн гэж гардаг юм. Нууц товчоо “Бөртэ чоно, Гоо марал тэнгис далайг гатлан ирж” гэж эхэлдэг нь магадгүй төмөр уул сэтлэн ирсэн хүмүүсээ хэлсэн байж болох л талтай. Ийм маягаар түүхийн сонин үеийг холбож бичсэн л зохиолууд байгаа юм. -Анх Будапештэд “Могойн чуулган”-аа биччихээд л 12 жилээр нэрлэж цуврал болгоё гэж бодсон уу? -“Могойн чуулган” маань гайгүй амжилттай болсон л доо. Надад урам зориг өгч анхны романы минь шүүмжийг “Монголоо егүүтгэх Монгол секс буюу гунигт тавилан” гэсэн нэртэйгээр “Утга зохиол, урлаг” сонин дээр Д.Галбаатар нийтлүүлсэн юм. Тэр жилээ МЗЭ надад нэрэмжит шагналаа өгч, дараа жил нь Д.Нацагдоржийн шагналыг “Могойн чуулган” роман бичсэний төлөө гэж өгсөн юм. Үүнээс л урам зориг орж дараачийнхаа романыг бичсэн дээ. Дараа нь “Хулганы зиндаа”, “Үхэр унасан бурхад” гэсэн хоёр романаа 1-р эмнэлэгт бие муудаад ойр, ойрхон олон хоногоор хэвтэхдээ бичсэн. Тэгээд ер нь Шарга морьтын зуслан, 11-р хороолол, эмнэлэг гээд хаа байсан газар бүртээ л энэ хэдийгээ “нухсаар” яваад энэ жил бүгд жигдэрч уншигчдын гарт очиж байгаа нь энэ. Олон хүн надад баяр хүргэж байна. Тэр бүү хэл гадаад суугаа монголчууд маань утасдаж, номыг маань захиалан уншиж байгаад ах нь баяртай байна даа. -“Могойн чуулган”, “Морин зэрэглээ”, “Хонин холбоо” гээд зарим нь нилээд эрт хэвлэгдэж байсан. Яг шинээр уншигчдад хүрч байгаа роман байна уу? -“Могойн чуулган” бол тавь дахь удаагаа хэвлэгдэж байгаа. Хамгийн анх “Монгол роман” сэтгүүлд гарч байсан юм. “Морин зэрэглээ”, “Хонин холбоо” хоёр бол гурав дахь удаагаа хэвлэгдэж байгаа. Харин яг шинээр гэвэл “Тахиа тамга”, “Луу данс” гээд романууд хэвлэгдсэн. -“Хулганы зиндаа” “Нууц товчоо”-оос өмнөх үеийн түүх, домогтой холбож бичсэн гэсэн. Тэгэхээр энэ 12 романд түүхийн үе, дараалал бий юу? -Үндсэндээ бол дараалалтай. Үхэр жилд гэхэд Хабул хааны, “Туулай туульс”-д Гүег хааны, “Луу данс” гэхэд Чингис хаан гэхээсээ илүүтэй Хавт Хасарын тухай гээд дараалалтай бичигдсэн. Ер нь Монголын түүхийн хамгийн ээдрээтэй, оршихуй, эс оршихуй гэсэн хүнд үеийг авч бичсэн. Хамгийн сүүлийн “Гахайн мөсөн хуяг” гэхэд л 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний талаар байх жишээтэй. Энэ үед Монгол улс байх уу, үгүй юу гэдгийг ярьж, Хиагтад Орос, Хятад хоёр Монголын хувь заяаны талаар хуралдаж байхад Манлай баатар Дамдинсүрэн илд агсаж очиж, “Энэ хүн бол олон улсын хуралд тэнцэхгүй нөхөр” хэмээн хөөгдөж байлаа шүү дээ. Ер би юу хэлэх гээд байна гэхээр энэ 12 роман монголчуудын байх, үгүй талаар яригдаж байсан эгзэгтэй үеийг түүж бичсэн түүхэн роман гэж ойлгоход болно. -Таны эдгээр романуудыг уншиж байхад нэр сонголт их сонин санагдсан л даа. Түүхэн хүмүүсийн нэр тийм байлаа гэхэд зохиомол дүрүүдийнхээ нэрийг яаж сонгодог вэ? -“Хулганы зиндаа” бол манай түүхэнд ороогүй үеийг бичсэн гэж бодвол энэ роман бол тэр чигээрээ уран зохиол. Харин түүнээс хойш Хабул хаан, Тэмүүжин, Хасар гээд түүхэн хүмүүсийн нэр гардаг. Тусачу гэж залуу байсан уу гэвэл байсан. Энэ залуу 32 настайдаа Хубилай хааны эхний флот сүйрсний дараа Японд хоёр солонгос, хоёр хятадыг дагуулж очоод цаазлуулсан түүхэн хүн. Энэ дундаа Чимур хорч, Аминнавч, Нарантэнгис гээд ирэхээр зохиомол дүрүүд болоод явчихна л даа. Нэрийг бол бичээд явж байтал нэг л мэдэхэд ороод ирдэг юм. Гэхдээ тухайн үедээ тохирсон нэр байх ёстой л доо. -Таныг энэ 12 романыхаа эрхийг “Мөнхийн үсэг”-т зарсан гэж сонссон. Энэ олон жил тархи, оюунаа бясалгаж бичсэн зохиолоо өөрөө хэвлэх боломж олдоогүй юм уу? -Тийм. Гурван жилийн хугацаатай зарчихсан. Мөнгө гэж нэг аюултай зүйл байна шүү дээ, дүү минь. Хоёрдугаарт би чинь “Монголын уран зохиолын дээжис 108 боть” гаргах гэж баахан мөнгө гуйж явсан боловсон гуйлгачин хүн л дээ. Саяхан биднийг Ерөнхийлөгч хүлээж авч уулзахад нь 108 ботийг ивээн тэтгээд дунд сургуулийн номын санд үнэгүй тараагаач гэсэн хүсэлт тавьсан. Манай ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чинь залуудаа шүлэг бичдэг байсан юм. 1989 оны гуравдугаар сарын 18-нд “Цэргийн цом” гэж анх болоход би “Жанжин Дэмидийн тарьсан мод” шүлгээрээ түрүүлж, Ерөнхийлөгч маань “Цустай цагаан цамц” шүлгээрээ удаалж байлаа. Тэгэхэд “Улаан од” сонины сурвалжлагч, дэслэгч цолтой байсан юм ш дээ. Энэ мэтчилэн хүнээс мөнгө гуйхаад байхаар халширдаг болдог юм байна. Тийм учраас л “Мөнхийн үсэг”-т зарсан хэрэг. -Бар, туулай жилийг нь салгаж хэвлээд, номын худалдааг тэргүүлээд байгаа юм биш үү? -Харин тийм ээ. Би чинь 12 романаа ботилж хэвлээд болох юм гэж бодсон чинь надаас асуулгүй салгаад “Хаан төрийн нууц”, “Хатан төрийн нууц”-ыг маань хэвлэчихсэн байна лээ. Тэгээд ямар юу юуны туханд хүрэлгүй хүнтэй хэрэлдээд явалтай биш. Хэвлэхээ өөрсдөө мэдсэн юм чинь дараа нь надад хэд гурван юм хялайлгах байлгүй дээ /инээв/. -Олон жил бичсэн бүтээлийн ард гарчихаар “хоосорчихдог” гэж хүмүүс ярьдаг юм билээ. Таны тэр үеийн сэтгэгдлийг сонсмоор байна. -Үнэхээр тэгдэг. Хоосорчихдог юм. Хамгийн сүүлд “Тахиа тамга” гэдэг романаа 2012 оны аравдугаар сарын 2-нд дуусгасан байна лээ. Тэгээд л сэтгэл хоосроод, тархинд юу ч бодогдохоо болиод л үлддэг юм даа. Тэгээд хийх юм байхгүй болохоор гурван өдөр сайхан ууна даа. Түүнээс олон хоног явж ч чадахгүй, бие даахаа болино. Тэгээд л буцаад бичихээс өөр аргагүй болно доо. -Та одоо ямар бүтээл дээр сууж байна вэ? -Түмэн Шаньюугаас эхлээд Ю.Цэдэнбал дарга хүртэл Монгол төрийг жолоодож явсан хүмүүсээр 108 туурь бичиж байна. Би өгүүллэг, туужийн ном их цөөхөн гаргасан байдаг. Тиймээс бүгдийг нь эмхэтгээд хоёр дэвтэр “Миний биеийн зүрхний чимэг” гээд ном гаргана. Энэ номоо дагуулаад “Хийморийн чуулган” гэж дурсамжийн номоо гаргана. Яг л дэргэд явсан найзууд гэнэтхэн яваад өгөх юм. Саяхан л гэхэд Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж, нэг нугийн, нэг жилийн унага Ц.Чимэддорж маань бурханы оронг зорьчихлоо. Ингээд эзгүйрээд байхаар тэднийхээ тухай дурсамж их бичих юм. Дээр нь жүжиг, киногоо нэмээд найман боть гаргах санатай “Мөнхийн үсэг”-тэй яриад л байгаа. Ингэж юмаа цэгцлэж байхгүй бол хэзээ ч “анд найз” маань ирээд намайг аваад явчих юм билээ, би мэдэхгүй шүү дээ. -Сайхан ярилцсанд баярлалаа. -За баярлалаа. Танай уншигчдад болон хамт олонд чинь ирж буй усан могой жилдээ сайхан шинэлж, элгээрээр энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байгаагаараа гэж ерөөе. ЯРИЛЦСАН: Т.ДАРХАНХӨВСГӨЛ | урлаг соёл |
Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид 2010 онд В.Кансногоровын долоон жүжгийн төслийг амжилттай хэрэгжүүлсэн удаатай. Тэд эл төслийнхөө үргэлжлэл болгон 2014 оны дөрөвдүгээр сараас эхлэн “Бэсрэг жүжгийн төсөл” буюу “Долоон найруулагчийн долоон өөр ертөнцөөр аялах” аяллыг зохион байгуулж аравдугаар сард амжилттай хэрэгжсэн. Бага төсвөөр драмын урлагаар дамжуулан найруулагчид нийгмийн хүнд асуудлуудыг хөндөж үзэгчдэд хүргэхийг зорьсон нь нүдээ олсон ч байж болох юм. Хүн чанар, хайр харуусал, гэр бүл, үр хөндөлт, өнгө мөнгөний мөн чанарыг сэтгэхүйн, инээдмийн, аймшгийн зэрэг олон шинэлэг жанраар үзэгчдэд хүргэхийг хичээсэн нь тэдний жүжгүүдээс анзаарагдаж байсан билээ. “Бэсрэг жүжгийн төсөл”-ийг улсаас 10 сая төгрөгөөр санхүүжүүлж нийт 7284 үзэгч тус төслийг хүлээн авч, 59,713,000 төгрөг олжээ. 10 сая төгрөгөөр нэг жүжгийн санхүүжилтийг хийж хүрэхгүй мөнгө гэдгийг манай уншигчид андахгүй болов уу. Тэр ч утгаараа Драмын театрын уран бүтээлчдээс чамгүй өндөр чадвар шаардаж байсан нь тодорхой. Ганц урлаг гэлтгүй бүх л салбар хөрөнгө оруулалт, санхүү гэдэг зүйлтэй шууд холбоотой. Харин Драмын театрын уран бүтээлчид бага төсвөөр үзэгчдэд хэрхэн сайн уран бүтээл хүргэж болохыг харууллаа. Цаашдаа ч олон сонирхолтой төслийг үзэгчдэд хүргэх нь дамжиггүй биз ээ. Харин хамгийн олон удаа үзэгчдийн хүртээл болсон жүжиг Н.Ганхуяг найруулагчийн “Бүүвэй” жүжиг байлаа. Бүүвэй жүжгийг нийт 2182 хүн үзэж, 21,358,000 төгрөгийн орлого олсон байна. Харин Харолд Принтерийн зохиол Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатрын найруулсан “Өчигдөр” жүжиг таван удаа үзэгчдийн хүртээл болж, нийт 15,262,000 төгрөгийн орлогыг олжээ. Н.Наранбаатар найруулагчийн жүжиг бусад зургаан найруулагчийн жүжгүүдээс харьцангуй өндөр үнэтэй буюу 10-25 мянган төгрөгөөр үзэгчдэд хүрсэн юм. Н.Наранбаатар найруулагчийн жүжиг тавигдаж эхлэхээс хоёр хоногийн өмнө тоглолтын тасалбар дууссан байсныг дурьдах нь зүйтэй болов уу. Люсиль Флетчерийн зохиол, Соёлын тэргүүний ажилтан Ч.Түвшин найруулагчийн найруулсан “Уучлаарай та дугаар андуурч” триллер жанрын драмын жүжиг гурван удаа Драмын театрын тайзнаа тавигдаж 151 хүн үзэж 1,555,000 төгрөгийн орологотой ажилласан. Ч.Түвшин найруулагчийн найруулсан “Уучлаарай та дугаар андуурч” жүжиг Драмын театрын хамгийн анхны аймшгийн жанрын бүтээл тэр дундаа Драмын театрын залуу уран бүтээлчдийг тоглуулснаараа тун онцлог байсан юм. А.Ванпиловын зохиол Урлагийн гавьяат зүтгэлтэн Мөнхдорж найруулагчийн найруулсан “Хэрээт төгөл” уран бүтээл таван удаа тоглогдож, нийт 7,276,000 төгрөгийн ашигтай ажиллажээ. Николая Колядагийн зохиол Драмын театрын найруулагч Ц.Батнайрамдалын найруулсан “Маникен” сэтгэхүйн драмын жүжиг гурван удаа тоглогдож, 827 хүн үзэж, 8,620,000 төгрөгийн орлогыг Драмын театрт оруулсан байна. Итгэлт баян нэрээрээ олонд алдаршсан Ардын жүжигчин А.Очирбатын зохиол найруулагч Э.Ёндоншарвын найруулсан “Буруугүй буруутан” жүжиг гурван өдрийн туршид үзэгчдийн хүртээл болж, 1200 үзэгч хүлээн авчээ. Тасалбарын үнийн хувьд 10-15 мянган төгрөгөөр үзэгчдийн хүртээл болсон бөгөөд нийт дүнг драмын театраас ирүүлээгүй учраас хамгийн бага үнэ буюу 10 мянган төгрөгөөр тооцож, 12 сая төгрөгөөр тооцсон билээ. Дарио Фогийн зохиол, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандоржийн найруулсан "Чөлөөт хос" зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан жүжиг нийт 1500 үзэгчдэд хүрч 10-15 мянган төгрөгөөр үзэгчдийн хүртээл болжээ. Нийт олсон орлого 15 сая төгрөг. Драмын театрын зүгээс тодорхой дүн өгөөгүй учир тасалбарын үнийг хамгийн багаар буюу 10 мянган төгрөгөөр тооцов. Драмын урлаг гэдэг хүмүүний дотоод ертөнцийн зөрчил, хүн төрөлхтөний мөн чанар нийгмийн сайн сайхан хийгээд бохир хандлагыг бодитой басхүү шүүмжлэлтэйгээр үзэгчдэд хүргэдэг тайзны урлаг. Зохиолчийн өрнүүлсэн хүчтэй зөрчил, огтлолцол, санааг тайзнаа амьдруулж бодитоор үзэгчдэд хүргэх ч тийм амар зүйл биш биз ээ. Э.ТЭКҮ | урлаг соёл |
Монголын нийтийн дууны шилдэгийн шилдэг уран бүтээлчид болон уран бүтээлийг шалгаруулах “Алтан хуур” наадам маргааш буюу дөрөвдүгээр сарын 22-нд зохион байгуулахаар болжээ. “Алтан хуур 2014” наадмын улаан хивсний ёслол 17.00 цагт Монгол бөхийн өргөөний гадаа болох бол 20.00 цагаас шилдэгийн шилдэгүүдээ тодруулах гала тоглолт болох аж. Уг наадамд нийт 12 номинацид 60 гаруй нийтийн дууны уран бүтээлчид өрсөлдөж буй юм. Э.ТЭКҮ | урлаг соёл |
Драмын урлагийн шилдэг бүтээл, уран бүтээлчдийг шалгаруулдаг “Гэгээн муза” 11 дэх удаагийн наадам тавдугаар сарын 19-нд болно. Олон улсын нэршилтэй болж, цар хүрээгээ өргөтгөсөн уг наадамд Монгол, Египет, Серби, Тува, ӨМӨЗО-ы уран бүтээлчид өрсөлдөх юм. Наадмын тов ойртоод байгаа энэ өдрүүдэд “Гэгээн муза” наадмыг шүүх шүүгчдийн нэрс албан ёсоор тодроод байна. Тодруулбал, наадмын ерөнхий шүүгчээр Төрийн соёрхолт, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар ажиллах бол шүүгчдийн бүрэлдэхүүнд “Гэгээн муза” академийн ерөнхийлөгч, Ардын жүжигчин С.Сарантуяа, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, УГЗ Б.Лхагвасүрэн, найруулагч, УГЗ Ч.Ганхуяг, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны тэргүүн Б.Бямбабаяр, “А Пласс” студийн захирал Т.Аянга, УДЭТ-ын зураач Т.Ганхуяг, Урлаг судлалын ухааны доктор, дэд профессор, театр судлаач Д.Батсайхан, Урлаг судлаач, профессор Д.Мягмарсүрэн, АНУ-ын төрийн департментийн харъяа Олон улсын театрын хүрээлэнгийн шүүгч, найруулагч, жүжигчин, продюсер Элизабет Хэсс, ОХУ-ын шилдэг залуу 10 найруулагчийн нэг, Тува улсын найруулагч Сюзанна Ооржик нар багтжээ. Мөн наадмын эксперт шүүгчээр ССАЖ-ын сайдын зөвлөх, Төрийн соёрхолт, жүжигчин Ц.Төмөрбаатар, Хүүхдийн төлөө үндэсний газрын хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын дарга Х.Баавгай, Дундговь аймгийн төв халхын дуулалт жүжгийн театрын найруулагч Д.Доржсүрэн нар ажиллах юм байна. “Гэгээн муза-11” наадамд “Драмын жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Дуулалт жүжгийн төрөл”, “Нэг хүний жүжгийн төрөл” гэсэн үндсэн номинацид 20 гаруй уран бүтээлийн 80 гаруй уран бүтээлч өрсөлдөж байгаа билээ. | урлаг соёл |
Драмын урлагийн шилдгийн шилдгүүдийг тодруулах “Гэгээн муза 11” наадамд “Ромео жульетта” мюзикл өрсөлдөж буй. Тус бүтээлийг тавдугаар сарын 14-нд буюу өнөөдөр 19.00 цагаас “UB palace”-ын их танхимд ганцхан удаа тоглох гэж байна. Уг жүжиг нь “Гоолингоо”, “Ван хүний үр”, “Ээрэн хүрээ”, “Монгол шатрын домог” зэрэг бүтээлүүдтэй хамт “Гэгээн муза” наадмын дуулалт жүжгийн төрөлд хүч сорьж буй юм. “Ромео жульетта” дуулалт жүжгийн гол дүрүүдэд “A Capella” хамтлагийн дуучин Ц.Мөнх-Од, “Классик жем” хамтлагийн дуучин Б.Отгончимэг нар тоглож байгаа ажээ. “Ромео Жульетта” сонгодог дуулалт жүжгийг Францын хөгжмийн зохиолч, найруулагч Жэрад Пересугурвичийн тавилтаар тайзнаа амилуулж байгаа юм. Э.ТЭКҮ | урлаг соёл |
Драмын урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн муза 11” наадам хоёрдугаар шатны шалгаруулалтаа тавдугаар сарын 12-оос эхлүүлсэн билээ. Хоёрдугаар шатны шалгаруулалт Улсын драмын эрдмийн театрын уран бүтээл “Дон кихот ноён” жүжгээр эхэлсэн. Өнгөрсөн жилээс олон улсын наадам болж хүрээгээ тэлсэн тус наадмын олон улсын оролцогчид Улаанбаатарт ирээд байгаа аж. Тухайлбал, тавдугаар сарын 13-нд ӨМӨЗО-ы уран бүтээлчид “Гэгээн муза 11” наадамд оролцохоор иржээ. Энэ жилийн “Гэгээн муза” наадамд Египет, Серби, Оросын холбооны Тува улсын уран бүтээлчид өөрсдийн уран бүтээлүүдээ Гэгээн муза наадам өрсөлдүүлэхээр зэхжээ. Э.ТЭКҮ | урлаг соёл |
Зуунаас зуун дамжин сонгодог урлагийн үнэ цэнэ, дэлхийн театруудын чадал чансааг сорьсоор буй “Гамлет” хаврын энэ өдрүүдэд дахин Монголын тайзнаа тавигдаж байна. “33 жилийн дараа дахин тайзнаа ...” хэмээн сүр дуулиан болж байсан тэр үеийг бодвол энэ удаад “Гамлет” даруухан “газардав”. “Гамлет”-ыг хэн найруулах бол, хэн хэн гол дүрийг бүтээх бол гэдэг асуултын ард бид аль хэдийнэ гарсан. Харин Гертруда /У.Уранчимэг/, Офелия /А.Ганчимэг, Д.Ганцэцэг/ энэ удаад солигдох тул чухам хэн оронд нь тоглох бол гэсэн хүлээлт үзэгчдэд байв. Драмын жүжгийг үздэг хүмүүс ч тодорхой, улстөрч, бизнесийнхэн, элчин сайдууд товчхондоо 30-аас дээш насныхан гэдэг ойлголтонд яг энэ цаг мөчид, энэ үдэш цэг тавих хэрэгтэй болов. Өсвөр насныхан, дунд сургуулийн сурагчид дэлхийн театрын босго “Гамлет”-ын өмнө гэнэхэн сэтгэлээ дэлгэн тухлав. Томчууд “Гамлет”-ыг бараг А.Б-гүй мэдэх атлаа урьд үзсэнүүдтэйгээ харьцуулалт хийх гэж тайзны өмнө суудаг бол энэ удаагийн үзэгчдийн хувьд бүх юм нь анхных. Сонгодог жүжиг үзэж байгаа, том театрт ирж үзсэн нь, киноноос л зүс мэдэх жүжигчдээ “ориг”-оор нь харах, бүтэн 3 цаг 40 минутын турш, хамгийн урт кино, хошин шогоос ч урт тоглолтыг яг сууж үзэх тэдэнд бүх л зүйл шинэхэн, сонихон байгаа нь ажиглагдсан. Нэгэнт та бүхний эртний танил “Гамлет” тул олныг нуршихаас түдгэлзэн солигдсон жүжигчдийг цухас танилцуулья. Гертрудагийн дүрд МУГЖ Ж.Оюундарь, Офелиягийн дүрд СТА Т.Хулан нар тоглосон. Театрт очихын өмнө нэгэнт тэсгэл алдан “Гамлет”-ын өмнөх тавилтуудын шүүмжүүдийг уншсан тул Т.Хулангаас “Хад чулуун дунд ургасан эмзэг дэлбээ, гэнэн цайлган хайр татам” төрх, Ж.Оюундариас “Сийрсэн шилэн оймс, тачаангуй төрх, шийдэмгий зоримог алхаа, энэлэл шаналал, үрээ хайрлах чин сэтгэл”-ийг үзэгч бивээр хайн бэдэрч эхлэв. Яг ингээд үзээд суусан чинь Офелия гол дүр биш ч юм шиг. “За одоо л нөгөө хүүхэлдэйгээ төрүүлээд жинхэнэ солиотой хүнийг гаргаж үзэгчдийг алмайруулна даа” гэж гартаа барьсан алчуураа сэм сэм базалтал нөгөө Офелия хүүхэд төрүүлж байна гэж хүүхэлдэй тэвэрч гүйсэн ч үгүй хэдхэн минут галзуурлыг бүтээгээд удалгүй усанд үйж үхсэн мэдээг үзэгчдэд Гертруда дуулгав. Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу. Эх сурвалж: www.grandnews.mn | урлаг соёл |
Драмын театрын залуу уран бүтээлч Б.Тамиртай ярилцлаа. -Та “Аз жаргалын шок” уран бүтээлийнхээ зохиол болон найруулга дээр нь ажилласан. Таны дараагийн уран бүтээл хэзээ үзэгчдийн хүртээл болох вэ? -Таван сарын эхээр кино зураг авалтандаа гарна даа. Одоогоор бэлтгээд л явж байна. Өмнө гарсанаасаа өөр жанрын уран бүтээл бий. -Өөр гэвэл ямар төрлийнх байх вэ. Жүжигчдийн хувьд...Өмнө та найзуудаа сонгож тоглуулсан шүү дээ? -“Action drama” жанр. Монголын кино ертөнц хүлээн зөвшөөрөх эсэхийг мэдэхгүй байна. Ер нь бол шүүлтүүр бол үзэгчдээс л гарна л даа. Олон жүжигчид байгаа. Мэдээж “Фантастик” продакшны уран бүтээлчид бүгдээрээ оролцоно. Ер нь олон уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэй уран бүтээл болно. Ахмад жүжигчидээс маань ч гэсэн уг кинонд ажиллах санал тавьсан байгаа. -Таны бодлоор жүжигчин хүн гэж яг ямар хүнийг хэлдэг юм бэ? -Жүжигчин хүн гэж тайзан дээр ч тэр, дэлэгцэн дээр ч тэр маш сонирхолтой амьдардаг хүнийг л хэлэх байх даа. -Таны амьдрал сонирхолтой байна уу? -Миний амьдрал сонирхолтой байна. Амьдрах гэдэг маань үнэн сэтгэлээсээ тайз дэлгэцэн дээр амьдарч чадаж байгаа хүнийг л жүжигчин хүн гэх байх. -Өнгөрсөн баасан гаригт буюу дөрөвдүгээр сарын 18-нд болсон урлагийнханы тайван жагсаалын үеэр та оролцож байгаа харагдсан. Энэ талаар өөрийн бодлоо хуваалцахгүй юу? -Урлагийнхны цалин бидэнд хамаагүй асуудал гээд хаячихаж болохгүй. Урлагаар дамжуулан нийгэмд хэрэгтэй маш олон том боловсролуудыг өгч байдаг. Тийм учраас улсын гэсэн тодотголтой байгууллагуудыг дэмжих хэрэгтэй. Урлагийн салбарт ажиллаж байгаа залуус банкнаас зээл авах гэхлээр хүрдэггүй. Цалин нь зээл авах боломжгүй хэмжээтэй байдаг. Уран бүтээлчийн ажил хүнд шүү дээ. Биеийн, оюуны хөдөлмөр эрхэлж гүйсээр байгаад амьдралаа алдах магадлалтай. Урлагтаа үнэн ч байхад нь ядаж ар гэртээ хангалттай цалинтай байх хэрэгтэй. Тэрнээс биш бүх л уран бүтээлчид мэргэжилдээ хайртай байдаг. -Урлагийн салбарынханд уран бүтээлийн урамшуулал олгосон нь дээр үү, цалинг нь нэмсэн нь дээр үү? -Хэцүү л дээ...мэдээж цалингаа авсан нь дээр л дээ. -Олон уран бүтээлд тогложээ. Тайз дэлгэцийн гэх мэт. Таны бодлоор Монголын кино урлагийн салбар хөгжиж байна уу? -Кино урлаг хөгжиж байгаа. Хэчнээн кино нээлтээ хийж байгааг харахад андашгүй. Манай жүжигчид, найруулагчдын чанар сайн. Гэхдээ аливаа зүйл шууд огцом хөгжихгүй бага багаар хөгжинө. Манай кино урлаг хөгжиж байгаа. -Сүүлийн үед кино урлаг мөнгө хөөдөг болсон гэсэн шүүмж сүүлийн үед их гарч байна л даа...? -Уран бүтээлээ ч хийдэг ашгаа ч хийдэг байх хэрэгтэй гэж боддог. Зарим хэт ашиг хөөсөн сонин бүтээлүүд бийг үгүйсгэхгүй. Яаруу сандруу, зохиолын логик байхгүй, хүчээр хүнийг инээлгэх гэсэн хэдэн цаас харсан бүтээл бий. Гэхдээ удахгүй энэ жанраараа хийхдээ арай өөр дэвшил хөгжилрүү тэмүүлсэн зүйл болох болов уу гэсэн бодолтой байгаа. Нийгэм өөрөө стресстэй байгаа учраас хүмүүс инээдмийн кино их үзэх сонирхолтой байдаг хүссэн хүсээгүй. Тийм ч учраас үзэгчид тийм зүйлийг үзэхийг хүсээд үзээд байна. Миний бодлоор хэдий тийм байгаа action drama гэх энэ төрлийг хүлээж авах талруугаа эргэх болов уу. -Зохиолын сэдвийн давхцал. Бид нар Copy, past гэж ярьдаг. Энэ зохиолын сэдэв, санаа давхцах болов уу? -Зарим нэг хүмүүс ярьж л байна лээ л дээ. Аз жаргалын шок сopy, past байна лээ гээд. Гэхдээ би Монголд анхдагч нь болсон. Ийм жанрын кино олон байдаг. Тэд нарыг би үзээгүй гэж хэлэхгүй гэхдээ хэзээ нэгэн цагт үзчихсэн байсан. Харин миний хэлэх санаа энэ жанртай ойртож байсан учраас энэ жанраар хийсэн. Эхнэр нөхөр хоёр бие биенийхээ биенд солигдож орох. Монголд хэрвээ ийм зүйл болвол яах вэ гэсэн өнцөгөөр хийсэн. Тэрнээс биш зохиолыг нь хулгайлаад тийм кинотой адилхан хийнэ гэсэн санаа байгаагүй ээ. Зохиолдоо хүмүүс мөнгө гэхээр нүдээ ухаад өгөхөөс холгүй болсон талаар өгүүлэхийг зорьсон. Миний хамгийн сайн найз намайг мөнгөнөөс яаж өгөхийг би мэдэхгүй. Гэр бүл, найз нөхөр, аав ээж гэх мэт харилцаануудад мөнгөнөөс өөр нандин холбоо байгаа биз. Тэр холбоог мөнгө гэдэг зүйл тасалж болзошгүй, хүнийг юу ч хийхээс буцахааргүй болгодог шидийн татах хүч байна л даа. Тэр санааг гаргахыг оролдож эцэст нь тэр мөнгө гэдэг зүйлийг нь шатааж хэнд нь ч хэрэггүй болгочихвол миний санаа атгагдах байх гэж бодож байгаа. Нүдэндээ бол гадаадын кинонууд шиг юм төсөөлөөд харчихсан. Ямар бүтээл болохыг хийсний дараа л хэлнэ дээ. / Инээв / -Урлагийн хүмүүсийн дотоод ертөнц их зөрчилтэй байдаг юм шиг ээ...Та өөртэйгөө хэр зөрчилддөг вэ? -Хэрвээ хүн өөртэйгөө зөрчилдөхгүй бол урсгалаараа л амьдрах байх. Харин сөрж, сөргөлдөж байж цаашаа явна шүү. Алдаж онох бол миний хариуцлага. Гэхдээ шийдсэн бол ажлаа дуусгадаг зантай. -Ямарч зөрчилтэй байсан шийдвэр гаргавал хийж дуусгадаг гэсэн үг үү? -Тийм. Хийнэ гээд шийдчихсэн бол зөрчилдсөн ч хамаагүй хийгээд дуусгана шүү. Нойр хоолгүй дуусгана гээд л явчихдаг юм. -Таны талаар хэвлэл мэдээллээр папараци мэдээлэл их тарсан байх юм. Яагаад тийм байдаг юм бол та үнэхээр папарацитай амьдраад байдаг юм уу. Зүгээр л явж байхад чинь л папарацитаад байна уу? -/Инээв /. Мэдэхгүй ээ манай найзууд хэлдэг юм хааяа “чи тэр сайтад гарчихаж тэр сэтгүүл дээр гарчихаж” гээд л...Би тоодоггүй юм. Чи ажлаа хийгээд л явж байгаа, би ч гэсэн ажлаа л хийгээд явж байна. Тэр хүн ч ялгаагүй ажлаа хийгээд л явж байгаа нь тэр юм даа. “Б.Тамираа нээрээ тийм дээ онгироо сагсуу, их зантай” гэх мэт зөндөө зүйл ярих нь бий. Гэхдээ би тоодоггүй юм. Аливаа зүйл хэм хэмжээнээсээ хэтэрч болохгүй хэрвээ хэтэрвэл би ч бас дуугарах байх л даа. -Бүүвэй жүжиг юуны тухай өгүүлэх вэ? -Найруулагчийн маань санасан зорилго нь хүн хэвлийдээ хүүхэд тээсэн бол түүнийгээ заавал төрүүлэх ёстой гэсэн өнцгийг харж байгаа. Нийгэмд байгаа асуудал, залуучуудын алдаж эндээд байгаа асуудлыг тусгаж өгсөнөөрөө онцлогтой болов уу. Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг найруулагчийн найруулсанаар дөрөвдүгээр сарын 23-нд нээлтээ хийнэ. Драмын театрын уран бүтээлчид тоглож байгаа жүжиг. Реклам болон дуу нь гарчихсан цацагдаад хүмүүст хүрээд эхэлчихсэн. Э.ТЭКҮ | урлаг соёл |
Баян тансаг, ядуу хоосон амьдралын дунд орхигдох хүн чанар. Эх үрийн нандин холбоог өгүүлэх “Бүүвэй” жүжиг дөрөвдүгээр сарын 23-нд Драмын эрдмийн театрын тайзнаа нээлтээ хийлээ. Тус жүжгийн үйл явдал утга, санаа хэн бүхний нүдэнд ил, тодорхой. Залуучуудын гаргадаг нийтлэг алдаа болсон үр хөндөлтийн хор хөнөөлийг жүжигт тусгах бөгөөд хүний хүүхдийг ч өөрийн мэт хайрлах сэтгэлийн тэнхээ эр хүний дотор байдгийг харуулжээ. Хөнгөн шийдвэр, тоглоом тохуу болсон хайр, таван жилийн туршид үнэнчээр хайрлах үнэнч хайрын ялгаа юунд байв? Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуягийн зохиол, найруулгаар тавигдсан “Бүүвэй” жүжгийн туслах дүрд тоглосон Ардын жүжигчин С.Сарантуяа энэ бүтээлийн амин сүнс нь гэмээр байв. Тэрээр далан настай эмэгтэйн дүрийг тун чадварлаг бүтээж, үзэгчдийг өөрийн дүрээр илэрхийлэх дотоод сэтгэлийн мөн чанартаа автуулах нь гайхалтай. Ямартаа л жүжгийн төгсгөлд найруулагч Н.Ганхуяг “Сараа маань өөд болсон ээжийг минь тайзан дээр эргүүлэн авчирах шиг санагдлаа” хэмээн сэтгэлийн үгээ илэрхийлсэн нь энгийн хэрэг биш юм. Учир нь “Бүүвэй” жүжгийг найруулагч Н.Ганхуяг өөрийн бодит амьдралаас сэдэвлэн бүтээжээ. Энэ гайхалтай бүтээлийг хамгийн их гутаасан хүмүүс бол үзэгчид гэмээр байв. Жүжиг эхлээд бараг цаг гаруй хугацаа өнгөрч байхад үзэгчид цуварч ирсээр л байлаа. Энд тэндгүй утсаараа оролдсон, чихэр жимсний уут шаржигнуулсан хүмүүсийг цаашид ийм байдлаар театрт жүжиг үзүүлмээргүй санагдав. Драмын эрдмийн театрын хамт олон 2010 онд В.Крансногоровын долоон жүжгийг тайзнаа тавих төслийг амжилттай хэрэгжүүлж байсан удаатай. Тэгвэл тус төслийн үргэлжлэл болгон 2014 онд “Бэсрэг жүжгийн төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа, энэ хүрээнд “Бүүвэй” жүжгийг үзэгчдэд хүргэсэн гэдгийг дахин сануулъя. “Бүүвэй” жүжиг бол уг долоон аяллын хоёр дахь бүтээл нь юм. “Бүүвэй” жүжгийн Нанидангийн дүрд жүжигчин Т.Хулан, Дуламд Гавьяат жүжигчин С.Сарантуяа, Үнэнбатад жүжигчин Б.Тамир, Очирсүрэнд жүжигчин Г.Амгаланбаатар, Өлзийгийн дүрд Ц.Цэрэнболд нар тогложээ. Баяр хүргэе, “Бүүвэй” жүжгийн уран бүтээлчдэдээ. Э.ТЭКҮ | урлаг соёл |
Мөнхийн сэдэв болсон өнөөх л хайр... Хайр зуун зуун дамжин хамгийн гайхамшигтай бүтээл бүрт шингэж, тодотгол болж иржээ. Хэдийнэ хүнийх болсон гэргийнхээ сэтгэлийг татах гэж тэсч ядсан залуугийн дотоод ертөцөд гэргийгээ үзэн ядах, хайрлах зөрчилдөөн нь түүнийг бараг л галзууруулж орхидог. Тэр заримдаа хүн ёсноос гажуудсан үйлдэл хүртэл хийж, эхнэртээ хайртайгаа нуух гэсэн арчаагүй нэгэн болж хувирснаа тэрээр сүүлд ухаарна. Өдөр, шөнө нэг мөчид тохиодоггүйтэй адил хүний дотоод ертөнцөд хайр, хорсол зэрэгцэн орших тэр мөчид юу болдог вэ? Энэ асуултанд “Сэрүүн хасын нууц” жүжиг хариуллаа. Тайванийн алдарт зохиолч Чүн Ёогийн зохиол Сэрүүн хасын нууц жүжиг Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандоржийн найруулснаар хоёр дахь жилдээ Монгол үзэгчдийн хүртээл боллоо. Зохиол бүхэлдээ хайрын төлөөх тэмцэл хорсол, хурц ширүүн үйл хөдөлгөөн, донжтой үгийн сонголтоор жүжигчдийн дүрийг тодотгох аж. Хүний сэтгэлийн нандин учгийг хөндөх уг бүтээлийн дүрийг жүжигчид чадварлаг бүтээсэн. Дүр бүр өөр өөрийн мөн чанар, зөрчилтэй, гэвч тэдний эцсийн огтлолцол нь хайр. Сэрүүн хаст гагц эсрэг хүйстний хайрыг харуулснаар хязгаарлагдсангүй. Эцэг эхийн, янаг амрагийн, эмээ өвөөгийн тэр битгий хэл нэр төр, удам судраа хайрлах хайрыг хүртэл харуулах аж. Хамгийн гайхалтай нь уг жүжгийн дүр бүр өөрийн гэсэн нууцтай. Түүнийгээ нуух гэж оролдох нь үйл явдлыг улам ч сонирхолтой болгоно. Эцэст нь нууц бүр ил гарч, учиг тайлагддаг. Театрын тайзнаас үзэгчид хэзээний таних Ардын жүжигчин Н.Сувдыг биш Луо овогтны хатагтайг харж, үзэн ядаж, өрөвдөж хайрлахыг хослуулна. Түүний нүдний харц, үйл хөдлөл, үг хэл, биеэ авч явж байгаа, хэний ч санаанд оромгүй үйл хийх атгаг санаа бүхнийг алхаа, гишгээгээрээ хүртэл илэрхийлэн харуулах аж. Сүртэй ширүүн хөдөлгөөн, чанга дуу гаргахгүй ч түүний хоолой хамгийн арын суудалд ч тун тодорхой сонсогдож, жүжиглэлт нь ч хэн бүхний нүдэнд ил байлаа. Тус жүжгийн хамгийн хүнд дүрийг Соёлын тэргүүний ажилтан Т.Бархүү бүтээсэн. Тэрээр хайр хорсолдоо эзэмдүүлсэн залуу эрийн дүрийг бүтээж бүх л жүжгийн туршид бачимдсан, биеэ барьж дийлэхгүй бухимдсан байдалтай үзэгдэнэ. Хайр, хорслын хослолыг Бараагаас асуувал тэр магадгүй танд тун сайн хэлж өгөх биз ээ. Тэрбээр чанга дуу, хурц хөдөлгөөнтэй, хамгаас хайртай бүсгүйгээ хамгийн ихээр тарчилган зовоосон хүчирхийлэгч нэгэн боловч дотоод ертөнцдөө бол хэн бүхнээс уян зөөлөн Жиган гэх залуугийн дүрийг бүтээсэн. Хошин урлаг, инээдмийн дүрээрээ олонд илүү танигдсан жүжигчин И.Одончимэг эмгэнэлт жүжгийн гол дүр Сюэкө бүсгүйн дүрд тоглосон бөгөөд түүнийг үэзэгчид эмгэнэлт хувь тавилангаар хүлээж авч чадахгүй байгаа нь ажиглагдав. Түүнийг нэг хөдөлгөөнөө жаахан хурдтай ширүүн хийхэд ч үзэгчид инээлдэж байлаа. Магадгүй хошин урлагийн чадварлаг уран бүтээлч гэдгээр нь үзэгчид хүлээж авсаар зуршил болсных биз ээ. “Сэрүүн хасын нууц”-д Ази зохиолын өнгө аяс бүрэн нэвчжээ. Мөн та бидний өдөр бүр үздэг Солонгос сериалийн туйлшрал ч энэ бүтээлээс ажиглагдаж байлаа. Сайн хүнийг нь хэт сайнаар харагдуулах, мууг нь адгийн муу хүн мэтээр дүрслэх туйлшрал, хэтрүүлэгтэй өнгө аяс, хэв маяг Сэрүүн хаст ч бас байдаг шүү. Тайзны засалт жүжигчдийн хувцаслалт жүжгийн салшгүй нэг хэсэг. Улаан өнгө, луугийн дүрс бүхий багана хаалга байх бөгөөд жүжигчдийн хувцаслалт тухайн үеийн Хятад язгууртан айлын тохижилтыг тайзнаа амилуулсан байлаа. Тайзны засалтгүй, жүжигчдийн хувцасгүй энэ жүжгийг төсөөлөхөд ч хэцүү юм. Үйл явдал өрнөл жаахан хомсхон санагдсан ч зохиолын гол онцлог нь хүний дотоод ертөнцийн зөрчилдөөн, эмгэнэл болсон хайр байв. .. Жихүүн хяруунаа Батцагааны навч улайж Жиндүү цаснаа Тэргүүлэгч цэцэгсийн үнэр анхилахад Цасан дундах Цагаан хас чи минь Цагийн жаврыг ажралгүй Намайгаа хүлээгээрэй... гэх тангарагтаа үнэнч хосын хайр дурлал эцэстээ тэднийг амьдын хагацалд хүргэхийг тэд мэдээгүй. Харц гаралтай боол эрд сэтгэлээ өгсөн язгууртан бүсгүйн үнэнч сэтгэл түүнийг ураг барилдсан хадмынд нь есөн жилийн турш яллах аж. Хэдийгээр Сюэкө бүсгүйн нөхөр түүнийг тарчлаасан ч өөр хүнийг хайрласандаа өөрийгөө буруутган авааль нөхрийнхөө өмнө гэмгүй атлаа гэмтэн мэт амьдардаг... “Сэрүүн хасын нууц” жүжгийг “X-Түц” хамтлагийн уран бүтээлчид тайзнаа амьдруулсан. Сюэкө бүсгүйн дүрд МУГЖ И.Одончимэг, Жиганы дүрд Соёлын тэргүүний ажилтан Т.Бархүү, Вангийн дүрд МУГЖ Л.Баттулга буюу Аглуу, Луо авхайн дүрд Ардын жүжигчин Н.Сувд, Үжингийн дүрд Соёлын тэргүүний ажилтан Л.Эрдэнэ-Очир болон жүжигчин Н.Ялалт, МУГЖ Ш.Дэлгэржаргал нар тус жүжгийг тайзнаа амьдруулсан билээ. Тун удахгүй болох “Гэгээн муза” наадамд олзтой оролцоно гэдэгтээ ч “Сэрүүн хасын нууц”-ын эзэд итгэлтэй байгаа болов уу. Дашрамд сонирхуулахад “X-Түц” хамтлагийнхан “Гэгээн муза” наадамын Драмын хэд хэдэн төрөлд нэр дэвшээд байгаа билээ. Шилдэг найруулагчийн төрөлд Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Найдандорж найруулагч, Шилдэг тайзны зураач төрөлд Н.Ганхуяг, шилдэг хөгжмийн зохиолчоор Б.Одбаяр, шилдэг эрэгтэй гол дүрд Т.Бархүү, Шилдэг эмэгтэй гол дүрд И.Одончимэг, Шилдэг эрэгтэй туслах дүрд Л.Баттулга, Шилдэг эмэгтэй туслах дүрд Н.Сувд нар тус тус нэр дэвшжээ. Хэдийгээр урьдчилан хэлж чадахгүй ч тэд өөрсдийн бүтээлээрээ ямар нэгэн шагнал хүртэнэ гэдэгтээ тун итгэлтэй байгаа бололтой “Гэгээн муза” наадамд оролцох урилгаа “X-Түц” хамтлагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ хүлээн авсан билээ. Зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү. Э.ТЭКҮ Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №058 | урлаг соёл |
“Насны намар”, “Хорвоод ганцхан ээждээ”, “Зүрхний уяа”, “Амьдрал хайр дээр тогтдог” зэрэг монголчуудын сэтгэл хоногшсон олон сайхан дууг амилуулсан, Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор энгэрээ цоолсон Н.Төмөрхуяг мялаалгын тоглолтоо хийхээр болжээ. Тоглолт энэ сарын 19-нд Монгол бөхийн өргөөнд болох аж. Түүний дуулсан хуучны дуунуудын хөгжмийг “Анир” студийнхэн шинэч лэн найруулж байгаа бол “2В энтертайнмент” дүрсжүүлэх ажлыг хариуцсан аж. О.САР | урлаг соёл |
Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Ц.Баясгалан Косово улсад зохиогдсон Моно драмын Олон Улсын театрын “Мон Акт-2014” фестивальд “Эдит Пиаф” жүжгээр оролцож, Гранпри шагналын эзэн болжээ. Косовогийн Пеяа хотод болсон “Мон Акт 2014” фестиваль нь 2014 оны дөрөвдүгээр сарын 15-22-ны өдрүүдэд үргэлжилж, Герман, Польш, Орос, Монгол, Украйн, Македон, Косово, Монтенегро, Румын, Словак зэрэг 13 улсын 70 гаруй уран бүтээлч оролцжээ. Тус фестиваль нь “Шилдгийн шилдэг уран бүтээл, Гранпри шагнал”, “Шилдэг эрэгтэй жүжигчин”, “Шилдэг эмэгтэй жүжигчин”, “Шүүгчдийн нэрэмжит шагнал”–ын эздийг тодруулсан бөгөөд наадмын тэргүүн шагналыг жүжигчин Ц.Баясгалан хүртэж, Монголын драмын урлагийн ур чадварыг хилийн чанадад сурталчлаад ирлээ. Түүний тоглосон “Эдит Пиаф” жүжгийг 2013 онд Украины зохиолч Нина Мазурын зохиолоор найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар найруулан тавьж, ерөнхий зураачаар Соёлын тэргүүний ажилтан Н.Батбилэг ажилласан юм. Францын алдарт дуучин Эдит Пиафын амьдрал, уран бүтээлийг харуулсан жүжгийг бүтээхдээ жүжигчин Ц.Баясгалан түүний долоон дууг франц хэл дээр дуулжээ. Уншигчиддаа сонирхуулахад жүжигчин Ц.Баясгалангийн “Моно жүжгийн өдрүүд” уран бүтээлийн тайлан тоглолт ирэх тавдугаар сарын 2-3-нд Драмын театрын тайзнаа болох юм. Тавдугаар сарын 2-нд 20.00 цагаас “Би Эдит Пиаф байна” моно жүжиг 21:00 цагаас “Бенефис” уран бүтээлийн тайлан тоглолт Тавдугаар сарын 3-нд 19.00 цагаас “Тэнгэрийн аялгуу” моно жүжиг 20.00 цагаас “Бенефис” уран бүтээлийн тайлан тоглолт болно. Э.ТЭКҮ | урлаг соёл |
Тэнгис кино театр буюу хуучнаар Ялалт кино театрын 29 жилийн ой энэ онд тохиож байгаа ажээ. Тиймээс тус кино театрын хамт олноос өнөөдөр буюу 26-ны бямба гарагийн 19:00 цагт Ялалтын талбайд ойн арга хэмжээгээ зохион байгуулахаар болсон байна. Шоу арга хэмжээ үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн хамтлагийн марш шоугаар эхлэх бөгөөд мөн Мотив хамтлаг оролцон ая дуугаа өргөх юм. Энэ үеэрээ тэд олон сайхан киноны азтан шалгаруулж, урлагийн олон төрлийн тоглолт толилуулах бол төгсгөлд нь “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киног олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлэх ажээ. Д.БҮҮВЭЙ | урлаг соёл |
Өнөөдөр болох тоглолт, үзвэрийн хуваарийг танилцуулж байна. Өнөөдөр "Х-ТҮЦ" продакшны "Та битгий уурлаарай" хошин шоу тоглолт Соёлын төв өргөөнд болно. МҮЭСТО 19:00 цагт "Эмоци" продакшны "Хамтдаа гэгэлзье" хошин шоу тоглолт СТӨ 16:00 цагт "Нар шингэсэн алтанхан говь мину" Өмнөговь аймгийн хүүхдийн урлагийн их наадам. 19:00 цагт "Х-ТҮЦ" продакшны "Та битгий уурлаарай" хошин шоу тоглолт. Түмэн эх чуулга "Түмэн эх чуулга"-ын ардын язгуур урлагийн тоглолт. Тусгаар тогтнолын ордон 19:00 цагт "Мөрөөдлын театр"-ын "Утасгүй бол үхлээ юу" шоу тоглолт. УДЭТ 19:00 цагт "Бүүвэй" уянгын драмын жүжиг УДБЭТ 17:00 цагт "Уран хас" балет тус тус тоглогдох нээ. Ч.ЧУЛУУН | урлаг соёл |
“Мон Акт-2014” фестивалиас шилдгийн шилдэг бүтээлийн Гран-при шагналын эзэн болсон Ц.Баясгалан ганц хүний жүжгүүдээ хоёр өдөр үзэгчдэд хүргэхээр боллоо. Ц.Баясгалан жүжигчний уран бүтээлийн тайлан тоглолт тавдугаар сарын 2, 3-нд УДЭТ-ын тайзнаа болох юм. Ганц хүний жүжгийн төрлөөс Гран-при шагнал хүртсэн жүжгээ тэрээр тавдугаар сарын 2-ны өдөр буюу тайлан тоглолтынхоо эхний өдөр үзэгчдийн хүртээл болгох бол тавдугаар сарын 3-нд бүүвэйн дуунаас сэдэвлэсэн “Тэнгэрийн аялгуу” бүтээлээ толилуулах аж. “Тэнгэрийн аялгуу” нь 2014 оны шинэ бүтээл бөгөөд зохиолыг Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Галаарид бичиж, “Масс студи”-ийн захирал Д.Сангибат найруулагчаар ажиллаж, ерөнхий зураачаар Соёлын тэргүүний ажилтан Ц.Энхтуяа, Хөгжмийн зохиолчоор Соёлын тэргүүний ажилтан Д.Түвшинсайхан ажиллажээ. Дашрамд, Ц.Баясгалангийн уран бүтээлийн тайлан тоглолтын үнэ 30 мянган төгрөг ажээ. Э.ТЭКҮ | урлаг соёл |
Долоон найруулагч, долоон өөр ертөнцийн аялал үргэлжилсээр... Энэ удаад Соёлын тэргүүний ажилтан Ч.Түвшингийн найруулсан “Уучлаарай та дугаар андуурч” триллер драм өнөөдөр /IV/30-ны / орой 19.00 цагт тавигдах нь ээ. Драмын театраас явуулж буй долоон өөр найруулагч, долоон өөр ертөнц бэсрэг төсөл нь дөрөвдүгээр сарын 9-нд Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Б.Мөнхдоржийн найруулга “Хэрээт төгөл” жүжгээр салхиа хагалсан бол өнөөдөр тус долоон найруулагчийн гурав дахь найруулагч болох Соёлын тэргүүний ажилтан Ч.Түвшингийн жүжиг тайзнаа тавигдахад бэлэн болжээ. Уг жүжигт хайртай эр нөхрийнхөө захиалсан алуурчны гарт амиа алдаж буй золгүй эмэгтэйн тухай өгүүлэх бөгөөд өнөөгийн нийгмийн харамсалтай боловч үнэнийг жүжгээр дамжуулан үзэгчдэд хүргэхийг найруулагч Ч.Түвшин зорьсон байна. Э.ТЭКҮ | урлаг соёл |
Ус дуслах чимээ... Улаан навчтай цагаан модны дор дугуйтай орон дээр амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэй. Өдөр ч, шөнө ч хайртай нөхрөө хүлээх золгүй бүсгүйн хувь тавилан хэрхэн төгсөх бол... Тэр бүсгүйн нүд, чих, гар, хөл болсон ганц зүйл нь түүний орон дээр байх телефон утас. Орноосоо өндийж чаддаггүй, тахир дутуу түүнийг нөхөр нь хөнөөхөөр алуурчин явуулжээ. Алуурчны гарт үхэхээсээ айсан бүсгүй эцсийн мөчид өвчнөө ялж, өөрийн хоёр хөл дээрээ зогссон ч үхлийн өмнөөс инээмсэглэн эцсийн амьсгалаа хураах нь харамсалтай. Нийгмийн хүнд суртал, хүний дотоод ертөнцийн хүсэл, хар бараан оюуны төсөөллийг “Уучлаарай та дугаар андуурч жүжиг” харуулна. Тайз засал, жүжигчдийн дүр сонголт оновчтой, театрын хамгийн залуу жүжигчид жүжгийг тайзнаа амьдруулсан нь сонирхол татав. Цагаан өнгийн өмсгөл, неон гэрлийн тусгал ашиглан тайзыг чимэглэжээ. Гэрэл сүүдрээр жүжгийн хурц үзэгдлүүдийг илэрхийлэн сүр оруулсан нь үзэгчдийг цочирдуулам, үйл явдлыг улам бодитой санагдуулам байлаа. Аймшгийн драмын жанр гэж тодорхойлсон тус жүжгийн зарим үзэгдлээс үзэгчид цочиж, айж, сандал руугаа нугдайн шигдэхэд хүрэх аж. Залуу уран бүтээлчдээс бүтсэн жүжиг болоод ч тэр үү залуу үзэгчид олон байлаа. Ер нь анзаарч байхад театрт сүүлийн үед залуус ир очдог болж. Жүжиг их сонирхдог болсныг магтууштай. Ийнхүү театрын тайзнаа өчигдөр Люсиль Флетчерийн зохиол, Соёлын тэргүүний ажилтан, найруулагч Ч.Түвшингийн найруулсан “Уучлаарай та дугаар андуурч” жүжиг нээлтээ хийлээ. Драмын театрын тайзнаа анх удаа аймшгийн гэх тодорхойлолттой жүжиг тавигдсан нь түүний бүтээл байв. Энэ нь “Долоон найруулагчийн долоон өөр ертөнц” бэсрэг төслийн хүрээнд хүргэж буй гурав дахь бүтээл билээ. Зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү. Э. ТЭКҮ | урлаг соёл |
Хоёр жилд нэг удаа болдог “Азийн театр”-ын наадам энэ жил дөрөвдүгээр сарын 25-аас тавдугаар сарын 2-ны хооронд БНСУ-ын Масан хотноо болно. Тус наадамд нийт 14 улсын уран бүтээлчид өрсөлдөж байгаа бөгөөд Монгол улсаа төлөөлөн драмын театрын уран бүтээлчид оролцохоор болжээ. Уг наадамд оролцогчид үндэсний хэв маягаа тусгасан бүтээлүүдээ толилуулдгаараа онцлогтой. Драмын театрын уран бүтээлчид Монгол ардын домгоос сэдвэлсэн "Хөхөө шувууны домог" бүтээлээрээ оролцохоор зэхжээ. Тус бүтээлд Соёлын тэргүүний ажилтан Б.Болормаа, Д.Ганцэцэг, Д.Ганцэцэг, А.Алтантөр, залуу жүжигчид болох Б.Одончимэг, Г.Алтангэрэл, А.Чингүн нар оролцох юм. Тиймээс дөрөвдүгээр сарын 26-нд Драмын театрын зургаан уран бүтээлч БНСУ-ыг зорих гэнэ. Э.ТЭКҮ | урлаг соёл |
Амьд хөгжим сонирхогч залууст дуулгах сонирхолтой мэдээ. Тэртээх 1984 онд байгуулагдаж байсан “Аясын салхи” метал рок хамтлагийнхан 30 жилийн ойн баяраа тэмдэглэх гэж байна. “Дорно зүгийн салхи” тоглолт өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 16-ны үдэш “UB palace”-ын “X-treme” клубт болно. Тус тоглолтод модернист яруу найрагч Б.Галсансүх, “Булсара”, “Хос сүх”, “Silent Scream” зэрэг хамтлаг, дуучид оролцох ажээ. Э.ТЭКҮ | урлаг соёл |
“Номин талст” хамтлагийн дуучин, Соёлын тэргүүний ажилтан Т.Дэлгэрмөрөн “Гэрэлт үзэсгэлэн гоо” тоглолтоо Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулан тоглосон билээ. Тэгвэл дуучин Т.Дэлгэрмөрөн энэ тоглолтоо өөрийн фэнүүддээ зориулан хийхээр болсон байна. VIP тоглолт дөрөвдүгээр сарын 18-нд 21.00 цагаас “BB Grill Bar & VIP караоке”-д болно. Уншигчдадаа сонирхуулахад, Т.Дэлгэрмөрөн амьд хөгжмийн хамтлагтай болоод удаагүй байгаа бөгөөд түүний шинэ хамтлагт “Мишээл” хөгжмийн хамтлагийн зарим гишүүд багтжээ. Э.ТЭКҮ | урлаг соёл |
Хайр хүндэл дунд дэлбээлсэн цэцэг шүү дээ Хүсэл мөрөөдөлтэй дүүлэн нисэх эрх чөлөөтэй шувуу шүү дээ... “Making the band” шоуны сүүлийн шалгаруулалтаар тодорсон “Code 26” хамтлаг, дуучин Б.Маралжингоо болон реппер Женни нарын хамтарсан шинэ уран бүтээл урлаг сонирхогчдын хүртээл болжээ. “Гүнж төв”, “Хөөрхөн зүрхнүүдийн аян” хамтран зохион байгуулсан “Охид хүчирхийллийн бай биш” гурван сарын аяны хүрээнд “Бид хүүхэлдэй биш” дууг бүтээжээ. Тус дууны клипэнд “Энхрий жаалууд” цэцэрлэгийн бяцхан охид болон 51,73,4-ээр сургуулийн охид оролцон тогложээ. “Бид хүүхэлдэй биш” дууны клипийг “Сулдальфа” студийн хамт олон бүтээжээ. Ингээд тэдний шинэ уран бүтээлийн хамтдаа сонирхьё. Э.ТЭКҮ | урлаг соёл |
Нийтийн дууны шилдгийн шилдгийг тодруулах “Алтан хуур” наадам өнөөдөр тохиож байна. Эл наадмын улаан хивсний ёслол өнөөдөр 17.00 цагт Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөлөө. Нийт 12 төрлийн номинацитай “Алтан хуур” наадамд 60 гаруй уран бүтээлчид уран бүтээлээрээ өрсөлдөж байгаа билээ. Одоогоор уран бүтээлчид гала тоглолтондоо бэлдэхээр Монгол бөхийн өргөө рүү орцгоосон байна. Анх удаа нийтийн дуучид Улаан хивсний ёслол хийж байгаа бөгөөд тэр болгон хүмүүст хүрээгүй бололтой. “Энэ юу болоод байгаа юм бол?” гэсэн хүмүүс үзэгчдийн дунд олон байсныг нуух юун. “Алтан хуур” наадмын шилдэг уран бүтээлчид, уран бүтээлүүд тун удахгүй тодорно. Э.ТЭКҮ | урлаг соёл |
Нийтийн дуучдын шилдгийг шалгаруулах “Алтан хуур” наадам өчигдөр /IV.22/ Монгол бөхийн өргөөнд боллоо. Тус наадмаар 12 номинацид 60 гаруй уран бүтээлч өрсөлдсөг юм. Наадмын шилдгүүдийг танилцуулъя. 1. Шилдэг яруу найрагч: Н.Баянмөнх 2. Шилдэг хөгжмийн зохиолч: Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэцэрлэг 3. Дуу бичлэгийн шилдэг студи: “Анир” студи 4. Нийтийн дууны эмэгтэй шилдэг дуучин: Гавьяат жүжигчин Б.Ганчимэг 5. Нийтийн дууны эрэгтэй шилдэг дуучин: Гавьяат жүжигчин С.Жавхлан 6. Нийтийн дууны шилдэг хос дуучин: Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа 7. Шилдэг тоглолт: “Алтан намар” 8. Шилдэг аялан тоглолт: “Илбэе” тоглолт 9. Олон нийтийн сэтгэлд хүрсэн дуу: “Хар хархан харц” хөгжмийн зохиолч Б.Мөнхжаргал 10. Нийтийн дуунд үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлч: Соёлын тэргүүний аижлтан Ц.Ерөө 11. Шилдэг цомог: Гавьяат жүжигчин Н.Чулуунхүү 12. Шилдэг видео клип: дуучин А.Түмэн-Өлзий Э.ТЭКҮ | урлаг соёл |
Үдэш бүр МҮОНРТ-ийн дэлгэцээр цаг агаарын мэдээ болон эгшиглэдэг “Цэнхэр залаа” гэх өвөрмөц нэртэй хөгжмийн бүтээлийг туурвиснаас хойш 45 жил өнгөрчээ. Хожим Камертон хамтлагийнхан “Чка өдөр” дуу болгон залууст хүргэсэн “Цэнхэр залаа” аялгууг монгол хүн бүр мэднэ гэхэд дэгс дүгнэлт болохгүй. Энэхүү бүтээлийг туурвисан хүн бол Хөгжмийн зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Самбуугийн Баатарсүх юм. Тэрбээр хорин настай байхдаа уг бүтээлийг зүүдэндээ анх туурвижээ. Зүүдэнд орсон хөг аялгууг яг тэр хэвээр нь буулган өөрийн багш хөгжмийн зохиолч Т.Чимиддоржид үзүүлэн нотлуулсан бөгөөд тэр жилээсээ эхлэн цаг агаарын ая болон мөнхөрчээ. Түүнээс хойш хөгжмийн зохиолч С.Баатарсүх 500 гаруй хөгжмийн бүтээл, 300 дуу, долоон симфони, дуурь, мюзиклээр урын сангаа баяжуулсны дотор олны танил уран бүтээл олон бий. "Нүдэн нуур", "Дөрвөн улирал, хоёр амраг", "Хүрээ байшин", "Цэцгэн зүйрлэл", “Охин үр минь”, “Халтар манан хөөрөг” гээд та бидний амандаа аялж, сэтгэлдээ эгшиглүүлэх дуртай олон дууны аялгууг бүтээсэн хөгжмийн зохиолч С.Баатарсүх энэ сарын 30-ны өдөр “Цэнхэр залаа”-г бүтээсний 45 жилийн ойн тоглолтоо хийх гэж байна. Тоглолт Төмөр замын дуу бүжгийн чуулга /ТЗДБЧ/-д болох бөгөөд тоглолтод тус чуулгын уран бүтээлчдээс гадна “Харанга”, “Камертон”, “Чингис хаан” хамтлаг, МУГЖ Э.Бүрнээбаяр, Х.Үнэнхүү, Г.Эрдэнэбат, ТЗДБЧ-ын дарга Д.Бямбажав нарын уран бүтээлчид ая дуугаа өргөх юм. Д.ЦЭЭНЭ | урлаг соёл |
Яруу найрагч Ш.Гүрбазар “Нийтийн дууны урлаг бол ард түмний амандаа хүлхдэг чихэр” гэж тодорхойлсон нь бий. Нас харгалзалгүй аялгуу эгшгийг нь таалан сонирхдог нийтийн дууны урлагийн шилдгийн шилдгийг шалгаруулах ёслол тун удахгүй болох гэж байна. “Алтан хуур 2014” наадмын зохион байгуулагчид өнөөдөр хэвлэлийнхэнд эл наадмын талаар мэдээлэл өглөө. “Алтан хуур 2014” наадамд нийтийн дууны 60 гаруй уран бүтээлч өөрсдийн уран бүтээлээр оролцож байгаа бөгөөд нийт 12 номинацид нэр дэвшин өрсөлдөх ажээ. “Алтан хуур” наадмыг анх 2005 онд зохион байгуулж эхэлсэн ч дахин явуулаагүй юм. Есөн жилийн дараа болж буй энэ удаагийн “Алтан хуур 2014” наадмын бэлтгэл өнгөрсөн 2013 оны есдүгээр сараас эхэлсэн юм. Зохион байгуулагчдын зүгээс чанартай бүтээл, чадварлаг дуучдыг шалгаруулахын тулд хичээн ажиллаж байгаа гэлээ. Наадмын 12 номинацид нэр дэвшигчдийг товч дурьдвал С.Жавхлан, Д.Намсрайноров, Л.Банзрагч, А.Түмэн-Өлзий гэх мэт олны танил олон уран бүтээлч багтаж байгаа ажээ. Э.ТЭКҮ | урлаг соёл |
Оросын хамгийн алдартай дуучин гэвэл Алла Пугачёва гэж нэрлэх хүн олон байна. Тэдний зөв. Тэр бол Оросын эстрадын примадонна (тэргүүн хатагтай) шүү дээ. Алла Пугачёва энэ жил “дөнгөж” 65 нас хүрч байна. Алла Москва орчмын нэгэн тосгон дахь тансаг эдлэндээ 65 насны төрсөн өдрөө найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ хөл хөөртэй, нижгэр тэмдэглэжээ. Түүний төрсөн өдрөөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хүртэл тусгайлан мэндчилгээ дэвшүүлж, Оросын эстрад, соёл урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн “Эх орны төлөө” IV зэргийн одонгоор шагнасан нь Оросын лидерийн төрсөн өдрийн бэлэг байв. Нэгэн тод од Зөвлөлтийн үйлдвэрийн ажилчин Зинаида Архиповна, Борис Михайлоич нарын гэрт удаан хvлээсэн охин мэндэлсэн нь Алла Пугачёва байв. Төрөлхийн сөөнгө хоолойтой энэ охиныг хожим алдартай дуучин болно гэж хэн ч санасангvй. Жижиг тосгонд төрж өссөн Алла Пугачёва таван настайдаа анх тайзан дээр гарч байжээ. 1965 онд түүний дуулсан “Робот” нэртэй дуу Москвагийн радиогоор нэвтрүүлсэн билээ. 1966 онд Ипполитов-Ивановынын нэрэмжит хөгжмийн коллежийн төгөлдөр хуур, дуулаачийн ангийг төгссөний дараа төгссөн Алла Пугачёва хэд хэдэн хамтлагт гоцлол дуучнаар уран бүтээлээ туурвиж байв. Харин 1975 онд “Алтан дуучин” олон улсын дуулаачдын тэмцээнд “Арлекино” дуугаар оролцон Гран-при шагнал хүртсэн нь түүнийг алдрын замд хөтөлсөн. Түүний энэ дуу тухайн үед мөн Зүүн Герман, Болгар болон Балканийн орнуудад хит дуу болж байсан гэдэг. Түүний анхны цомог нь “Золотой орфей” хэмээх нэртэй байв. 1977 онд Алла Пугачёва “Женщина, которая поет” кинонд дүр бүтээсэн билээ. Тэр үед Алла Борис Горбонос хэмээх нэрээр уг кинонд зориулсан гурван дууны хөгжмийг бичжээ. Анхных нь кино ЗХУ-д их амжилттай болж, Алла 1980 онд ЗХУ-ын гавьяат жүжигчин болсон юм. Тэр үед Алла Итали, Болгар, Польш, Герман, Чехословакт зохиогдож байсан “Золотой Орфей”, “MIDEM”,”Bratislavskб lyra” зэрэг Олон улсын хөгжмийн наадмуудад урилгаар оролцож, олон улсын хэмжээний од болсон байв. 1980 оны үед тэрбээр хэд хэдэн удаа Стокгольм хотод зочлон Шведэд өөрийн гэсэн шүтэн бишрэгчтэй болжээ. Үүнээс гадна шведийн Якоб Дахлинтэй хамтран “Супермэн” дууг дуулсан байна. Тэрбээр Стокгольмд байхдаа дуунуудаа англи хэлээр бичүүлэн цомог хүртэл гаргаж байжээ. Борлогдсон цомгуудынхаа тоогоор ЗХУ-д төдийгүй одоогийн ОХУ-д түүний урд гишгэх хүн байхгүй гэдэг. ЗХУ задран унахаас өмнө болон түүнээс хойш хугацаанд Алла Пугачёвагийн цомгууд нийт 100 сая гаруй хувь борлогдсон гэдэг. Түүнийг Зөвлөлтийн номер нэг дуучин гэгдэхэд улс төрийн нөлөө байсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. 1986 оны есдүгээр сард Алла Пугачёва Чернобылийн АЦС-ын дэлбэрэлтээс нэг сарын дараа очиж, гурван цагийн тоглолт хийсэн юм. Тэр тухай хожим Алла Пугачёва “КГБ (Хуучин ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах газар)-ын том дарга надаас хүссэн учраас Чернобылд тоглолт хийсэн. Тэр үед надад хүмүүстэй гар барихгүй байх, мөн сүүлд шатаахад харамсахгүй хувцас өмсч явахыг сануулж байсан” хэмээн дурссан байдаг. Алла Пугачёвагийн олон улсад хит болсон дуу нь Латвийн хөгжмийн зохиолч Раймонд Паулстай хамтран туурвисан “Миллион алых розe” юм. Үзэсгэлэнт жүжигчин бүсгүйд дурласан Гүржийн зураач Niko Pirosmani эмгэнэлт түүхээс сэдэвлэсэн энэ дууг сүүлд франц, япон, солонгос, вьетнам хэлнээ орчуулан дуулсан билээ. Алла Пугачёва 1997 онд Ирландын Дублин хотод болсон “Евровидение” тэмцээнд оролцож, 15-р байрт шалгарсан. Орост ерөнхийлөгч В.Путинаас ч илүү алдартай примадонна 2009 онд урлагийн тайзаа орхихоо мэдэгдсэн билээ. Зөвлөлт засгийн үед Алла Пугачёватай холбоотой ямар нэгэн мэдээ сонины ямагт нэгдүгээр нүүрэнд гардаг байсан уламжлал одоо ч хэвээр бөгөөд хувийн амьдрал нь үргэлж олны анхаарлын төвд байдаг. Алла Пугачёва 1969-2005 онд нийт дөрвөн удаа албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж, цуцлуулж байжээ. Пугачёва 1969 онд литва гаралтай циркчин Миколас Орбакастай гэрлэн 1971 онд Кристина Орбакаите охиноо төрүүлсэн юм. Тэрбээр анхны нөхрөөсөө 1973 онд салсан байна. Үүний дараа 1976 онд кино найруулагч Александр Стефанович, 1985 онд продюсер Евгений Болдин, 1994 онд дуучин Филип Киркоровтой гэрлэлтээ батлуулж байжээ. Гэвч хамгийн сүүлийн нөхөр, 18 насаар дүү Киркоровоос 2005 оны 11 дүгээр сард салсан юм. Гэхдээ батлуулаагүй ч хамтран амьдарсан эрчүүдийнх нь тоо 12 гэсэн баримт бий. Хамгийн сүүлд Алла 2011 онд телевизийн хөтлөгч, элэглэгч Максим Галкинтай гэрлэж, 2013 онд тээгч эхийн тусламжтайгаар Харри, Элизавета хэмээх ихэр хүү, охин хоёртой болсон юм. Хэдийгээр шар хэвлэлүүд түүнээс 30 насны зөрүү хэр их болохыг асууж элдэвлэдэг ч Алла үүнийг огт тоодоггүй гэнэ. Түүнээс нэгэн найз нь “Алла Борисовна, та түүний юунд болдог юм бэ ?” гэж тэрбээр “Түүнтэй хамт байхдаа хөгжилтэй, бас амар байдаг” хэмээн хариулжээ. Алла Пугачёва хүн богинохон насалдагт харамсдаг нэгэн аж. Хэрэв үүнээс урт насалдаг байсан бол ч... Н.ЭНХТУЯА Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №058 | урлаг соёл |
Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан дуучин О.Баяржаргал “Гэгээн хүслийн жимээр” нэртэй уран бүтээлийн тайлан тоглолтоо үзэгч олондоо толилуулахаар болжээ. Тус тоглолт ирэх сарын 11-ний 15:00 цагт МҮЭСТО-нд болох бөгөөд Харш хамтлагийн дуучин С.Баасандорж, Шуранхай хамтлагийн дуучин Б.Номин-Эрдэнэ болон залуу уран бүтээлчид оролцох ажээ. Сонирхуулахад, тоглолтын тасалбарыг худалдаж авсан тохиолдолд найман хувь нь Мөргөлийн цагаан дуган Гантиг цагаан хийдийг бүтээн босгоход зориулагдах юм байна. Д.БҮҮВЭЙ | урлаг соёл |
Дэлхий дахин морин хуур хөгжмөөр дамжуулан Монголын соёл урлагийг сурталчлах зорилготой зохион байгуулдаг “Морин хуурын олон улсын” наадам дөрөв дэх удаагаа болох гэж байна. Хоёр жил тутамд зохион байгуулдаг тус олон улсын наадам нь энэ сарын буюу дөрөвдүгээр сарын 26-наас эхлэн ирэх тавдугаар сарын 1-нд болох юм. Морин хуурыг сурч, судалж буй олон улсын сонирхогч судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэн, дэлхий дахинд морин хуур хөгжмийг таниулан сурталчилдаг тус олон улсын наадмыг анх 2008 онд зохион байгуулж байсан юм. Түүнээс хойш 2010 онд “Морин хуурын олон улсын наадам”-ын хүрээнд мэргэжлийн болон сонирхогч морин хуурчдын, Морин хуур зэмсэг урлаагчдын уралдааныг зохион байгуулсан бол 2012 онд эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгуулсан. Харин энэ онд “Морин хуурын олон улсын наадам”-ын хүрээнд морин хуур сонирхогч, урлаачдын уралдаан, эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлгийг зохион байгуулах гэнэ. Сонирхуулахад 1992 онд Монгол Улсын төр засгаас онцгой анхаарч Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Төрийн Ханхуур залах” зарлиг, 2002 онд “Монгол хуураа дээдлэн дэлгэрүүлэх” зарлиг, 2002 оноос Г.Жамъяангийн нэрэмжит мэргэжлийн Морин хуур тоглоочдын уралдаан, мөн онд “Морин хуурын төлөө” нэрэмжит шагнал, 2005 онд “Морин хуур, Уртын дуу” үндэсний хөтөлбөрүүд хэрэгжиж, 2004 онд ЮНЕСКО-ийн дэлхийн оюуны биет бус соёлын өвийн дээжист Морин хуур бүртгэгдсэн юм. Харин 2008 онд Дэлхийн морин хуурын холбоог байгуулсан байна. Маргааш буюу дөрөвдүгээр сарын 26-нд эхлэх гэж буй “Морин хуурын олон улсын наадам”-ын хөтөлбөрийг хүргэж байна. Дөрөвдүгээр сарын 26 16:00 Наадмын нээлт /Чингисийн талбай/ Соёлын төв Өргөө Дөрөвдүгээр сарын 27 09:00-16:00 Морин Хуур сонирхогчдын уралдаан I шат /Монгол Улсын Филармони/ 18:30 БНХАУ Морин хуурчдын тоглолт /Монгол Улсын Филармони / 21:00 Хууртай үдэш Дөрөвдүгээр сарын 28 09:00-16:00 Морин хуур сонирхогчдын уралдаан I шат /Монгол Улсын Филармони/ 18:30 Япон морин хуурчдын тоглолт /Монгол Улсын Филармони/ 21:00 Хууртай үдэш Дөрөвдүгээр сарын 29 09:00-16:00 Морин хуур сонирхогчдын уралдаан II шат /Монгол Улсын Филармони/ 18:30 АНУ, БНГУ, ОХУ Морин хуурчдын тоглолт /Монгол Улсын Филармони/ 21:00 Хууртай үдэш Дөрөвдүгээр сарын 30 08:00-12:00 Морин хуур урлаачдын уралдаан /Монгол Улсын Филармони/ 14:00 Эрдэм шинжилгээний бага хурал, хэлэлцүүлэг /Хөгжим Бүжгийн Коллеж/ 18:00 Мастер Класс /Хөгжим бүжгийн коллеж/ Тавдугаар сарын 1 16.00 Наадмын хаалт Хүндэтгэлийн хамтарсан тоглолт /Соёлын төв өргөө/ М.ДӨЛГӨӨН | урлаг соёл |
Өмнөговь аймгийн хүүхэд багачууд “Нар мишээсэн алтанхан говь мину” хүүхдийн урлагийн наадам зохиохоор нийслэлд ирээд байна. Сум бүрээс шилдгийн шилдгээр шалгарсан авьяаслаг багачууд оролцох хүүхдийн урлагийн “Нар мишээсэн алтанхан говь мину” хүүхдийн урлагийн тоглолт өнөөдөр(04.27) Соёлын төв өргөөний тайзнаа 16:00 цагаас болно. Тоглолтод тус аймгийн 300 гаруй сурагчид оролцох бөгөөд тоглолтын продюсерээр бүжиг дэглээч Төрийн шагналт, урлагийн гавьчат зүтгэлтэн Сэвжидийн Сүхбаатар ажиллаж буй юм. Хүүхдийн урлагийн наадмын Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, Боловсрол шинжлэх ухааны яамтай хамтран “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй ажээ. Д.ЦЭЭЛ | урлаг соёл |
Дэлхийн телевизийн хамгийн том наадам "Эмми авардс"-аас Монголын иргэн Н.Мөнхцэцэг шагнал хүртжээ. Америкийн телевизийн академийн "Леонард Голденсон" театрын Алдрын танхимд дөрөвдүгээр сарын 23-нд уг ёслол болж, алдартнууд шагналаа гардсан байна. Энэ нь Телевизийн академи болон Эммийн сангаас жил бүр уламжлал болгон явуулдаг Их сургуулиудын Телевизийн уран бүтээлийн шагнал гардуулах 35 дахь удаагийн ёслол бөгөөд Хүүхэлдэйн киноны номинацид “I’m possible” хүүхэлдэйн киноны продюсер Н.Мөнхцэцэгнэр дэвшин өрсөлдөж, гуравдугаар байрт шалгарчээ. Тэрбээр Саваннагийн урлаг дизайны коллежид сурдаг ба сургуулийнхаа тэргүүний оюутнаар шалгарч байсан авьяаслаг бүсгүй юм. Түүнд Эммийн цомыг Америкийн хүүхэлдэйн киноны супер од, “The Looney Tunes” цувралын Порки Пигийн дууг оруулсан, алдарт жүжигчин Боб Берген гардуулсан байна. Э.ТЭКҮ | урлаг соёл |
“Урих хавар ирлээ”, “Улаанбаатрын үдэш”, “Талын монгол айл”, “Сэхүүн салхи”, “Хэрвээ чи дарс байсан бол”, “40 мянгатын блюз”, “Хослон дуулъя”, “Хайрыг минь чи сонс”, “Сар шиг холын нутаг”, “Харийн нутаг”...зэрэг дуунуудыг мэдэхгүй хүн гэж үгүй биз ээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Долгион, Г.Энхбаяр, Г.Пүрэвдорж, Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Балхжав, И.Болоож гавьяат жүжигчин Г.Жаргалсайхан нар хамтран “Ахмадын золбоо” гэх хамтлаг байгуулаад байгаа билээ. Тэдний тоглолт маргааш буюу тавдугаар сарын 3,4-нд “UB palace”-ын их танхимд болох юм байна. Тоглолтын бэлтгэл ажил хангагдсан бөгөөд дэмжигч байгууллагаар “Total music”, “Жи интертаймент”-ийн хамт олон оролцож буй. Уншигч нартаа сонирхуулахад “Ахмадын золбоо” хамтлагийнхан гурван мянга гаруй бүтээлүүдээс шилэн хөгжим сонирхогчиддоо хүргэхээр бэлэн болсон байна. Э.ТЭКҮ | урлаг соёл |
Нэг үеийн уран бүтээлч, найзууд болох Урлагийн гарьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Долгион, Г.Энхбаяр, Г.Пүрэвдорж, Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Балхжав, И.Болоож гавьяат жүжигчин Г.Жаргалсайхан нар хамтарч "Ахмадын золбоо" хамтлаг байгуулж байсан билээ. Монголын рок, поп урлагийн анхдагчид болох "Соёл-Эрдэнэ", "Өргөө", "Инээмсэглэл", "Хөх тэнгэр" хамтлагийн төлөөлөл болсон тэд "Нойргүй хоносон зургаан ноот" тоглолтоо өнөөдөр /05.04/ "UB Palace"-ийн концертийн их танхимд толилуулах гэж байна. “Урих хавар ирлээ”, “Улаанбаатрын үдэш”, “Талын монгол айл”, “Сэхүүн салхи”, “Хэрвээ чи дарс байсан бол”, “40 мянгатын блюз”, “Хослон дуулъя”, “Хайрыг минь чи сонс”, “Сар шиг холын нутаг”, “Харийн нутаг”...зэрэг дуунуудыг мэдэхгүй хүн гэж үгүй биз ээ. Энэ үдэш хуучны сэтгэлд хоногшсон дуунууд эгшиглэж, үзэгч таны сэтгэлд гэгээн дурсамжийг амилуулах нь. Ч.БИЛГҮҮН | урлаг соёл |
Өнөөдөр болох тоглолт, үзвэрийн хуваарийг танилцуулж байна. Нэг үеийн уран бүтээлч, найзууд болох Урлагийн гарьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Долгион, Г.Энхбаяр, Г.Пүрэвдорж, Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Балхжав, И.Болоож гавьяат жүжигчин Г.Жаргалсайхан нар хамтарч "Ахмадын золбоо" хамтлаг байгуулж байсан билээ. Монголын рок, поп урлагийн анхдагчид болох "Соёл-Эрдэнэ", "Өргөө", "Инээмсэглэл", "Хөх тэнгэр" хамтлагийн төлөөлөл болсон тэд "Нойргүй хоносон зургаан ноот" тоглолтоо өнөөдөр /05.04/ "UB Palace"-ийн концертийн их танхимд толилуулах гэж байна. МҮЭСТО 19:00 цагт "Эмоци" продакшны "Хамтдаа гэгэлзье" хошин шоу тоглолт. СТӨ 19:00 цагт "Х-Түц" продакшны "Та битгийн уурлаарай" хошин шоу тоглолт. "UB Palace" 19:00 цагт "Нойргүй хоносон зургаан ноот" Ахмадын золбоо" хамтлагийн тоглолт. УДБЭТ 17:00 цагт "Франческа да римини" балет П.И.Чайковский, "Эрдэнэсийн охид" балет З.Хангал. Тусгаар тогтнолын ордон 19:00 цагт "Мөрөөдлийн театр"-ын "Утасгүй бол үхлээ юу" шоу хөтөлбөр тус тус тоглогдох нээ. Ч.БИЛГҮҮН | урлаг соёл |
“Ньюанс” хамтлагийнхан ОХУ-ын Эрхүү, Усть Орда, Забайкалский Край, Могойтын болон Агинский район, Улаан-Үд, Чита хотуудад жил бүр тоглолтоо амжилттай зохион байгуулсаар ирсэн. Тус хамтлагийнхан өнгөрсөн гуравдугаар сард “Лучшие песни для Мамы” аялан тоглолтыг хойд хөршийн олон хот, тосгодод амжилттай тоглосон билээ. Тэгвэл энэ сарын сүүлээр тус хамтлагийнхан ОХУ-ын Буриадын “Государственная Телевизионная и Радиовещательная Компания «Бурятия»”телевизийн 50 жилийн ойн арга хэмжээнд урилгаароролцож ОХУ-ын алдартай хамтлаг дуучидтай хамт нэгэн тайзан дээр ая дуугаа өргөхөөр болжээ. “Ньюанс”-ынхан бүрэн хэмжээний попера тоглолтоо тоглох ажээ. Тэднийг урьсан БГТРК телевиз нь тус хамтлагийн хойд хөршид аялан тоглох бүх талынзар сурталчилгаа, мэдээллийг хариуцан ажилладаг хамтын ажиллагаатай байгууллага нь юм. Д.ЦЭЦ | урлаг соёл |
Амьд хөгжим сонирхогч залуу уран бүтээлчдийн тоо нэмэгдэж байгаа ч тэдэнд дэмжлэг үзүүлэх байгууллага ховор байдаг гэхэд болно. Тэгвэл “Улаанбаатар” чуулга, Монголын “Инди” хөгжмийн холбоотой хамтран залуу уран бүтээлчдийг дэмжин ажиллаж, цуврал тоглолт зохион байгуулахаар болжээ. Түүнчлэн Монголын орчин үеийн амьд хөгжмийн холбоо нээгдсэнийг өнөөдөр албан ёсоор танилцуулав. Тус холбоог "Нисванис" хамтлагийн ахлагч Л.Энх-Амгалан санаачлан байгуулжээ. Залуу уран бүтээлчдийн цуврал тоглолтыг “UB night” хамтлагийн “Cover” тоглолтоор эхлүүлж байгаагаа тэд өнөөдөр зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр онцлов.Тэдний тоглолт тавдугаар сарын 9-нд 19.00 цагаас ердөө ганцхан удаа тоглогдох нь ээ. Уг тоглолтын үеэр нийт 26 дууг дуулах бөгөөд дэлхийд алдартай хамтлаг, дуучдын бүтээлүүдээс гадна монгол дуучдын дуунуудаас хөгжим сонирхогч залууст хүргэх ажээ. Өнөөдөр болсон хэвлэлийн бага хуралд “Улаанбаатар” чуулгын дарга Р.Мөнхсайхан, “Инди” хөгжмийн холбооны тэргүүн Л.Энх-Амгалан болон “UB night” хамтлагийн ахлагч Г.Даваасүрэн нар оролцсон юм. Э.ТЭКҮ | урлаг соёл |
Монголын язгуур өв соёлоо дэлхий дахинд таниулах, соёлын брэнд бүтээгдэхүүн болгож хөгжүүлэх зорилготой ажлыг Монголын угсаатны хөгжмийн товчооны хамт олон эхлүүлжээ. Тус ажлын эхлэл болгон “Алтай” ятгыг монголын ард түмэнд таниулах, дэлхий дахинд хүргэх зорилгоор “Монгол бахархалын төлөө нэгдэцгээе” уриатай ёслолын ажиллагааг тавдугаар сарын 16-нд буюу өнөөдөр АСА циркт зохион байгуулах аж. Уг ёслолын ажиллагааны уран сайхны удирдаачаар Д.Ганпүрэв, зөвлөхөөр Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, найруулагчаар "Nature Dance" продакшн найруулагч Б.Энхбаяр, М.Болд буюу Томоо, ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, “Бөртэ” хамтлаг, “Алтай” хамтлаг, АСА циркийн жүжигчид болон 100 гаруй уран бүтээлчид оролцон тоглох юм байна. Сонирхуулахад “Алтай” ятга нь 1400 жилийн өмнөх дайчин баатрын хадны булшнаас олдсон соёлын үнэт олдвор бөгөөд 2мм нимгэн цартай, тээг нь салаагүй байдалтай олдсон нь тухайн үед хөгжим урлах өндөр технологитой байсныг илтгэх ажээ. Уг тоглолтын орлого нь цаашид “Алтай” ятга хөгжмийг хөгжүүлэх түгээн дэлгэрүүлэх ажилд зарцуулагдах юм. Э.ТЭКҮ | урлаг соёл |
Данийн Копенгаген хотноо болсон 59 дэх удаагийн “Eurovision” дууны тэмцээний ялагч өнгөрсөн бямба гаригт /V.10/ тодорлоо. Европын хамгийн алдартай дууны тэмцээнд Австри улсаас Кончита Вурст /Томас Нойвирт/ хэмээх трансжендер оролцогч тэргүүлж, ялагчаар тодорчээ. Кончита Вурст эмэгтэй хүн шиг хувцаслаж, биеэ авч явдаг боловч өтгөн хар сахал тавьдгаараа бусад оролцогчдоос онцгой нэгэн билээ. Хэдийгээр “Евровишн”-ий үзэгчид Кончита Вурстын талаар хоёр өөр үзэл бодол, хандлага гаргаж байсан ч тэрээр ялалт байгуулж чадсан байна. Түүний гадаад төрхөнд шүүмжлэлтэй хандах хүмүүс цөөнгүй байсан боловч авьяасыг нь бишрэгчид илүү олон байлаа. Кончита Вурстыг тэмцээнээ дуусгаад эх орондоо эргэн ирэхэд түүнийг дэмжигч “сахалтай” бүсгүйчүүд угтан авчээ. Ийнхүү “Eurovision” –д анх удаагаа трансжендер оролцогч тэргүүллээ. Б.АНХТУЯА Кончита Вурст эрэгтэй төрх /Томас Нойвирт / байх үедээ | урлаг соёл |
Цас, бороо холилдсон хотын нэгэн хүнд өдрийн төгсгөлд буюу өнгөрөгч баасан гаригт "A hard day's night" жазз тоглолт болов. Тоглолтын нэр тэр өдрийн зутруу хэв шинжтэй цаанаасаа л авцалдсан мэт байж хамаг сэтгэлийн ил, далд зовнилыг үлдэн хөөж өгсөн юм. Энэ бол "UB night"хамтлагийн ковер тоглолт бөгөөд анхны гэх тодотгол олон байснаараа онцлогтой. Таван жилийн турш хамтлагаараа бүрэн бүтэн байж, өдийг хүрсэн тэдний анхны тоглолт, урлагийг дэмжихээр саяхан байгуулагдсан Монголын инди хөгжмийн холбооны анхны ажил гээд л. Тоглолт цагаасаа хожимдон үзэгчдийн алга ташилтаар яаравчлуулан эхлэв. Монголын "гранж" рок хөгжмийн урсгалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж яваа "Нисванис" хамтлаг, тэр дундаа ахлагч Л.Энх-Амгалан Инди хөгжмийн холбоог санаачилсан бөгөөд тэрбээр "Гадаа хавар цаг болж байгаатай адил Монголын рок хөгжимд хавар цаг ирж байна. Инди хөгжмийн холбооны түүчээ дэмжсэн түүчээ хамтлаг тоглолтоо хийх гэж байна. Цаг тооны машин ажиллаж эхэллээ" гэж хэлээд тоглолтыг нээсэн юм. Монголд "амьд" хөгжмийн авъяаслаг олон хамтлаг байдаг ч продюсинг муутай байдгаас олны танил болж амжаагүй, болсон ч удаан оршин тогтнож чадахгүй байна. Тэгвэл Нисванис хамтлаг дэмжлэг үзүүлж байгаа нь сайшаалтай бөгөөд нээрэн л "амьд" хөгжимд хавар цаг ирж байгаа ч юм билүү. Рок хөгжмийн олон хамтлаг гарч ирж, бүтээлээ дэлгэх боллоо. Үүний нэг нь "UB night". Хамтлаг дөрвөн гишүүнтэй, урилгаар даралтат хөгжимчин н.Баяржаргал ирж тоглосон юм. Жазз үдшийн эхний дуу аялгуулаг, жазз "ковер" тоглолтод ирснийг эрхгүй санагдуулам. Таван жил бэлтгэлээ хийж, хамтлаг хамтаараа байсан учраас тоглолт, дуугаралт сайн, "Улаанбаатар чуулга"-ын танхимд ирсэн үзэгчдийг уяраасан гэж хэлмээр. Дуучны хоолой баргил учраас аль ч дууныхаа дээд өнгийг эвтэйхэн дуулчихаж байсан бөгөөд бөмбөр, гитарын тоглолт бэлтгэл сайн хийснийг харуулсан. Үзэгчдийн дийлэнх нь дээхэн үеийн дуунуудыг сайн мэддэг дунд орчим насныхан байлаа. Ихэнх нь найзуудаараа ирсэн бол хүүхдээ дагуулж ирсэн хүмүүс ч байсан. Тоглолтын эхний 2-3 дуу халаалт байдаг ч дуугаралт дажгүй шүү. Зүрхэнд хайр байгаа цагт... Домогт "Eagles" хамтлагийн "Hotel California" дууны эхлэл, гитар дуугарахад танхим дахь хүмүүс шуугилдлаа. Зүрхэнд хайр байгаа цагт энэ дуу дахин хит болно гэдгээр өчнөөн олон жил өнгөрсөн ч бүх цаг үеийн хамгийн шилдэг дууны нэг жазз тоглолтын үдэш явж эхлэхэд сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй. Дууны эхэн хэсэгт гитарын дуугаралт нь дууг илэрхийлдэг бөгөөд ритм, басс, соло гитар гурвуулаа өнгө хоршин нэг нэгнээ нөхөж байсан юм."Hotel California"-г бидний эцэг эх сонсч, уярдаг байсан, одооны залуус ч их дуртай. Жинхэнэ хуучрашгүй бүтээл учраас бүх цаг үед үнэ цэнээ хадгалж байдаг дууг жазз үдшийн тоглолтоор сонсох сайхан байлаа. Энэ нь тоглолтын оргил хэсэг байсан бөгөөд танхим дахьбүх хүн уярч, даган дуулж, танхим бүхлээрээ нэгдсэн мэт дулаан уур амьсгалтай. Тоглолтоор нийт 20 гаруй дуу дуулснаас цөөн хэдийг нь онцолж байгаа билээ. Үүнд "Deep purple, Led zeppelin" хамтлагийн дуунууд ч багтсан юм шүү. Эмэгтэй хүний дуулсан дууг эрэгтэй хүн дуулах нь их сонин, өөр мэдрэмж төрүүлдэг. Тэгвэл МУГЖ Сарантуяагийн "Мартъя" дууг энэ үдэш эрэгтэй хүний баргил хоолойгоор Үлэмж дотно дүрийг чинь би мартъя Үгүйлсэн өдрийнхөө тоог ч мартъя Үүргэлэх шөнийн зүүдээ мартъя Үнэн гэж байдгийг мартъя Хундага дарсны амтыг ч би мартъя Хуурамч амьдралын амтыг ч мартъя ...гэж дуулах нь их сонин, содон мэдрэмж байлаа. Урлаг, хэв маягт хэлбэр үгүй учраас тоглолтын үдшийг чимсэн сайхан дуу байлаа. Тоглолт ерөнхийдөө жазз гэх ч "рок-н-ролл", "хард рок" дуунуудыг дуулсан, рок хөгжмийн холимог үдэш байв. "UB night" дээр хэлсэнчлэн таван жил болсон. Өөрсдийнхөө дуунаас дуулж сонирхуулсан. "Дорж, Долгор" гэдэг дууных нь үг их хөгжилтэй. "Дорж, Долгор хоёр сайхан амьдралыг хүснэ. Дорж машинтай, Долгор байртай болохыг мөрөөднө гэсээр хоёр хүний тухай дуулж гарав. Дууны үг заавал уран яруу, толгой холбосон байх албагүй, энгийн байх тусмаа хүнд хүрдэг учраас тэдний энэ дууг үзэгчид их сонирхон сонсч байсан юм. Ийнхүү хоёр цагийн турш сайхан хөгжим сонслоо. Урьд нь ийм дуунуудыг задгай талбайд зогсоогоороо эсвэл үсэрчсонсдог байснаас сандал дээр сууж сонсч байсангүй. Бас л их сонин юм. Сандал дээрээ савлан жазз, рок хосолсон тоглолт үзэх сайхан байлаа. Суудал дээрээ найгаж байгаа толгойнууд суудлын цаанаас их хөгжилтэй харагдана. Ийнхүү сонин, содон мэдрэмж, сайхан дуу дуулж, тоглож өгсөн "UB night" хамтлагийнханд баярлалаа. Тус хамтлаг удахгүй анхны цомгоо гаргах юм гэсэн. Уран бүтээлчдэдээ амжилт хүсье. Ийнхүү Монголд олонд танигдаагүй өчнөөн олон шинэ залуу, туршлагатай хамтлагууд байна гэдгийг дахин давтан хэлмээр. Тэднийг гаргаж ирэх хэрэгтэй гэдгийг улам бүр мэдрэх юм. Хөгжмийн урсгалыг "өнгөлөн", шинэчилж байдаг уран бүтээлчдийг дэмжих цаг болсон байна. Хөгжмийн хөгжлийн цаг тооллын машин ажиллаж байгаа шүү. У.БОЛОР | урлаг соёл |
“Хайрын орчлон”, “Төгөлдөр гоо”, “Жиндээх салхигүй хорвоо”, “Хайрын мишээл”, “Гэгээн гуниг”, “Зүрхэнд тэмүүлэх сэтгэл” зэрэг хит дууны эзэн, дуучин Г.Чинболор өөрийн бие даасан тоглолтоо тавдугаар сарын 22-нд хийхээр бэлтгэл ажилдаа оржээ. “Жиндээх салхигүй хорвоо” дуугаа нэг ангид суралцдаг охинтойгоо хамтран дуулснаар нийтийн дууны урлагт хүч түрэн орж ирсэн түүнийг нийтийн дуучид дундаа хослон дуулсан дуугаараа илүү олонд танигдсан гэж хэлж болно. Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. Э.ТЭКҮ | урлаг соёл |
“Камертон” хамтлагийн “Camerton best hits unplugged” нэртэй бие даасан тоглолт өнөөдөр “Мишээл экспо”-д 19.00 цагаас болно. 1995 оны зургадугаар сарын 24-нд байгуулагдсан тус хамтлагийнхан өөрсдийн 15 жилийн туршид туурвисан уран бүтээлээс түүвэрлэн уг тоглолтын үеэр фэнүүддээ хүргэхээр зэхээд байгаа юм. Ганцхан өдөр тоглогдох “Camerton best hits unplugged” тоглолтын тасалбар 50 мянган төгрөг ажээ. Э.ТЭКҮ | урлаг соёл |
“Хуучраагүй хуучны дуунууд” хөгжмийн клубын урилгаар “Kush & Oyuka” хамтлаг жазз хөгжмийн үдшийг их хотын залууст зориулан тоглох гэж байна. Уг хөгжмийн үдэшлэгт сэтгэлд хоногшсон, бидний хэзээний танил болсон жазз хөгжмийг эгшиглүүлж, ая дуугаа өргөх ажээ. Жазз хөгжмийн үдэшлэг энэ сарын 17-ны өдөр 19:00 цагаас “MexiKhan” ресторанд болох гэнэ. Жазз үдэшлэгт оролцох тасалбарын үнэ 20 мянган төгрөг ажээ. Сонирхуулахад “Хуучраагүй хуучны дуунууд” хөгжмийн клуб нь 2012 оны 10 сард байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар 53 мянган гишүүдтэй үйл ажиллагаа явуулж байгаа аж. Тэд өнгөрсөн нэг жилийн хугацаанд ийм хөгжмийн үдэшлэгийг есөн удаа зохион байгуулжээ. Э.ТЭКҮ | урлаг соёл |
“Мишээл экспо" төв өчигдөр олны хөлд дарагдсан юм. Учир нь монголын эрэгтэй хамтлагуудын томоохон төлөөллийн нэг “Камертон” хамтлагийнхан “Camerton Best hits Unplugged” бие даасан тоглолтоо хийв. 19 жил хамтдаа тайзнаа дуулж, дуу бүр нь залуусын зүрх сэтгэлд эгшгэлсээр байдаг тэдний хит дуунуудыг амьд хөгжмийн хамт сонсох гэсэн залуус “Мишээл”-ийг зорин ирсэн юм. Тоглолтын зохион байгуулалт чамбай байсныг ирсэн залуус үүднээс нь эхэлж мэдэрсэн бол уу. “Мишээл экспо"-гийн гадаа талбайд хамгаалалт гарган зөвхөн тасалбартай иргэдийг дотогш нэвтрүүлж байлаа. Мөн дотор “Камертон” хамтлагийн фенүүд улаан хивсээр алхаж орон дурсгалын самбарын өмнө гэрэл зургаа татуулсаар гол танхимыг зорино. “Camerton Best hits Unplugged” тоглолт “Камертон”-ы хит дуунуудын ковероор эхэлсэн бөгөөд тайзнаа бүжигчин залуус тэнд цугласан үзэгчдийн цөсийг хөөргөөд авав. Мэдээж үүний дараа тоглолтын эзэд тайзнаа гарч ирэн “Камертон бид та бүхэнд дуулж өгье Дуулсан дууг минь дагаад дуулаарай Залуучууд өвгөд хөгшид цөмөөрөө Алгаа таш цөмөөрөө алгаа таш...” хэмээн үзэгчидтэй хамтдаа дуулсан юм. Тоглолтын турш үзэгчид тэдний дуу бүрийг даган дуулж, бүжиглэж байлаа. Магадгүй өмнө нь хэн нэг нь “Камертон” хамтлагийн дуунуудыг яг одоо бүтэн дуул гэвэл зарим нэг хэсэг дээр түгдэрч мэдэх ч харин энэ үдэш 30 дууг торохгүй тэдэнтэй хамтдаа дуулж байсан шүү. Хөгжим эгшиглэхэд л танил дотно дууны үгс өөрийн эрхгүй амнаас урсан гарч байлаа. Энэ үдэш залуусын түрлэг давалгаалсан “Камертон”-той үдэш байлаа. “Цагаар суусан тэр охиныг харсаар Цасанд дунд гудамж хэдийнэ цайрчээ Цамцны минь өнгөтэй түүний хүрэм Цаашлан холдсоор алга боллоо...” дурсамж хөврөн сэтгэл догдлуулсан сайхан үдэш байлаа. Санасан шүү та нарыг энэ л тайзтай чинь. “Би хэнтэй ч учирч болноо Гэвч чамтай л анх танилцсан Бие биенээ бурхан мэт хайрласан Гэгээн хайр л тэр байсан ...” хэмээн зүрхэнд эгшиглэдэг дуунууд ар араасаа хөврөн залуусын цөсийг хөөргөн танхимд үзэгчдийн сэтгэл хөдлөл буцлан байлаа. “Зөөлөн гараараа хацар илэхэд Зүйрлэшгүй жаргалд би умбалаа Хатаж гундсан сэтгэлд минь Хайрын гал дүрэлзэн асах шиг...” Тэд энэ л үдэш үзэгч, фенүүдээ асаан дүрэлзүүлж, хөнгөн гуниг мэдрүүлэн, эхийн хайрыг ухааруулан, хайрын балыг амтлуулсан юм. “Явах цаг боллоо хонгор минь Яаруухан ч гэсэн бидэн хоёрыг Ямар хурдаар салгана вэ? Хувь заяа...” эгшиглэхэд гунигтай санагдсан шүү. “Камертон”-той дуулж, бүжиглэсэн гурван цаг нисэх мэт хурдан өнгөрсөн юм. Дахиад дахиад хэмээн шунамаар дэндүү сайхан үдэш байлаа. Гэхдээ тэд тун удахгүй эргээд фенүүдтэйгээ уулзана. Учир нь “Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт, дуучин Д.Болд тоглолтынхоо дараа өөрийн фейсбүүк хуудаснаа “Тоглолт маш сайхан боллоо.19 жил бидэнтэй хамт байсан та нартаа баярлалаа.”Camerton” энэ тоглолтоос 10 дуутай шинэ CD-гээ гаргах гайхамшигтай эрч хүчийг та нараасаа авлаа. Баярлалаа” хэмээн бичсэн юм. Баярлалаа, “Камертон”. Г.ДАША | урлаг соёл |
Монголын театрын хөгжлийн академиас санаачлан хэрэгжүүлж буй олон ястны ардын дууг сэргээн нийтийн хүртээл болгох “Дуун учиг” төслийн хүрээнд Буриад судлалын академитай хамтран хэрэгжүүлж буй “Буряад аянгай хабагша” буриадын ардын дууны шинэ цомгийн нээлтийн тоглолт Монгол бөхийн өргөөнд 2014 оны тавдугаар сарын 21-ний өдрийн 19.00 цагт болно. Буриад ардын мартагдах шахсан дуунуудыг Монголын болон ОХУ-ын Буриад, ӨМӨЗО-ны Шинэхээний буриадын шинэ дуучид дуулж, үндэснийхээ аялгууг ард түмэндээ өргөн барьж буй. Э.ТЭКҮ | урлаг соёл |
Төрийн шагналт хөгжмийн зохиолч Э.Чойдогийн хөгжим “Жалам хар” бүтээлийг Улс хувьсгалын 50 жилийн ой, ВИ.Лениний мэндэлсэний 100 жилийн ойг угтан 1968 онд Улсын ардын дуу бүжгийн чуулгын шинэ уран бүтээлийн төлөвлөгөөнд оруулснаар өдгөө бидний сэтгэлд мөнхөрсөн бүтээлүүдийн нэг болж чаджээ. Тэгвэл тус бүтээлийг Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид шинэчлэн найруулсан байна. Ингээд шинэчилсэн Жалам хар бүтээлийг хүргэж байна. Э.ТЭКҮ | урлаг соёл |
“Танилцъя охин”, “Чиний зураг” зэрэг уран бүтээлүүдээр нь дуучин Л.Байздааг олон хүн андахгүй сайн мэдэх биз ээ. Үе үеийн залуусын дуулдаг хит дуунуудын эзэн тэрээр тавдугаар сарын 20, 21-ний өдөр Тусгаар тогтнолын ордонд 20 жил урлагтай нөхөрлөсөн ойн баяраа тэмдэглэхээр зэхжээ. Түүний 20 жилийн ойн баярт “Тоник”, “Гурван бүдүүн”, “Fly”, “Sync” зэрэг хамтлагууд оролцох гэнэ. Орчин үеийн уран бүтээлчдийн хажууд түүний бүтээл өөрийнх нь зохиосон бүтээл байдаг гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Л.Байздаагийн хувьд 20 жилийн турш 100 гаруй бүтээл гаргасанаас 80 орчим бүтээлийг нь өөрөө зохиосон байна. Түүний тоглолтын ивээн тэтгэгчээр “Наран” бетон зуурмагийн үйлдвэр, “Гермес Гахиур”, “Булган газар” компани ажиллаж буй. Э.ТЭКҮ | урлаг соёл |
Хөгжим мэдээллийн Хуур.мн сайт нь өдөр бүр 8000 орчим хэрэглэгчдэд 60000 гаруй дууг Монголын хөгжмийн ертөнцөд болж буй шинэ мэдээ, мэдээллийн хамт түгээдэг үндсэн суваг юм. Тус сайт нь хэрэглэгчийн судалгаа болон сонссон дууны статистик мэдээлэл дээр үндэслэн энэ цаг үед уран бүтээлээрээ тэргүүлж буй хамгийн шилдэг 10 дууг 7 хоног, сар бүр шалгаруулан, хамгийн үнэн бодит чартыг Улаанбаатар радио 102.5, P3 радио 100.9, Их Монгол фм 99.7, Авто радио 105.5 зэрэг радиотой хамтран олон нийтэд танилцуулж эхлээд байна. Чартын дуунуудыг сонсохыг хүсвэл ЭНД дарна уу. Хуур.мн сайт нь дуу хөгжим, мэдээ мэдээлэл хүргэхийн зэрэгцээ Монголын рок поп, хип хоп, нийтийн дууны урлагийн уран бүтээлчдийн видео клипийг байршуулан, дууны үгийн хамт хэрэглэгчдэд хүргэдгээрээ онцлог юм. Мөн тус сайт нь өөрийн албан ёсны Facebook хуудсаар дамжуулан даваа гараг бүрийн 11:00 цагт хэрэглэгчдийнхээ дунд тааварт уралдаан, тэмцээнийг явуулж эхлээд байгаа бөгөөд 7 хоног тутам ялагчдадаа “Өргөө” кино театрт кино үзэх хос тасалбарыг бэлэг болгон өгч байгааг дуулгая. | урлаг соёл |
Амьд хөгжмийн 13 дахь удаагийн “Playtime-2014” наадам долдугаар сарын 19, 20-нд Гачууртын “Монгол шилтгээн”-д болох бөгөөд энэ жил наадамд 30-35 хамтлаг тоглох ажээ. Наадамд уламжлал ёсоор зочин хамтлагууд оролцохоос гадна шинэ залуу хамтлаг, дуучдыг шалгаруулалтад оруулж, сонгох юм. Наадмын шалгаруулалтын бүртгэл тавдугаар сарын 30-ныг хүртэл үргэлжлэхийг зохион байгуулагчид хэлсэн. “Амьд” хөгжмийн хамгийн том наадам болох “Playtime” нь хөгжмийн хөгжилд түлхэц үзүүлэх зорилготой учраас шинэ залуу, чадварлаг хамтлагийг гаргаж ирэх, чадваржуулахыг хичээдэг юм. Тиймээс шалгаруулалтын босгыг жилээс жилд өндөржүүлж байгаа бөгөөд шалгуурт тэнцсэн болон урилгаар оролцох хамтлагууд бүтэн “сэт” тоглолтоо хийх ажээ. Түүнчлэн энэ жилийн наадмаар урилгаар оролцох “The Lemons” хамтлаг гурав дахь шинэ цомогт орсон дуунуудаасаа тоглох гэнэ. Энэ жилийн наадмын эргэн тойрон дахь бэлтгэл ажлуудыг эхлүүлсэн байна. Тоглолтын тайз урьд жилийнхтэй адил гол болон жижиг тайзнаас бүтнэ. Наадмын талбайд хөгжим сонирхогчдод зориулсан худалдаа, наймаа, хоолны үйлчилгээ үзүүлэх хүмүүсийг бүртгэж эхэлснээс гадна жижиг тайзан дээр өөрсдийн “сэт”-ийг тавих хүсэлтэй DJ нарыг ч бүртгэж байгаа ажээ. Энэ жилийн наадмын онцлох мэдээлэл бол ОХУ-д альтернатив рок урсгалыг хөгжүүлсэн гэгддэг “ МумийТролль ”, “пост рок” урсгалаар тоглодог Японы “Envy” хамтлагууд зочин хамтлагаар ирэх юм. Ийнхүү хоёр өдрийн туршид Гачууртын “Монгол шилтгээн”-ий задгай талбайд майхнаа байрлуулан “амьд” хөгжим сонсч, эрх чөлөөгөө мэдрэх цаг ойртсоор. http://www.youtube.com/watch?v=V7iCZQgK0SQ https://soundcloud.com/dmbigun/track У.БОЛОР | урлаг соёл |
Монголын нийтийн дуучдын холбооны тэргүүн, дуучин Г.Чинболор тавдугаар сарын 22-нд “Монгол бөхийн өргөө”-нд болох “Төгөлдөр гоо” бие даасан тоглолтынхоо талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. -Яагаад бие даасан тоглолт хийхээр болсон бэ. Таныг хүмүүс ихэнхдээ дуучин Б.Энхмэндтэй хослон дуулдаг гэдгээр нь мэднэ? -Хүмүүс ер нь Г.Чинболор, Б.Энхмэнд хоёрыг тусад нь салгаж ойлгодоггүй. Харин энэ удаагийн бие даасан тоглолтоос маань үзэгчид Г.Чинболор гэдэг хүний дотоод сэтгэлийн аялгууг олж сонсоно гэдэгт итгэлтэй байна. Тоглолтоороо олны танил болсон, сэтгэлд нь хоногшсон олон хит уран бүтээлээ нийтийн дууны үнэнч сонсогчдодоо хүргэнэ. -Мэдээж тоглолт бүр өөрийн гэсэн онцлогтой байдаг. Таны хувьд ямар онцлогтой тоглолтыг энэ удаа тавих гэж байна? -Өнгөрсөн арван жилийн туршид гарсан дөрвөн цомгийн хит болсон уран бүтээлүүдээ тус тоглолтын үеэр дуулна. Мөн тайз засалтын хувьд их онцлогтой болж байгаа. Тайзаа Led дэлгэцээр засна, Бүх цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулга тоглолтод маань оролцоно гээд бүхий л талаар чанартай тоглолт хийхийн тулд бэлтгэж байна. Тоглолтыг Гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат хөтөлнө. -Нийтийн дуу сүүлийн үед поп хэв маягийн ритм, аялгуутай болсон юм шиг санагддаг? -Ер нь дуучин хүн ямар ч жанраар дуулж болно шүү дээ. Нийтийн дуучин гээ л заавал нэг хэв маягаар дуу дуулаад байх албагүй. Би ч бас өөрийгөө эвдэж, цаг үетэйгээ нийлж алхах ёстой гэж боддог. Сонсогчид ямар дууг сонсож байна түүнийг нь дуулж байх ёстой. Э.ТЭКҮ | урлаг соёл |
Фото: EPA/ИТАР-ТАСС Таван жилийн өмнө нас барсан Майкл Жексоны өнгөрсөн долоо хоногт гарсан "Xscape" цомог Их Британийн хөгжмийн чартыг тэргүүлж эхэлжээ. Нас барснаас нь хойш гаргасан цомогт нь өмнө нь сонсгож байгаагүй Жексоны найман трек багтжээ. Талийгаач эдгээрийн бичлэгийг 1983-1999 онуудад бичүүлсэн ба түүнд нь орчин үеийн продюсерүүд Тимбалэнд, Родни Жеркинс ба Норвегийн хослол Stargateхүч оруулж өгчээ. Лейблийн тэргүүн Epic Records Антонио Рэйдөмнө нь дуучин агсаны зохиомжид орон зөвшөөрөл авсан байсан ба тэрээр дуунуудыг амилуулахаар мэргэжилтнүүдийг урьсан байв. Тэдний эх бичлэг нь deluxe edition гэх тусгай цомгоор бас гарч байгаа ажээ. Майкл Жексон 2009 оны зургадугаар сарын 25-нд пропопол гэдэг эмэнд хордон нас барсан байв. Түүний эмч Конрад Мюррей тэр эмийг бичин өгсөн ба бусад эмнүүдийн хамт хүчтэй үйлчилсэн гэж гэж мөрдөн байцаалт тогтоож байв. Эмчлэгч эмчийг нь гэм буруутай гэж үзээд дөрвөн жилийн ялаар хорин шийтгэжээ. Нас барахын өмнө дуучин Британийн нийслэлд тоглолт хийхээр бэлтгэж байжээ. Жексоныг нас барснаас хойш түүний өмнө олонд дуулаагүй дуунаас бүтсэн "Michael" (2010) ба "Immortal" (2011) цомгууд гарсан байлаа. Бэлтгэсэн Ш.МЯГМАР | урлаг соёл |
Амьд хөгжмийн “Playtime” наадам энэ жил 13 дахь удаагаа “нүргэлнэ”. Наадам уламжлал ёсоор Гачууртын “Монгол шилтгээн” цогцолборын задгай талбайд долдугаар сарын 19, 20-нд болох юм. Наадмын эргэн тойрон дахь сэтгэл хөдөлгөсөн мэдээ гэвэл анх удаа болон шинээр цомог гаргаж байгаа хамтлагууд шинэ бүтээлээ “Playtime” наадмын тайзнаа тоглож, тэсрэлт хийхээр болжээ. Тухайлбал, “Нисванис” хамтлаг өөрсдийн дөрөв дэх цомог болох “Сэтгэл хөдөлнө”, “The Lemons” хамтлаг гурав дахь цомгийнхоо бүтээлээс, “Vatame” хамтлаг “Vatame” нэртэй анхны цомгийнхоо дуунаас хүргэх ажээ. Түүнчлэн наадмын зочин хамтлагаар ОХУ-д альтернатив рок урсгалыг хөгжүүлсэн гэгддэг “ Мумий Тролль ” , “пост рок” урсгалаар тоглодог Японы “Envy” хамтлагууд ирнэ гэх мэт онцлог ихтэй наадам болох гэж байна. Тоглолтын талбайн бүтэц өнгөрсөн жилийнхтэй адил гол ба жижиг тайзнаас бүтэх бөгөөд задгай агаарт хоёр өдрийн турш майхнаа байрлуулан амарч, дуртай хөгжмөө сонсох боломжтой юм. У.БОЛОР | урлаг соёл |
“B production” энэ жилийн уран бүтээлийнхээ нээлтээ хийлээ. Өнөөдөр “Blue sky tower”-т “B production”-ы захирал Төрийн соёрхолт, дуучин Д.Болд хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Тус мэдээллийн үеэр хөгжмийн найруулагч Н.Баярхүү, залуу реппер бүсгүй Номин, гитарчин Т.Мөнх-Оргил, “Гурван охин хамтлаг”, “Бид 4” хамтлаг болон бусад дэмжигч байгууллагын төлөөлөгчид оролцсон билээ. “B production” студийг анх 2006 оны есдүгээр сарын 9-ний өдөр Төрийн соёрхолт, дуучин Д.Болд байгуулж Б.Маралжингоо, “Шоо хамтлаг”, “Эгшиглэн”, “Агиймаа”, DZ man, “Гурван охин” зэрэг хамтлаг, дуучдын цомог, сурталчилгаа, продюсерээр нь ажиллаж рок попын ертөнцөд залуу, шинэ уран бүтээлчдийг таниулж байсан удаатай. Тэгвэл тус продакшны энэ жилийн уран бүтээлчдийн бүрэлдэхүүнд “Бид 4”, “Гурван охин” хамтлаг багтжээ. “Бид 4” хамтлагийн шинэ таван уран бүтээлээс бүтэх “Бид 4” цомог болон “Гурван охин” хамтлагийн “Хурдлах тусам” зэрэг шинэ цомгууд өнөөдрөөс эхлэн “Hifi record’s”-ийн салбаруудаар худалдаанд гарч байгаа гэнэ. Мөн уншигчиддаа сонирхуулахад дуучин Д.Болд өнөөдөр өөрийнхөө 11 дэх цомгийнхоо нээлтийг хийсэн юм. Түүний шинэ цомог нь “Хувцасаа тайлаад шид” нэртэй. Уг цомогт “Хувцасаа тайлаад шид”, “Тамын хот”, “Би дуралмаар байна”, “One night”, “Бороо”, “Хөгжим” зэрэг бүтээлүүд нь багтжээ. Мөн уг мэдээллийн үеэр эдгээр гурван уран бүтээлч, хамтлагууд өөрсдийн нэг нэг шинэ уран бүтээлүүдээ хүргэсэн бөгөөд хамгийн сонирхолтой бүтээл “Гурван охин” хамтлагийн реппер Н.Номинтой хамтран дуулсан “Би охин тэнгэр” дуу нь байлаа. Уг бүтээл нь тун удахгүй дүрсжиж рок поп, хип хоп сонирхогчдод хүрэх нь ээ. Ингээд уг мэдээллийн үеэр дуучин Д.Болдтой богино хугацаанд хийсэн ярицлагаа уншигчиддаа хүргье. -Нийт цомгуудын онцлог ер нь юу байв ? -Энэ жилийн уран бүтээлүүдийн онцлог маань бид илүү өөр өнцгөөс уран бүтээлүүдээ хийхийг хичээлээ. Урьд нь байсан хэвшмэл уянгын юм уу, давтагдсан сэдвүүдээс татгалзсан. Илүү эрч хүчтэй, өнгөтэй, цоглог, чөлөөтэй, дайчин өнгө аясаар уран бүтээлүүдээ гаргалаа. Миний “Хувцсаа тайлаад шид” цомог маань ч уг өнгө аясыг хадгалсан байгаа. -“B production”-ны хувьд өөр төлөвлөсөн ажил бий юу? -“B production”-ны хувьд өнөөдрийн байдлаар гурван цомгийг худалдаанд гаргалаа. Тун удахгүй Б.Амархүүгийн цомгийг гаргахаар ажиллаж байна. Мөн поп хадагтай Б.Сарантуяагийн цомгийг хийхээр ажиллаж байгаа. -Таны хувьд ямар төлөвлөгөөтэй байна вэ? -Энэ жил өөрийн тоглолтыг хийхээр зэхээд байна. Хоёр гурван жил тоглолт хийсэнгүй. Өөрийнхөө гаргасан бүх цомгуудыг нэгтэгсэн, хит дуунуудаас бүтсэн тоглолтоо хийхээр төлөвлөсөн. “Монгол поп”, “R&B”, “Dance” гэсэн гурван урсгал нэгдсэн тоглолтоо хийх гэж байна. Дуугаралтын хувьд ч гэсэн илүү хүчтэй болох болов уу. -“Бид 4” хамтлагийн гаргасан шинэ дуунуудын аяыг нь та өөрөө зохиосон гэж байсан? -Эд нарын маань цомог илүү уянгын хандлагатай. Дурлаж яваа, хайр дурлалтайгаа учирч байгаа зэрэг залууст зориулсан бүтээлүүд тууривсан. Аяыг нь би өөрөө зохиосон. -Дуунуудынхаа санааг хаанаас авсан бэ? -Эхлээд ая хийж байх явцад нь санаанууд гараад, яруу найрагчидтайгаа холбогдсон. -Дуучид, уран бүтээлчидтэйгээ ямар хугацааны гэрээтэй ажиллаж байгаа вэ? -Дуучидтайгаа гурван жилийн хугацаатай хамтарч ажиллаж байгаа. Б.Маралжингоотой гурван жил хамтарч ажиллаад нэг цомог гаргаж өгөхөөр гэрээ хийсэн байсан. Гурван жилийн хугацаанд хамтарч ажиллаад Б.Маралжингоо маань ч гэсэн биеэ даагаад уран бүтээлээ хийж байгаа. -Эдгээр хамтлагуудыг уран бүтээлийг эрчимжүүлэхийн тулд юу хийх гэж байна? -Олон зүйл төлөвлөсөн. Реалити шоу хийх, кинонд тоглуулах гэх мэт ажлууд байна. -Таныг “Pro sound’s” студийг худалдаж авсан гэх мэдээлэл үнэн үү? -Одоогоор яг шийдэгдээгүй байгаа. Гэхдээ тун удахгүй “B production” хоёр дахь салбартай болно. Зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү. Гэрэл зургийг Ц.АРИУНБОЛД Э.ТЭКҮ | урлаг соёл |
Нийслэлийн “Улаанбаатар чуулга”, Монголын үндэсний хөгжим, хөгжимчдийн холбоо хамтран эхийн алдрыг мөнхрүүлэх зорилго бүхий “Монголын үзэсгэлэнт саран гоо” тоглолтыг тавдугаар сарын 30-нд 19.00 цагт Нийслэлийн “Улаанбаатар чуулга”-ын их танхимд зохион байгуулах нь ээ. Уг тоглолтын найруулагчаар Д.Сосорбарам ажиллаж удирдаачаар Соёлын тэргүүний ажилтан Р.Ганбат, Д.Нямдаш болон Улаанбаатар чуулгын Хангарьд үндэсний хөгжмийн найрал, “Хөсөгтөн” хамтлаг, “Увертюра”, хамтлаг, Ардын жүжигчин Б.Жавзандулам, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин У.Далантай, Гавьяат жүжигчин С.Эрдэнэцэцэг, Соёлын тэргүүний ажилтан Д.Баасанжав, Д.Амаржаргал, П.Идэржавхлан, Д.Буянтогтох, О.Анхчимэг нар оролцох аж. Дашрамд дуулгахад уг тоглолтын үеэр нэрт яруу найрагч Д.Пүрэвдорж, Р.Чойном, Б.Лхагваcүрэн, Ц.Хулан, Д.Отгонcүрэн, Г.Чимитовэй, П.Пүрэвcүрэн, Л.Дагвадорж, Д.Амаржаргал, Н.Очирбат, хөгжмийн зохиолч З.Хангал, Э.Чойдог, Н.Жанцанноров, А.Энхтайван, Ч.Нянгар, Н.Чулуунхүү, Б.Доржcүрэн, Г.Андреев, Р.Бат-эрдэнэ, Д.Ариунболд, Б.Бааcанcүрэн, М.Бирваа нарын хөгжим, эхийн тухай уран бүтээлүүдээ хүрэлцэн ирсэн үзэгчдэд хүргэх юм байна. Э.ТЭКҮ | урлаг соёл |
Реппер Дөлгөөн өөрийн шинэ уран бүтээлээ хип хоп сонирхогчиддоо хүрэглээ. А.Дөлгөөнийг донжтой үг хэллэг, өвөрмөц хоолойгоор нь мэдэхгүй залуу хүн гэж байхгүй болов уу. Тэгвэл тэрээр өөрийн шинэ уран бүтээлээ хүүхэд залуучуудад зориулан гаргасан байна. Дашрамд сонирхуулахад, реппер А.Дөлгөөн өөрийн бие даасан тоглолтоо энэ жил хийхээр төлөвлөөд байгаа бөгөөд түүний бие даасан цомог Эх үрсийн баярын өдөр нээлтээ хийх юм байна. Ингээд реппер А.Дөлгөөний шинэ уран бүтээлийг хамтдаа сонирхоё. Э.ТЭКҮ | урлаг соёл |
Монгол Улс Швейцарийн холбооны улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, Монгол дахь Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны 10 жилийн ой 2014 онд тохиож байгаатай холбогдуулан Швейцарийн хөгжлийн агентлагаас санаачлан Монголын урлагийн зөвлөлтэй хамтран “Агула” хөгжмийн төслийг өнгөрсөн жилээс хэрэгжүүлж иржээ. Тус төслийн зохион байгуулагчид “Туушин” зочид буудалд өнөөдөр мэдээлэл хийлээ. Уг мэдээллийн үеэр төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч, судлаач Н.Жанцанноров, Швейцарийн хөгжлийн агентлагийн дэд захирал Дипак Элмер, Монголын урлагийн зөвлөлийн урлагийн хөтөлбөрийн захирал Б.Номинтуяа болон Швейцар хөгжлийн агентлагийн мэдээлэл харилцааны ахлах ажилтан Б.Соёлмаа нар оролцсон юм. “Агула” гэдэг нь Монгол бичигээр уул гэсэн үг бөгөөд Швейцарийн Алфийн нуруу, Алтайн нурууг дүрслэн хэлжээ. “Агула” төслийн хүрээнд болох Монгол Швейцарийн уран бүтээлчдийн хамтарсан тоглолт тавдугаар сарын 30-ны 19.00 цагаас Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тавигдахаар бэлтгэлдээ оржээ. Швейцарийн уран бүтээлчид өнгөрсөн амралтын өдөр буюу 25-нд манай оронд хүрэлцэн ирээд байгаа бөгөөд Төр хурах амралтын газар бэлтгэлээ хийж байгаа ажээ. Дашрамд сонирхуулахад “Агула” төсөл нь ганц тоглолтоор зогсохгүй олон үе шатлалтай ажлуудыг ч мөн багтаасан томоохон төсөл гэнэ. Н.Жанцанноров хөгжмийн зохиолчийн ярьж байгаагаар Швейцар улсаас өнгөрсөн 10 жилийн хугацаанд хамтарч ажилласан ажлуудаас хамгийн том ажил бол “Агула” төсөл ажээ. Ингээд олон зүйл нуршилгүй уг мэдээллийн үеэр Н.Жанцанноров хөгжмийн зохиолчтой ярилцсанаа уншигчиддаа хүргье. -Уг төслийн талаарх таны сэтгэгдэл ямар байна вэ? -Бид нар хөгжмийн салбарт ч тэр хөдөө аж ахуйн салбарт ч тэр дүрслэх урлаг, хувцас гоёл чимэглэлийн салбарт ч мөн үндэснийхээ эд бүлгийн соёлыг маш сайн эзэмшээд дэлхийн жишигт хүртэл боловсруулсан цагт бид хэнтэй ч юу ч ярьж болох юм байна гэдэг зүйл яригдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, манай хөгжим бүжгийн дунд сургууль үндэснийхээ хөгжимчдийг дэлхийн зэрэгт бэлддэг юм байна. Тийм учраас манай ятгачийг, морин хуурчийг гадаадууд хараад зүгээр нэг морин хуур, ятга тоглодог гэхээсээ илүүтэй дэлхийн хэмжээний хөгжимчин байна гэж мэдэрдэг. Тэрнээс морин хуурын дуу гоё болоод, ятгын дуугарч байгаа нь гоё байгаадаа биш. Ятга, морин хуурыг би, та ч дуугаргаж чадна. Харин хэрхэн дуугаргаж байгаа хүн нь чухал байгаа юм. Хамгийн гол зүйл бол аргал түүх, ямаа хяргасан ч, ном хэвлэхэд, дээл оёход ч дэлхийн төвшинд байх ёстой юм байна. Манай хөгжмийн сургууль энэ зүйлийг хийж чадсанаар бид бахархаж байна. Тийм ч учраас дэлхийн төвшинд хүрсэн хөгжмийн зохиолч танай дэлхийн төвшинд хүрсэн хөгжимчидтэй чинь хамтарч ажиллая гэж сонгож байна. Бид нар Чингис хаан гэж хий бахархахаасаа илүү орчин үеийн хүмүүсийн мэдлэг, мэдээлэл, орчин үеийн хүмүүсийн эзэмшсэн чадамжинд хүрч байж дэлхий биднийг тооно. Дэлхийд бид тоогдох тухай асуудал яригдаж эхэлнэ. Энэ зүйл бүх салбарт яригдана. Ганц урлагт бус эдийн засаг, улс төр, урлаг соёл гэх мэт бүх салбарт шүү. Тиймээс бид дэлхийтэй харилцая гэвэл дэлхийн хэмжээнд бэлтгэгдсэн байх хэрэгтэй. Харин хөгжимчдийн хувьд ямар нэгэн байдлаар бэлэн байна гэсэн сэтгэгдэл төрж байна. -Үндэсний хөгжмийн хөгжил ер нь ямар төвшинд байгаа юм бол. Залуучуудын хувьд үндэсний хөгжмөө хоцрогдсон хөгжим гэдэг өнцгөөс илүү харах хандлага бий? -Харин ч гайгүй байгаа болов уу. Ер нь манай уламжлалт хөгжмийн зэмсгүүд өөрийнхөө ид шидийг одоо л дэлхийд гаргаж байгаа. Дэлхий өмнө нь мэдэдгүй байсан шүү дээ. Одоо л нүүдэлчин хүмүүс гайхамшигтай зүйлсийг бүтээдэг юм байна гэдэг зүйлийг анхаарч мэдэж эхэлж байна л даа. Залуучуудын хувьд харьцангуй хотожсон. Хөдөө гэхэд л залуучууд нь мотоциколоор малаа хариулаад явж байна шүү дээ. Хөдөө 60 гаруй сувгаар солонгос кино үзээд л үхэр тугалаа нийлүүлчихээд л яваад байгаа юм л даа. Таны асуусан шиг тийм байгаа байж болно. Тэгвэл манай хэвлэлийн салбар болон урлагийн салбарынхан үндэсний хөгжим хоцрогдоогүй дэлхийн хэмжээнд хүрчихээд байна. Хөгжил нь ч тэр, хүн нь ч тэр гэдэг зүйлийг харуулах хэрэгтэй. Энэ зүйлийг “Агула” тоглолт харуулах байх аа. -“Агула” төсөл хэчнээн үе шаттай вэ? -Эхний шат нь уг тоглолт болчихож байгаа юм. Харин хоёр дахь шат нь зургадугаар сард уг бүтээлүүдээр нь CD хийнэ. Аравдугаар сард CD-ны баяр ч гэж ярьдаг даа, түүнийг хийнэ. Мөн Швейцарт тоглолтоо хийнэ. Дараа нь CD-гээ бариад бид дэлхийд гарах боломжтой. Энэ зүйл дээр Швейцарь нөхдүүддээ талархах хэрэгтэй. Хамгийн хэцүү нь “Арга билэг” хамтлагаа дэлхийн хөгжимчидтэй хамтарч ажиллуулна гэхлээр бидний мөнгө хүрдэггүй. Тэгэхээр энэ удаагийн арга хэмжээний зардлыг Швейцарийн талаас гаргачихсан. Аливаа зүйл чинь мөнгө шүү дээ. Дэлхийд тоглоё гэхлээр Н.Алтанхуягийн Засгийн газар зардал гаргах уу гэдэг зүйл чухал. Жишээ нь, Нью-Йоркт очоод тоглоё, хоногийн 350 доллар зочид буудалд төлбөр төлөөд тоглолоо гэхэд хэдэн хүн үзнэ гэж хэчнээн төгрөг олох вэ. Тэгэхээр дэлхийд гарах боломжийг олгож байгаа энэ агентлагтаа бас баярлах хэрэгтэй. Цаашдаа Монгол Улсын эдийн засаг томрох юм бол хамгийн жижиг асуудлаа ч харж чадна. Эдийн засаг жижиг байхад том асуудал ч харагдахаа больчихдог, эдийн засаг томрох юм бол хамгийн жижиг асуудал хүртэл нүдэнд өртдөг эдийн засгийн хууль бий. Тийм учраас Монгол Улсын эдийн засаг томроод Монголын хөгжимчид ашиг орлого өндөртэй, соёлын салбар хүчтэй болоход бид өөрсдөө хятад руу мөнгө хаяж хятадын хөгжимчдийг дэлхийд гаргах тухай санал тавьж ажиллана. Ер нь бидэнтэй хамтарч ажиллах хүн байна уу... Бид мөнгийг нь гаргана гэх цаг ирнэ. Одоохондоо тийм боломж байхгүй учраас бид олдсон боломжийг маш сайн ашиглах хэрэгтэй. -Монголын урлагийн зөвлөл нилээд олон төслийг хэрэгжүүллээ. Харин дараагийн ажлаараа юуг төлөвлөсөн байгаа бол? -Монголын урлагийн зөвлөл ямар нэгэн байдлаар Засгийн газраас санхүүжилт авдаггүй. Өөрсдөө хөрөнгө цуглуулдаг. Гадны болон дотоодын, ер нь сайн санаатай хүмүүсийн хөрөнгөөр ажил бүтдэг. Энэ жил эдийн засгийн хувьд тун хүнд байгаа юм шиг байна. Яагаад гэхээр манай тавьж байгаа саналуудыг хүлээж авч байгаа хэрнээ хөрөнгө мөнгөний хувьд туслалцаа үзүүлж чадахгүй байна. Чадах нь уу, үгүй юу сайн мэдэхгүй ч зургадугаар сарын 22-нд бид нар анх удаа Чингисийн талбай дээр симфони найрал хөгжимчидтэй ил, гадаа талбай дээр тоглолт хийхээр ярьж байна. -Симфони найрал хөгжим хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй тоглох вэ? -120 хүний бүрэлдэхүүнтэй тоглох байх. Ер нь гадаа тоглоно гэдэг бол гайхамшигтай зүйл байдаг. Бид нар гадаа симфони оркестороо ямар нэгэн баяр ёслол болохоор урьж тоглуулдаг шүү дээ. Тэр зүйл бол шоу юм. Харин тоглолт хийнэ гэдэг бол 120 хөгжимчин тоглоход тодорхой акустик илэрхийлэх саравч барих ёстой. 70-80 микрафон тавина, асар том хүчтэй инженерүүд оролцох ёстой. Мэдээж талбай дээр яг тоглолтын танхимд дуугарч байгаа мэт дуугаргах ёстой гэдэг бол асар том ажил шүү дээ. Энэ зүйл одоогоор ажиллаж байна бүтэх юм уу, үгүй юм уу. Одоогийн байдлаар санаа байвч сачий хүрэхгүй дээрээ тулаад л байна даа. Э.ТЭМЛҮҮН | урлаг соёл |
Монгол Алтайн ай сав газраас олдсон, 1400 жилийн настай “Алтай ятга” хэмээн өргөмжлөгдсөн чавхдаст хөгжмийн хөг аялгууг Монголд дахин дуурьсгах их ёслолын ажиллагаа 2014 оны 5 дугаар сарын 16-нд АСА циркэд болов. Эртний нүүдэлчдийн соёлын хосгүй өв болох уг олдворыг Монгол-Германы археологийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад сэргээн засварласан. Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож буй энэ онд тус хөгжмийн зэмсгийн хөг аялгуу Монголд дахин дуурьсаж буйг бэлгэшээн дээрхи ёслолын ажиллагааны үеэр Алтай ятгыг Монгол, Германы соёлын харилцааны бэлгэ тэмдэг хэмээн Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Г.Тийдеманн нар албан ёсоор зарлаж, батламж олгов. Ховд аймгийн Манхан сумын Жаргалант хайрхан уулын агуйн булшнаас 2008 онд археологийн малтлагаар олдсон эртний нүүдэлчдийн чавхдаст хөгжмийн энэхүү зэмсэг нь VII зуун буюу эртний Түрэгийн үед хамаарах энэ төрлийн хөгжмийн зэмсгийн Монголоос олдсон анхны олдвор юм. Эх сурвалж: www.mfa.gov.mn | урлаг соёл |
Улсын филармонийн дэргэдэх “Баян Монгол” чуулгын дуучин, MУСТА Л.Оюунчимэгийн нэрэмжит “Үртэй хүн жаргалтай” олон улсын рок, поп дуучдын уралдаан ирэх сарын 01-ний өдөр Улсын филармонидболно. Угуралдааныг СГЗ Д.Ухнаа санаачлан, зохион байгуулж байгаа аж. Уралдаанд сонирхсон бүхэн оролцож болох бөгөөд дуучин Л.Оюунчимэгийн “Цэцэгт нугын эрвээхэй” цомогт багтсан дуунуудаас сонгох боломжтой аж. О.САР | урлаг соёл |
Өнөөдөр болох тоглолт, үзвэрийн хуваарийг танилцуулж байна. Өнөөдөр Улсын драмын эрдмийн театрт "Учиртай гурван толгой" дуурь, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад Ардын урлаг, язгуур урлагийн тоглолт тус тус тоглогдох нээ. Ингээд өнөөдөр болох үзвэрийн хуваарийг танилцуулья. Түмэн эх чуулга Ардын язгуур урлагийн тоглолт. ҮДБЭЧ 18:00 цагт Ардын урлаг, язгуур урлагийн тоглолт. УДБЭТ 17:00 цагт "Учиртай гурван толгой" дуурь тус тус тоглогдох аж. Ч.ТЭНГИС | урлаг соёл |
“Моханик” хамтлагийн шинэ цомгийн нээлт тавдугаар сарын 29-нд буюу маргааш “Glamour” арт галерейд болох юм байна. Нээлтийн үеэр “Моханик” хамтлагийнхан өөрсдийн фото цомог, видео зэрэг олон сонирхолтой зүйлсээ фэнүүддээ танилцуулахаас гадна “Моханик Амарбаясгалантад” нэртэй цомгоо худалдаанд гаргах юм байна. “Моханик” хамтлагийн фэнүүдэд сонирхуулахад , тэдний дөрөвдүгээр сарын 3-нд болсон “Wesupport:mohanik” тоглолтод ирсэн хүн болгон тавдугаар сарын 29-31-ны өдрүүдэд уг тасалбараа хураалган тэдний шинэ цомгийг 50 хувийн хөнгөлөлттэй буюу 10 мянган төгрөгөөр худалдан авах боломжтой ажээ. Э.ТЭКҮ | урлаг соёл |
Монголын хөгжмийн урлагийн ноён оргил, суут хөгжмийн зохиолч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар,Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншарав агсныг эцсийн замд нь үдэх ёслол түүний алтан тайз ДБЭТ-д боллоо. Нэрт хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншарав 1927 оны зургадугаар сарын 1-нд Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутаг Зүүн хашаатын яндаг худаг гэдэг газар төржээ. Тэрээр Москва хотын П.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн Дээд сургуулийг найрал дууны удирдаач, Хөгжмийн зохиолч мэргэжлээр суралцан төгсч, 1960-1963 онд Улсын Хөгжимт Драмын Театрт найрал дууны багш, 1963 -1975 онд УДБЭТ-н Уран сайхны удирдагч, 1975 оноос УАДБЭЧ -ын Дарга, 2004 он хүртэл тус чуулгын зөвлөхөөр ажилласан байна. Хөдөлмөрийн баатар,Төрийн шагналт, Ардын жүжигчин ,хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав бид бүгдийн сайн мэдэх "Маамуу нааш ир", "Би чамд хайртай", "Дурлал хайрыг минь дамжуулаасай" ,"Усны Тунгалаг тамирын гол", "Охидын уянга", "Хэрлэн" зэрэг сэтгэлд хоногшсон дуунаас эхлээд дуурь, бүжгэн жүжгийн олон арван уран бүтээлийг туурвисан Монголын хөгжмийн урлагийн тулгын гурван чулууны нэг гэгддэг агуу суу билэгт хөгжмийн зохиолч байсан билээ. Нэрт зохиолч, найрал дууны удирдаач Д.Лувсаншаравын Монголын хөгжмийн урлагт оруулсан хувь нэмрийг үнэлж түүнд 1951 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин, 1963 онд Төрийн шагнал /”Хэрлэн” дуу, “Эх орон бат оршиг” магтуу зохиосон тул/, 1981 онд Ардын жүжигчин цол, 2000 онд Хөдөлмөрийн баатар цолыг тус тус хүртээж байжээ. Түүний аугаа их бүтээлүүд, түүхэн замнал Монголын ард түмний зүрх сэтгэлд мөнхөд орших болно. Ум мани бадми хум. Уг мэдээллийн дэлгэрэнгүйг www.grandnews.mn -с уншина уу. | урлаг соёл |
“Моханик” хамтлагийнхан өөрсдийн шинэ цомгийнхоо нээлтийг өнөөдөр буюу тавдугаар сарын 29-нд “Glamour” арт галерейд хийлээ. “Моханик Амарбаясгалантад” цомог нь "Моханик хүрэх аялал" төслийн нэгээхэн хэсэг бөгөөд 2011 оны есдүгээр сараас тэд хөгжмийн өнгө аяс, дуугаралт, дуу чимээг эрэлхийлсэн аялалд гарчээ. Тэд энэхүү аялалынхаа явцад олж авсан, нээсэн хэмнэл, дуу чимээ, хөгжмийн шинэ өнгө аясыг өөрсдийн шинэ бүтээл “Моханик Амарбаясгалантад” нэртэй цомогтоо оруулж өгчээ. Уг цомгийн нээлтийн үеэр “Моханик” хамтлалгийн ахлагч У.Даваажаргалтай ярилцлаа. -Яагаад Амарбаясгалант хийдийг цомогтоо онцлов? -Энэ цомог маань гурван жилийн туршид хийгдсэн бүтээл л дээ. Хамтлаг өөрөө яаж төлөвшиж, хөгжих ёстой вэ, өөрсдийн хөгжмийн шинэ өнгө аясыг хэрхэн тодорхойлж болох вэ гэдэг зүйлийг эрэлхийлсний үндсэн дээр манай хамтлагийнхан аялал хийхээр болж, Монгол нутгаараа аялал хийсэн. Шинэ бүтээл маань байгальтай ойр, Монгол, нүүдэлчин өнгө аясыг агуулсан байгаа. Гэхдээ зөвхөн Монголд нүүдэлчид байдаггүй шүү дээ, өөр газрууд ч бий. “Моханик Амарбаясгалантад” цомогтоо бид нүүдэлчдийн өнгө аясыг мэдрүүлэхийг хичээсэн. Тиймээс цомгоо студид бичүүлэх тохиромжгүй санагдаад, байгальд бичих санаа төрсөн. Дуунууд маань байгаль дэлхий, хүний дотоод ертөнцийн тухай илэрхийлэх учраас хамгийн тохиромжтой нь “Амарбаясгалант” хийд байсан. Цомгийнхоо дуунуудыг Амарбаясгалант хийдэд очиж бичээд, дараа нь “Нэгүн” студийнхэнтэй хамтарч бичлэгэн дээрээ ажилласан байгаа. -Хэр удаан хугацаанд аялсан бэ? Мэдээж өөрийн гэсэн онцлогтой газруудыг сонгосон болов уу? -Бичлэг хийгдэхээс сарын өмнө аялалдаа гарсан. Нар зөв тойрч аялаад төгсгөлд нь “Амарбаясгалан” хийдэд, жинхэнэ байгалийн амьд студид байрлаж, гол ажлаа амжуулснаар аяллаа дуусгасан. -Миний ажигласнаар цомгийн нээлтийн үйл ажиллагаа гэхээсээ илүү үзэсгэлэн гаргаж байгаа юм шиг сэтгэгдэл төрлөө...? -Яагаад цомгийнхоо нээлтийг гэрэл зургийн үзэсгэлэнтэй уялдуулсан бэ гэхээр сонирхож ирсэн хүмүүстэйгээ илүү ойр байх гэсэн санаа л даа. Сонсож үзэхийг хүссэн хүмүүс маань илүү үнэ цэнэтэйгээр, төсөөлөлтэйгөөр шинэ бүтээлүүдийг маань сонсоосой гэж хүссэн учраас өнөөдрийн үзэсгэлэнг зориулж бэлдсэн. Зургадугаар сарын 15-аас эхлээд “Blue moon” арт галерейд энэ үзэсгэлэн маань албан ёсоор гарна. -Үзэсгэлэнд тавигдсан фото зургуудыг худалдаж авах боломжтой юу? -Тэр талаар төлөвлөөгүй. Хэрвээ сонирхсон хүмүүс хүсэлт тавих юм бол яагаад болохгүй гэж. Э.ТЭКҮ | урлаг соёл |
Жазз ритм хөнгөхөн товшиж, үндэсний хөгжим сэтгэлд нэг л дотно. Эхний аялгуу “Агула” эгшиглэж эхлэхэд биеийн шар үс босч байна уу гэлтэй бүх бие арзайж, морин хуур, ятга, нарийн бүрээ хоёр хэзээний сайн найзууд шиг хорших тэр л содон аялгуу. Энэ үдэш жазз хөгжим сэтгэлийн маш том таашаал болсон. Тиймээ...Сэтгэл хөдлөл, оюун бодлын замбараагүй үймээн дунд нэгэн тайвширлыг “Агула” тоглолт өгсөн билээ. Монгол Улс, Швейцарийн Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, Монгол дахь Швейцарийн Хөгжлийн хамтын ажиллагааны 10 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Агула төслийг хэрэгжүүлж буй. Уг төслийн хүрээнд өнгөрөгч тавдугаар сарын 29,30-ны өдрүүдэд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзыг “Арга билэг” этно жазз хамтлаг болон Швейцарийн уран бүтээлчид хамтран нэгэн үдшийг жазз хэмнэлээр амьсгалууллаа. Тоглолтын тайзны засалт өвөрмөц гэхээсээ илүү хөгжимчдийн сонгосон гоёл содон байв. Хөгжимчид хар өнгийн даашинз, хар өнгийн хослолоор гоёсноос гадна “Агула” гэх бичигтэй улаан өнгийн ноолууран ороолтоор гангарчээ. Магадгүй энэ зүйл нэг их чухал биш байж болох ч хөгжмийн өнгө аяс болон тайзны гэрэлтүүлэг зэрэгтэй тун сайн хоршиж зохицсоныг хэлэх нь зүйтэй болов уу. “Агула” тоглолт олон талын сонин зүйлсийг харууллаа. Хэзээ ч хоорондоо хоршиж дуугардаггүй ятгын аялгуу, жазз хөгжмийн амин сүнс гэж нэрлэгддэг нарийн бүрээ буюу турбо хөгжимтэй хослон эгшиглэж, доод өнгөөр хөөмий дуугарч, дээд буюу нарийн өнгөөр хоолойгоороо хөгжимддөг эмэгтэй нарийн хослолыг тайзан дээр авчирч урлаг сонирхогчдод хүргэсэн. Сонсоход нэг л сонирхолтой...Бүдүүн сөөнгө өнгөөр морин хуурч, хөөмийч А.Даваазориг хөөмийлж түүний араас дуучин ая зохиогч Карин Штойле нарийн дээд өнгөөр хоолойгоороо хөгжимдсөн юм. Хоолойгоороо хөгжимдөх гэвэл ихэнх хүмүүс гайхах байх, яадаг юм бол гэж. Миний сонссоноор хоолойгоороо хөгжимдөх нь нэг төрлийн нарийн урлаг бололтой. Учир нь бид үг хэлээд дуулахад ч чамгүй авьяас шаарддаг шүү дээ. Харин энэ эмэгтэй үггүй хэрнээ нарийн нугалаас, нарийн дуугаралтуудыг хоолойгоороо хийдэг юм билээ. Мэдээж хөгжмийн гоцлол бүр өөр өөрийн үүрэгтэй, өөрсдийн онцлогтой, дахин давтагдашгүйгээр хоорондоо хоршиж хүмүүний нандин сэтгэлийн учигт хүрч, дотоод ертөнцөд нь эгшиглэсэн. Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Т.Пүрэвсүх “Эдгээр бүтээлүүд маань сэтгэхүйн тал руугаа илүү хандсан” гэж хэлж байсан нь тоглолтын үеэр тэдний бүтээлүүдийг сонсож байхад мэдрэгдэж байлаа. Нээрээ ч хүний сонсох мэдрэхүйгээр дамжуулан дотоод ертөнц, төсөөллийн орчинд эдгээр арван хөгжим аваачиж чадсан. Намуун зөөлөн ритм үзэгчдийг уярааж байх хэрнээ тэднийг хоромхон зуур цочоож хүчтэй хэмнэл рүү дагуулан авч одох аж. Хэдийгээр бидний урьд нь сонсож үзээгүй арван дуу тайзан дээр тоглогдож байсан ч хүмүүсийн хувьд аль хэдийн сонсоод хит болсон бүтээл шиг хүлээж авч байсан нь гайхмаар. Шинэ аялгуу, дууг анх удаа сонсоод л шууд “Гоё дуу” гэж дүн тавьдаггүй шүү дээ. Харин уг тоглолтын үеэр үзэгчид хэзээний сайн мэддэг дуугаа сонсож байсан мэт таашааж, сэтгэл хөдлөлөө барьж дийлсэнгүй юу гэлтэй алга ташилтаар уран бүтээлчдийг шагнаж байсан юм. Уран бүтээлчид ч үүнийг маш сайн мэдэрсэн болов уу. Учир нь аливаа уран бүтээлчдэд үзэгчид алга ташилтаараа дүн тавьж, шагнаж урамшуулдаг. Тоглолт дуусч тоглолтын танхимаас гарч явах зуураа “Ямар аймар юм бэ...Та нарын биеийн шар үс боссон уу” гэж, зарим нь “Ямар гоё юм бэ сэтгэл сэргэчихлээ” гэх зэргээр үзэгчид сэтгэгдлээ хуваалцаж байлаа. “Агула” тоглолтоор хоёр улсын уран үзэгчдийн дотоод ертөнц, мэдэрхүйд хүрэхийг хичээсэн нь талаар болсонгүй. Тоглолтын хэв маяг, хөгжмийн зохиолоос нь тэр бүхэн тодхон. Агула тоглолтын үеэр “Агула”, “7лоо”, “Цаг хугацаанаас ангид”, “Төсөөлөл”, “Өгүүлэл”, “Жаргалтай тавдугаар сар”, “Дасти пампа райд”, “Диваажингийн долоо”, “Агаарын галт тэрэг”, “Найзууд” зэрэг арван шинэ бүтээл үзэгчдийн хүртээл болсон юм. Эдгээр бүтээлүүд нь аравдугаар сард цомог болон урлаг сонирхогчдын гар дээр очих ажээ. Эдгээр аялгуунуудын таван бүтээлийг нь “Арга” билэг хамтлагийн төгөлдөр хуурч, ая зохиогч Т.Пүрэвсүх зохиож, Швейцарийн хөгжмийн зохиолч, аргил хийлч Хейнрих Кайзег таван аялгууг нь зохиож олны хүртээл болгосон нь энэ. Ингээд уг тоглолтын үеэр Швейцарийн Элчин сайдын яамны хамтын ажиллагааны газрын захирал, Ерөнхий консул Маркус Валдвогеноос сэтгэгдлийг нь сонссоноо уншигчдадаа хүргэе. -Тоглолтын дараах таны сэтгэгдэл ямар байна вэ? -Миний бодож төсөөлж, найдаж байснаас илүү сайхан тоглолт болсонд сэтгэл маш хангалуун байна. Уран бүтээлчдийн хувьд их хөдөлмөр зарж, бүтээлч хандсан нь харагдлаа. -Төслийн гүйцэтгэлийг та хувь хүн талаасаа юу гэж бодож байна вэ. Монгол үндэсний хөгжим өөр орны хөгжимтэй, соёлтой нэгдэн дуугарлаа. Энэ талаар таны өөрийн хувийн бодол ямар байна вэ? -Хөөмийн хамгийн доод өнгө, залуу эмэгтэйн хоолойн дээд өнгийн дуугаралт хоорондоо гайхалтай нэгдэж хоорондоо уялдаж байгааг харахад, мэдрэхэд надад маш сонирхолтой байлаа. -Хамгийн эхний бүтээлийг сонсоод таньд ямар мэдрэмж төрсөн бэ? -Эхний хөгжим эгшиглэж эхлэхэд надад Альпийн нуруунд очсон мэт мэдрэмж төрөхийн хажуугаар Монголын уудам тал нутаг санаанд маань орсон. Уг төслийг амжилттай хийж гүйцэтгэсэн урлагийн зөвлөлийнхөнд баярлалаа гэж хэлмээр байна гэлээ. Э.ТЭМЛҮҮН Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №064 | урлаг соёл |
“Энхрий”, “Зөөлөн хайр”, “Зүрхэнд” зэрэг уран бүтээлүүдээр нь дуучин A Cool буюу Б.Анхбаярыг олон хүн сайн танина. Тэрээр өнгөрсөн жил өөрийн бие даасан “Зүрхэнд” тоглолтоо сонсогч фэнүүддээ хүргэсэн билээ. Тэгвэл дуучин A Cool дахин бие даасан тоглолтоо хийхээр зэхжээ. Гэхдээ энэ удаад “VIP” тоглолтоо “VIP” сонсогчиддоо хүргэнэ гэнэ шүү. “VIP” тоглолт нь зурагдугаар сарын 6-нд буюу баасан гаригт “Falcon paradise club”-т болох юм байна. “VIP” үдэш зочилсон эхний 100 хүнд A Cool өөрийн гарын бэлэг шинэ цомгоо бэлэглэхээс гадна тоглолтын тасалбар бүрт коктейл өгөх аж. Э.ТЭКҮ | урлаг соёл |
Рок попын загалмайлсан эцэг хэмээн нэрлэгддэг “Харанга” хамтлагийн 25 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд ойдоо зориулсан тоглолтыг хамтлагийн гишүүд хийж байгаа. Тус хамтлагийн бөмбөрчин Н.Пүрэвдаш буюу Пүүжээ энэ сарын 13-нд өөрийн бие даасан "HARANGA & Puje Drum Show" тоглолтоо хийх гэнэ. Тоглолт “UB Palace”-ийн их танхимд 19:00 цагт болох юм байна. О.САРНАЙ | урлаг соёл |
Намрын шар навчис нэг нэгээр үзэгдэж эхлэх болсон аагим халуун ч аадар бороотой, аянга дуу цахилгаантай өдрүүд ээлжлэн буй энэ л өдрүүдийн мэндийг эрхэм уншигч танд дэвшүүлье. Байгаль хүртэл өөрчлөгдөн хувьсч бидний өмнө өөрийн “драм”-ыг харуулах шиг... Энэ удаагийн зочны маань хэлснээр амьдрал бол жүжиг гэж тодорхойлсончлон та бидний амьдрал болоод өөрчлөлт бүр оршил, эхлэл, өрнөл, зангилаа, тайлал, төгсгөлтэй бас нэгэн жүжиг аж. Гагцхүү ямар дүрд тоглохоо та өөрөө шийднэ. Драмын эрдмийн театрын найрууулагч Б.Баатартай ярилцлаа. -Та найруулагч болно гэж хэзээнээс эхлэн бодох болсон бэ? -Огт бодоогүй. Арван жилийн сургуулиа төгсмөгц манай аав намайг ажилд оруулсан юм. Хуучин Теле-Кино үйлдвэрт хоёр жил ажиллах хугацаанд найруулагчийн ажил сонирхол татсан. Тухайн үед ажиллаагүй хүнийг аль ч газар найруулагчаар авдаггүй байсан үе. Дараа нь УДЭТ-т яваад очсон. Тэнд очтол найруулагч Доржсамбуу гуай байсан. Тэгээд би Украйнд Доржсамбуу агсны багш дээр очиж шавь нь болж байсан юм. Бид нэг багшийн шавь байгаа юм. Мөн манай сургуулийг хөгжмийн зохиолч Н.Жанцанноров төгссөн. Эрдэнэбулган мөн суралцаж байгаад Ленинград руу явсан. -Найруулагчаар суралцаж байх хугацаандаа та их “омголон” оюутан байсан уу? -Би хэзээд өөрийн байгаагаараа байдаг хүн л дээ. Найруулагч болно гэж бодож байгаагүй. Мундаг хүн ч болъё гэж боддоггүй байсан. Тухайн үед би найруулагч мэргэжлийг мэдэхгүй чигээрээ л төгссөн. Гэхдээ дипломоо онц дүнтэй хамгаалж байсан. Эхний дипломын ажлаа “Одессей” жүжгээр хамгаалсан. Ивановын нэрэмжит театрт очиж би гурван хүний жүжиг тавьж байлаа. Тэгээд л ирмэгц аан найруулагч гэж ийм ажлыг хэлдэг юм байна гэж бодож билээ. Сургуульд явахаасаа өмнө би зургаан найруулагчийн дунд ганцаараа туслах найруулагч хийдэг байв. Тийм учраас бүх юманд нь гүйнэ шүү дээ. Дараа нь энд ирээд жинхэнэ дипломын ажлаа УДЭТ-ын тайзнаа “Гургалдайн дуучин” гэдэг нэртэй жүжгээр хамгаалсан юм. -Эх орондоо театрын тайзнаа найруулан тавьсан таны анхны жүжиг “Гургалдайн дуучин” хэмээх тэрхүү жүжиг тань байжээ. -Тийм.1985 он байсан санагдана. -Таны найруулсан жүжгүүдэд эх орон, үндэсний түүхэн сэдэв өнгө аяс мэдрэгдэх нь бага байдаг. Европ маягийн нэг л өөр уур амьсгалтай тавилт харагддаг. Та эх орон гэдэг үгийг юу гэж ойлгодог вэ? -Европ тал руугаа гэлээ. Магадгүй миний найруулсан жүжгийн тавилтууд тийм байж болох юм. Гэвч би сургуулиа төгсч ирмэгцээ Монголын радиод ажилласан. 1991-1992 онд Чингисийн тухай дуугардаг хүмүүс ховор байлаа шүү дээ. Тэгтэл би Инжинашийн “Хөх судар” түүхэн романыг радиод тавьсан юм. Нийтдээ 40 цагийн бүтээл болсон. Түүний дараа Бүргэд найруулагчтай нийлж байгаад Монголын нууц товчоог 30 гаруй цагийн бүтээл болгон мөн тавьж байв. Одоо ч Монголын радиогийн алтан фондод байдаг юм. Радио жүжиг. Эх орон гэдгийг хүмүүс янз бүрээр л ярьдаг. Миний хувьд бол зарим зүйлийг ярихгүй байх ёстой гэж боддог.Тэр зүйл дотор чинь байж байх ёстой. Хайр гэдэг үгийн тухайд ч “хайраа” гээд хэлэх нь надад худлаа санагддаг. Хүний дотор энэ үг байж байх ёстой. Үүнтэй адил эх орон гэдэг үг ч сэтгэл дотор байж л байх ёстой. Үүнийг би үгээрээ хэлэх юм бол тэнэг харагдана эсвэл аугаа харагдана. -Тэгвэл эх орон, гэр бүлээсээ хол явахаар хамгийн түрүүнд танд үгүйлэгддэг зүйл тань юу вэ? -Сайхнаагаа л санана. /түүний гэргий/ Сүүлийн үед манай сэтгүүлчид ярилцаж байгаа хүнээсээ аугаа хариулт хүлээгээд байдаг болсон юм шиг. Санагдана гэдэг үгийг мэдрээд байдаг мөртлөө гаргаж болдоггүй зүйл байдаг. Гаргах гэхээр тэр нь худлаа болчих гээд нэг тийм зүйл. Нандин зүйл гэж хүнд байдаг шүү дээ. Түүнийг хэлж болдоггүй. Би Сайхнаатайгаа олон жил ханилахдаа хайртай гэж хэлэх гэхээр худлаа санагдаад байдаг юм. Гэвч миний цаана тэр үг байж л байдаг. -Театрын тухай, найруулагчийн ажлын тухай танаас асуух зүйл байна. -Ингэхэд та ер нь миний найруулсан ганц жүжгийг үзсэн үү? -Үзэлгүй яахав. -Нэг сэтгүүлч охин надтай ярилцлага хийе гээд утасдсан юм байна. “Баатар найруулагчаа тантай уулзаж, ярилцмаар байна” гэхэд нь би өө, тэгье , тэгье гэтэл өнөөх сэтгүүлч охин чинь өмнөөс “Драмын театр хаана байдаг билээ” гэдэг байгаа. Тэгэхээр нь би утсаа тасалчихсан. Жүжиг үзээгүй мөртлөө театрын тухай надтай ярилцаж болохгүй шүү дээ. Тэгээд л би танаас энэ асуултыг асууж байгаа юм. -Эх орондоо хайртай гэж ярьж байгаа хүмүүс үү, ээ дээ мөн худлаа даа...- -Үзэгчийн хэмжээнд, өөрийнхөө хэмжээнд таны найруулсан болоод бусад жүжгүүдийг үзэлгүй яахав. -Мөнхдорж, Найдандорж, Наранбаатар гэх зэрэг олон найруулагчид бүгдээрээ жүжиг тавих нэг төрлийн ажлыг хийх боловч өөр өөрсдийн араншинтай байдаг юм. Яг үнэндээ үүнийг л би чухал гэж боддог. Бие биенээсээ ялгарахгүй юм бол жүжиг тавиад ч яах юм бэ. Би таны тухай танд өөрт тань хэлэх нэг өөр хэрэг. Кино жүжигт таны тухай ярих бас нэг өөр. Би таны өөдөөс харж сууж байгаад алдааг тань хэлбэл та хүлээж авахгүй. Харин жүжиг, кинонд таны алдаатай зүйлийг хэлж, харуулахад та түүнийг хүлээж аваад театраас гараад явахдаа ухаантай болно. Урлаг үүгээрээ аугаа. Яагаад жүжиг үзэж байгаа үзэгчид нам жим болдог юм бэ. Театраас гараад л явахад өөр, өөр амьдралтай хүмүүс тэнд цугларсан байдаг. Гэсэн мөртлөө театрт цуглахаараа тэд жүжигтэй ярилцдаг. Найруулагч мэргэжил нь өөрөө их залуухан настай 120 жил болж байгаа байх. Харин жүжигчний мэргэжил бол эртнийх. Грек, Ромын үед гудамжны жүжигчид тоглож байхдаа би болоод байна уу, болохгүй байна уу, та намайг нэг хажуугаас хараад өгөөч гэх тэр үеэс найруулагчийн мэргэжил үүссэн. Жүжигчдийг хажуугаас нь хардаг нэг хүнтэй болж найруулагч мэргэжил үүссэн түүхтэй. Хэрвээ та хэчнээн мундаг зүйл хийж байсан ч таныг хажуугаас тань харах хүн байхгүй бол яах вэ. Би найруулагчийн мэргэжлийг ингэж л ойлгодог. Зарим хүмүүс буруу ойлгоод бусдаас ухаантай гэх зэргээр ярьдаг. Тийм биш. Нарийн ярих юм бол найруулагч хүн бол жүжигчний зарц шүү дээ. -Тийм гэж үү? -Тийм шүү дээ. Тайзан дээр байгаа жүжигчний алдааг би хэлнэ. Тухайн жүжигчнийг үзэгчдийн өмнө шившигтэй харагдуулахгүйн тулд л найруулагч хажууд нь байна. Тэгэхээр зарц л байгаа биз дээ. -Жүжигчин аугаа юу, найруулагч аугаа юу гэхээр найруулагч гэдэгтэй нь олон хүн санал нийлнэ. Тэд ертөнцийн аливаа юмсыг өөрийнхөөрөө тунгаасан үзэл бодолтой, жүжигчид болоод дүрийг нээдэг хүмүүс байдаг гэдэг. Харин танаас л найруулагч бол “боол, зарц” гэдэг үгийг анх удаагаа сонсч байна. -Би тэр жүжигчнийг орилж чарлаад загнаад байгаа ч түүнийг буруу жүжиглэхээс л хамгаалж байгаа хэрэг. Яг үнэндээ жүжиг дуусахад тэд ёслоно. Жүжигчин л мундаг харагддаг биз дээ. Загнах бол өөр асуудал. Хүмүүс их олон янз. Зарим хүний шарыг малтаж, уурыг нь хүргэж байж дүр бүтээдэг хүн байна. Зарим жүжигчин бол тайзан дээр магтуулах их дуртай. Болохгүй байхад нь ч “үгүй, чи мөн алж өгч байна шүү” гэж хэлээд л тоглуулна. Тийм учраас найруулагч гэдэг нь өөрөө нэг хүн учраас олон хүнд таалагдах гэж маяглаж болохгүй. Эцсийн эцэст жүжиг л сайн гарах ёстой. Үүний төлөө л орилж чарлаж байгаа шүү дээ. Түүнээс биш өөрийгөө магтан дуулах гэж найруулагч чарладаггүй. Тийм бол найруулагч хийгээд хэрэггүй. Жүжигчид өөрсдөө аугаа хүмүүс байдаг. Хэн нь худлаа, үнэн загнаж байгааг мэднэ. -Сайн жүжигчнийг найруулагч л төрүүлдэг гэдэг. -Зохиолыг найруулагч сонгодог. “Дон Кихот” тавьлаа гэхэд тэр сонголтыг би хийж байгаа юм. Дараа нь энэ дүрд энэ л жүжигчин тоглоно гэдэг бүх л сонголтыг найруулагч хийнэ. Би бодож байна, би тэгж харж байна гэдэг хувь хүн байх хэрэгтэй. Тийм биш олонд таалагдсан найруулагч байвал түүнийг хэн ч таалахгүй. -Жүжигчин хүн олон дүрд хувирдаг. Тэгвэл амьдралд хүний үзэл бодол хэр олон хувирдаг юм бол оо. Та энэ тухай юу гэж бодож байна? -Хүний үзэл бодол өөрчлөгдөнө гэдэг их ховор. Өөрт нь ямар нэгэн цохилт ирмэгц хүний үзэл бодол өөрчлөгддөг. Манайхан капитализм байгуулж байна гэсэн мөртлөө мөнгөтэй хүнд их дургүй болчихсон. Гэтэл мөнгөтэй хүн гэдэг нь ажил хийдэг хүн байгаа шүү дээ. Бүх кино, жүжгийг хар л даа. Урьд нь муу байсан хүн жүжиг дуусахад өөр хүн болон хувирдаг биз дээ. Өөрчлөлтийг л драм гэдэг юм. Хэрвээ дүр өөрчлөгдөхгүй бол түүнийг драм гэж огт хэлэхгүй. Таны үзэл бодол өөрчлөгдөхийг л драм гээд байгаа юм шүү дээ. Муу зохиол гэж юуг хэлдэг гэж санана. Драмгүй зохиолыг л хэлдэг байхгүй юү. -Би өөрчлөгдөөд хэн болох юм бэ...- -У.Шекспирийн “Амьдрал бол театр” гэдэг үг санаанд орж байна. Театр гэдэг үгийг нь таны хэлснээр ойлговол амьдрал бол өөрчлөлт болж таарлаа. -Тийм. Хэрвээ тогтмол ус шиг байвал утгагүй шүү дээ. Жишээлбэл таны бүтэн нэр хэн билээ? -Одгэрэл -Одгэрэл таны амьдралаар жүжиг найруулах болбол, таны торгон мөчийг л авч зохиолч зохиолоо бичнэ. Найруулагч найруулна. Бусад үед үргэлжилсэн таны амьдрал бол жамаараа л явна. Яг л таны амьдралын өөрчлөлт гарсан тэр мөчийг сайн бичиж, зөв найруулж, зөв тоглох нь чухал. Тэр жүжиг бол Одгэрэлийн өөрчлөлт байх болно. Өөрчлөлт, жүжиг гэдэг бол ерөөсөө ийм л зүйл. Урлагийг хэзээ ч сүртэй томоор ойлгох хэрэггүй дээ. -Тэгвэл та өөрөө хэрхэн яаж өөрчлөгдсөн бэ? -Би ерөөсөө өөрчлөгдөөгүй. Гэвч миний ажил онцлогтой. Би Чеховын жүжгийг найруулах болоход би огт өөр хүн болж өөрчлөлтөд ордог. Миний амьдрал өөрчлөгдөнө гэсэн үг биш. “Атга нөж” жүжгийг тавих болоход би баатар болж хувираад XIII зуунд очоод амьдарчихна. Тэгээд ажил дуусаад гэртээ очиход одоо тантай ярилцаад суух Баатар хэвээрээ. “Кармен хүүхэн” жүжгийг тавьж байхдаа би гитарын хурдан хэмнэлийг сонсоод би өөрөө тийм темпраменттэй болчихоод жүжигчиндээ “ хурдлаач, яагаад хөдөлж ядаад байгаа юм бэ, гитар дуугарч байна шүү дээ” гэж хэлж зогсох мөчид би өөрчлөгдсөн байсан байгаа биз дээ. Харин яг л чанддаа Баатар өөрчлөгдөж чадахгүй байгаа юм. Өөрчлөгдөөд би хэн болох юм бэ, жишээлбэл би эхнэртээ чи жаргалтай бүсгүй гэж хэлдэг юм. Би бусад эрчүүдтэй адил хуруундаа бөгж зүүж үзээгүй. Шүхэр, дипломат цүнх барьж үзээгүй. Би их хэмнэлттэй нөхөр байгаа биз дээ. /Инээв/ Би бас хэзээ ч зангиа зүүж үзээгүй. Хоолой боочихоод байгаа юм шиг санагддаг юм. -Та бол найруулагч хүн. Жүжигчдэд жүжиглэхийг нь заадаг хүн. Амьдрал дээр та өөрөө жүжиглэх тохиолдол гардаг уу, бусдад таалагдахын тулд тийм шаардлага танд гарч байв уу? -Тийм үе байдаг юм. Манай гэр бүлийнхэн, ойр дотны хүмүүс маань намайг “та хүмүүст битгий ёдор зан гаргаад бай” гэж хэлдэг. Тэгээд л би олон хүмүүсийн дунд очно. Их дөлгөөн хүн болох гэж үзнэ шүү дээ. Гэхдээ нэг л мэдэхэд буцаад Баатартаа орчихсон байдаг. Дөлгөөн байх гэсэн нь нэг их удаан үргэлжлэхгүй. Нэг л мэдэхэд нөгөө тэнэгтдэгээрээ тэнэгтээд л зогсч байдаг. Хүний төрөлх чанар гэж байдаг. Миний хувьд тэр төрөлх чанар хэзээ ч засрахгүй юм билээ. Би хэзээ ч хүнд муу санадаггүй. Найруулагч хүн өөртөө хүнийг автуулж чаддаг байх ёстой. Худлаа автуулж болохгүй. Үнэнээсээ хүн автаж байвал надад нэг юм байнаа даа. Төрөлхийн нэг юм байна. Хэрвээ би худлаа яривал гучин минут л худлаа ярина. 31 дэх минутад нь баригдана даа. -Таны бухимдлыг ихээр төрүүлдэг энэ нийгмийн ямар асуудал байдаг вэ? -Би өдий наслахдаа нэг зүйлийг олж харсан нь монголчуудыг хэзээ ч хятадууд доромжилж байгаагүй. Монголчуудыг хэзээ ч гаднын хүн хорлож байгаагүй. Монголчууд монголоо л алдаг. Таван толгой, Оюу-толгой гээд л яриад байна. Монголчууд л бие биенээ алж байгаа юм. Би нэг удаа жүжгийн уралдааны шүүгчээр явж байхад нэг зохиол дээр бичсэнээр Өгөөдэй хаан болно гэж Чингисийг хэлэхэд Тулуй хоёр жил шахам хаан ширээнд суусан гэдэг. Өгөөдэй явсаар ирэхэд нь Тулуй ахдаа “Монголыг захирах шиг ял байдаггүй юм байна” гэж хэлсэн байдаг. Үргэлж л хоорондоо алалцаад байдаг. Гаднын 30-40 сая хүмүүсийг татвараа өг гээд өгөхгүй бол байлдаж очоод авчихдаг. Харин монгол хүнийг удирдана гэдэг бол там гэсэн байдаг. XIII зуунд Хятад 80 сая хүн амтай байсан гэдэг. Тэгвэл одоо хэд болсон билээ. Түүх судраас харж байхад Манжийн үед Монголыг манж дарлаагүй юм байна билээ. Манайхан Бээжинд очоод л нэг нэгнийгээ матаж байсан. Энэ бол мөнхийн сэдэв. Би үүнд л бачимдаж явдаг. -Нээрэн л бие биенээ матдаг байдал бидний дунд одоо ч хаа сайгүй л байдаг шүү дээ. -Монголчууд үүгээрээ тодорч байна. Цусанд нь байдаг. Дээр үед айлууд хоорондоо их хол зайтай буудаг шүү дээ. Цагаан сараар нэг уулзана. Уулзахаараа хэрэлдэнэ. Энэ бол монголчуудын мөнхийн сэдэв. Устгаж болдоггүй, хайрлаж болдоггүй их сонин ард түмэн шүү дээ. Түүхэн архивыг үз л дээ. Дандаа л монголчууд монголчуудаа матсан байдаг.. Аймар байгаа биз. Түүнийг нь гадныхан хараад танд нэг цол хэргэм өгчихдөг. Дараа нь надад нэгийг өгчихдөг. Та бид хоёр үргэлж нэг нэгнээ давах гэж үзэлцдэг. Түүнээс биш хэзээ ч монголчуудтай харийнхан дайтна гэж байгаагүй. Хятадуудыг бид муулаад байдаг ч хэзээ хятадууд Монголыг эзлэж байсан юм бэ. Үргэлж хоорондоо л байлдсан. Тиймээс бид маш аугаа ард түмэн. Нөгөө талаасаа маш тэнэг ард түмэн. -Та ингэхэд аль нутгаас гаралтай хүн бэ? -Би Улаанбаатарын хүн. Нэгдүгээр төрөхөд төрсөн. Би ч бие жаахан өвдвөл тэнд очиж карантны ус уугаад л болчих юм шиг байгаа юм. Сосорбарам Баянхонгорт очиж хөрвөөдөг юм гэсэн. Харин би бол тэгэхгүй. Энэ хавьд л байна даа. -Эмэгтэйчүүдийг бодвол эр хүмүүс найзлаж, нөхөрлөж чаддаг хүмүүс гэлцдэг. Та ер нь хэр олон найзтай хүн бэ? -Жаахан буруу сонсогдож магадгүй. Бүх хүн миний найз. Гэхдээ би ойртож чаддаггүй. Өөртөө ч ойртуулдаггүй. Зарим хүмүүс арван жилийн сургуулиасаа эхлээд найзласан үүрд миний найз гэж ярьдаг. Ингэх нь сайхан л байна. Харин би бол ярина, найзална, уулзвал зодолдоно. Хайрлавал хайрлана. Өвчин зовлон тохиолдвол туслана. Гэсэн мөртөө тэврэлдсэн найз байдаггүй. Та их сонин асуулт асуулаа. Нээрэн бодоход надад өвөр түрийдээ ороод, тэврэлдэж үнсдэг найз байдаггүй. Би тэгэхээр жаахан муу хүн байх. -Найз нөхөд хоорондоо ижил төстэй олон зүйлээрээ санаа,сэтгэл нийлдэг. Магадгүй таны үзэл бодол, таны сонирхолтой адилхан хүнийг та хайгаад, тань шиг хүмүүс ховорхон байдаг юм болов уу? -Магадгүй. Учир нь миний нэг том дутагдал бол бүх хүнийг өөр шигээ байлгах гээд байдаг талтай. Эсвэл нэг идеалны алдаа, дутагдалгүй хүн хайгаад байдаг юм шиг байгаа юм. Сайхан найзлаж байтал тэр хүн гэнэт дургүй хүрмээр харагддаг. Зүгээр байж байгаад мөнгө харахаараа нүд нь хачин болоод ирмэгц л би ” зайл чи” гээд хэлчихдэг. Эргээд харахад би ч гэсэн сайхан хүн биш. Надтай удаан найз байж болохгүй ёдор аашнаас авахуулаад янз бүрийн зүйл байдаг байх. Тиймээс надад таны асуулт шиг сонгодог найз байхгүй. Гэсэн мөртлөө найз надад олон бий. Саяхан намайг бие муудаад эхлэхэд эхнээсээ гүйгээд л ирж байна. Хэдэн талаас яг л зөгий шиг шаваад л,тэгэхээр би бас найз нөхөдгүй биш. Гэхдээ би янаг найз биш. /инээв/ -Хүн ярьж байгаагийнхаа яг эсрэг мөн чанарт байдаг- -Шударга хүн гэж таныхаар ямар хүнийг хэлэх вэ? -Эх орон гэдэг үгийг дотроо хадгалахтай адилхан. Хайртай, хайртай гэж ярих ч цаанаа хайргүй л байдаг шүү дээ. Үүнтэй адил шударга зүйл цаанаасаа илэрдэг. Шударга байна, ил тод ярина гэх шиг худлаа зүйл байхгүй. Хүн ярьж байгаагийнхаа яг эсрэг мөн чанарт байдаг. Эх орондоо хайртай даа гэж ярих хүмүүс, ээ дээ мөн худлаа даа. -Та гавьяат цол тэмдгийг авалгүй буцаасан хүн. Гавьяа шагналд дүргүй хүн үү? -Гавьяа шагналд дургүй гэж мушгиж болохгүй. Буцаах болсон шалтгаан маань Н.Энхбаяр Ерөнхийлөгч байх үед нэг өдөр 21 хүнд гавьяат цолыг өгсөн. Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч гэсэн тухайн үедээ шагнал авах явдлыг таашааж байгаагүй мөртлөө хэчнээн хүн шагнав... Арын хаалгаар худлаа авч байгаа шагналыг би үзэн ядсан болохоос биш би төрийн өгсөн шагналыг буцаах эрхгүй. Яг үнэндээ хараарай. Нэг орилоод л гаргаад ирэхэд Монголд тэмдэггүй хүн байна уу. Улс нь хөгжихгүй мөртлөө шагналтнууд олширохоор утгагүй болж хувирна. Ерөнхийлөгч нь өөрөө тэр цолыг энгэрт зүүж өгөхгүйгээр Засаг дарга болон бусад хүмүүсээр тэр шагналыг нь өгүүлэхээр түүнд ямар хүндлэл байгаа юм бэ. Доромжлол шүү дээ. -Шагнал ч мөн нандин зүйлийн нэг байх. -Хүн чанараа алдахад хүргэдэг зүйл болсон. Хүн чанараа алдахад явдаг, ярьдаг, хоол иддэг л амьтан болж хувирна шүү дээ. Хайрлах зүйл байхгүй болно. Намайг энэ шагналыг буцаахад олон хүн хэлж байсан гэвч миний шижиг хүрч байсан. Та бод доо. Дөрвөн дуу дуулаад нэг даргын сонгуулийн ажилд явчихаад гавьяат авсан хүмүүсийг надаар хэлүүлэлтгүй мэднэ шүү дээ. -Ингэхэд хамгийн сайхан үг гэж ямар үгийг хэлэх бол, та бас тэр сайхан үгээ хэлж болно. -Хамгийн сайхан үг хүний дотор л байна. Тиймээс хамгийн сайхан үг гэдэг бол чимээгүй байхыг хэлнэ. -Ингэхэд таны өөрийн гэсэн ертөнцийг үзэх үзэл хэзээ, юунаас анхлан бий болсон гэж та боддог вэ? -Би эмээ, өвөө хоёр дээрээ өссөн хүүхэд. Эмээ маань цэвэрлэгч, өвөө маань жижүүр хүн байсан. Нэгэн удаа гудамжинд эмээ маань хогоо шүүрдэж байтал нэг дарга хажуугаар нь явахдаа хогоо хаяхыг нь хараад би “новш минь хогоо ав” гээд л хэлчихсэн. Эмээ маань “хүүе, миний хүү том даргын өөдөөс ингэж хэлж болдоггүй юм” гэж билээ. Харин өнөөх дарга нь намайг ихэд өхөөрдөж байсныг одоо ч санадаг юм. Ихэд ажилласаг, сайхан сэтгэлтэй хүмүүс байсан. Надад олон юм хэлж сургаж байгаагүй ч тэр хоёр хүний дэргэдээс л үзэл бодол маань бий болсон байх даа. Э.ОДГЭРЭЛ Эх сурвалж: www.eagle.mn | урлаг соёл |
“Камертон” хамтлагийнхан шинэ цомгийн ажилдаа оржээ. Тэд тавдугаар сард өөрсдийн бие даасан “Camerton Best hits Unplugged” тоглолтоо “Мишээл экспод” амжилттай хийсэн билээ. Тэдний тоглолт удаан хүлээсэн сонсогч фэнүүдийнх нь хувьд том бэлэг байсан. Удаан хугацаанд “Камертон” хамтлагийнхан нэгдсэн уран бүтээлээ хийлгүй байсаар өнөөг хүрсэн бол тун удахгүй тэдний цоо шинэ дуунууд сонсогчдынх нь гар дээр очих нь ээ. Уг цомог нь арван шинэ дуунаас бүтсэн бөгөөд ирэх наймдугаар сард худалдаанд гарах ажээ. Э. ТЭКҮ | урлаг соёл |
Нэгэн шинэ уран бүтээлчи рок попын ертөнцөд мэндэлжээ. Түүнийг Номин гэдэг бөгөөд Наомин гэх тайзны нэртэй залуу уран бүтээлч нь Хөгжим бүжгийн Коллежийг мэргэжлийн дуулаачаар төгссөн бөгөөд өнгөрсөн жилээс Италийн Милан хотод мэргэжлийн дуурийн дуулаачаар суралцаж байгаа ажээ. Тэрээр поп арт, этник чиглэлээр уран бүтээлээ туурвиж байгаа бөгөөд продюсер Окигийн “Нэгүн” студитэй хамтран ажиллаж байгаа гэнэ. Түүний “Мөнх” нэртэй шинэ бүтээл нь этник жанраар, ардын болон орчин үеийн дуугаралтыг хослуулсанаараа онцлогтой ажээ. Уг дууны үгийг ZZ бичсэн бол аяыг хөгжмийн зохиолч Оки зохиож “2B” студийн хамт олон хийж гүйцэтгэсэн байна. Ингээд шинэ уран бүтээлчийн уран бүтээлийг хамтдаа сонирхоё. Э.ТЭКҮ | урлаг соёл |
Рок попын ертөнцийн томоохон төлөөллүүдийн нэг “Хурд” хамтлагийнхан энэ зуны анхны задгай талбайн тоглолтоо хийхээр бэлтгэл ажилдаа оржээ. Жил бүр болдог тэдний задгай талбайн тоглолт зургадугаар сарын 7-нд 20.00 цагаас “Irish pub”-ын гадаах “Garden” талбайд болох юм байна. Энэ зуны задгай талбай дахь тоглолтыг салхийг “Хурд” хамтлагийнхан хагалах нь. Бүрэн хэмжээний амьд тоглолтын үеэр тэдний подволк, аксесуар болон алтан пянзны дуудлага худалдаа болохоос гадна тэдний номны нээлт болох юм. Дашрамд сонирхуулахад уг тоглолт нь үнэ төлбөргүйгээр “Хурд” хамтлагийн фэнүүдэд хүрэх нь ээ. Э.ТЭКҮ | урлаг соёл |
“Бразил 2014” хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Монгол фанатуудад зориулсан бүтээл гарах гэж байгаа тухай мэдээллийг өмнө бид хүргэж байсан билээ. Монголын залуу уран бүтээлчид нэгдэн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зориулсан бүтээл туурвисан нь хоёр хувилбартай аж. Реппер Данка дуучин П.Баярцэнгэл нарын хамтран дуулснаар “Бүгд нэг хэмнэлээр” эхний хувилбар нь бүтсэн. Харин хоёр дахь хувилбар нь реппер Данка Акабелла, “S4” хамтлагийнхантай хамт дуулснаар “We are one” нэртэйгээр хөл бөмбөгийн фанатуудад хүрч буй. Тус бүтээлүүдийн видео клипийг “Roll entertainment” студийн уран бүтээлчид хийж гүйцэтгэсэн юм. Ингээд хамтдаа “We are one” бүтээлийг сонихоё. Э.ТЭКҮ | урлаг соёл |
“Харанга” хамтлаг энэ онд 25 жилийн ойгоо тэмдэглэнэ. Тус хамтлагийнхан рок, попын тайзнаа 25 жил уран бүтээл туурвисан он жилүүддээ хүндэтгэл үзүүлж, хамтлагийнхаа гишүүн бүрийн бие даасан тоглолтыг өнгөрсөн жилээс үзэгчдэд хүргэж эхэлсэн юм. Эхлээд гитарчин Я.Одсүрэн, дараа нь дуучин Х.Лхагвасүрэн, хамтлагийн ахлагч Ц.Чулуунбат нарын уран бүтээлээр үргэлжилсэн 25 жилийн ойн тоглолт одоо бөмбөрчин Н.Пүрэвдашийнхаар ээлжилж байна. Түүний уран бүтээлийн бие даасан “HARANGA and Puje” тоглолт зургадугаар сарын 13-нд “UB Palace”-ын концертын их танхимд 19.00 цагаас болох юм. Тоглолт болохын өмнө “Харанга”-ын фэнүүдэд дуулгах сайхан мэдээтэй. “Харанга”-ын Пүүжээ хэдхэн хоногийн өмнө цоо шинэ бөмбөртэй боллоо. “Талх чихэр” компанийнхан энэ бөмбөрийг “Харанга”-ын төрсөн өдөрт зориулан түүнд бэлэглэсэн бөгөөд лазер бөмбөр анх удаа түүний тоглолтод нүргэлэх нь ээ. Э.ТЭКҮ | урлаг соёл |
ССАЖЯ-ны харъяа байгууллагуудын "Нээлттэй хаалганы өдөрт" зориулан Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгынхан 2012-2013 оны уран бүтээлүүдээ тайлагнаж зургаадугаар сарын 8-ны өдөр 10.00-16.00 цагийн хооронд Чингисийн талбайд тус арга хэмжээнд оролцох юм байна. Дуу бүжгийн эрдмийн чуулгын хамт олон 2012-2013 онуудад Найруулагч Н.Болд “Салхины дууль” концерт, Рок попынхоны их хуралдай тоглолт, Төрийн Соёрхолт С.Сүхбаатар “Нарны домог” ардын бүжгэн жүжиг, 2013 онд “Цуутын цагаагч гүү” үлгэрээс сэдэвлэсэн Д.Ганболд “Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжиг, Ё.Цэрэндолгор “Сүнжидмаа” дуулалт жүжиг Д.Баярбаатар “Монголын их хатад ” бүжгэн туульс гэх 10 орчим томоохон уран бүтээлийг туурвиж, үзэгчиддээ хүргэжээ. Харин зургадугаар сарын 8-нд болох “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын хөгжмийн их найрал хөгжимчид, зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжигчид, Дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучид оролцох гэнэ. Дашрамд сонирхуулахад, уг өдөрлөгөөр тус чуулгын шинэ DVD, CD номнуудыг хөнгөлөлттэй үнээр худалдах ажээ. Э.ТЭКҮ | урлаг соёл |
Монголын шинэ залуу шилдэг хөгжимчид болох хийлч О.Байгаль, төгөлдөр хуурч Б.Оюу нарын “The tunes of Mongolia” тоглолт зургаадугаар сарын 28-ны 19 цагт “MSM” компанийн show room-д болно. Сонгодог урлагийн салбарт хэдийнэ танил болсон уран бүтээлчид 2013 онд дэлхийн шилдэг хөгжмийн зохиолчдын зохиол бүтээлээс бүрдсэн “The Best of classics” хамтарсан тоглолтоо Улаанбаатар хот болон Хонконгд тоглож байсан. Харин энэ удаад Монголын шилдэг хөгжмийн зохиолчид болох Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж, Б.Шарав, З.Хангал, Э.Чойдог, Ж.Чулуун, Н.Жанцанноров нарын аялгуу тансаг хөг эгшгээр үзэгч олны сонорыг мялаана. | урлаг соёл |
Амьд хөгжим сонирхогч залууст дуулгах нэгэн сайхан мэдээ. “Metalica” хамтлагийн “Cover” тоглолтыг “Аадар” хамтлаг амьд хөгжим сонирхогч залуусдаа толилуулахаар болжээ. Уг тоглолтонд “Металлика” хамтлагийн “Kill ‘em All”, “Ride the Lightening”, “Master of Puppets”, “And Justice for All”, “The Black Album”, “Load”, “Reload”, “Death Magnetic” цомгуудын шилдэг 20 дуу тоглогдох юм байна. Нийт есөн студийн цомог, дөрвөн амьд тоглолтын цомог, 25 клип 37 синглийг гаргаад байгаа тэд есөн удаар “Grammy” шагналыг хүртэж, таван цомог нь дарааллан “Billboard 200”-ийн нэгт жагссан анхны хамтлаг ажээ. “Metalica” хамтлагийн 1991 онд гаргасан “The Black album” нь Америкт 16 сая гаруй хувь борлуулагдсан бөгөөд тухайн үедээ хамтлагийн их борлуулагдсан цомог болж байсан юм. Уг хамтлаг нь бүх цагийн үеийн хамгийн алдартай хамтлагуудын нэг бөгөөд дэлхий даяар нийт 120 сая цомог борлуулсан юм. Тэгвэл дэлхийн алдартай “Heavy metal” хамтлагийн тоглолт зургадугаар сарын 21-нд “UB palce”-ын тоголтын их танхимд 19.00 цагт болох нь ээ. Рок хөгжим сонирходог, амьсгалдаг залуусын үдэш айсуй. Э.ТЭКҮ | урлаг соёл |
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №065 | урлаг соёл |
“Universe best songs” наадмын шилдэг оролцогчдын нэг А.Хишигдалай шинэ уран бүтээлээ олны хүртээл болголоо. Түүний шинэ уран бүтээл нь “XX Lady” гэх телевизийн шоунд зориулсан дуу гэнэ. Дуучин бүсгүйн уг бүтээл олон турах зорилго тавьсан эмэгтэйчүүдэд урам өгөх биз ээ. Э.ТЭКҮ | урлаг соёл |
“Forever”, “Уянга,” “Хаана байна” зэрэг олон уянгын уран бүтээлээр нь “A Sound” хамтлагийнханыг танихгүй хүн ховор болов уу. Тэд уран бүтээлээ тууривсанаас хойш найман жил өнгөрсөн байна. Тус хамтлагийнхан өөрдийн найман жилийн ойн баяраа фэнүүдтэйгээр хуваалцахаар бэлэн болжээ. Тэдний тоглолт зургадугаар сарын 13,14-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнд “Хар сувд” хөлөг онцгоцон дээр 19.00 цагт болох бөгөөд тоглолтын үеэр тэд фэнүүддээ зориулсан зарим нэгэн сонирхолтой хөтөлбөрөөс гадна гэнэтийн бэлгүүдийг задлах ажээ. “Найман жил” тоглолтын тасалбар “Hifi”-ын бүх салбаруудаар худалдаалагдах бөгөөд 30 мянган төгрөгийн үнэтэй ажээ Э.ТЭКҮ | урлаг соёл |
СУИС-ын оюутан Д Амартүвшин “Хайрын өдрүүд” дуугаараа уран бүтээлийн гараагаа эхэлж байна. Энэхүү дууны аяыг СТА, ая зохиогч Н.Баасандорж, үгийг яруу найрагч Ж.Даваадамдин бичсэн байна. Та бүхэндээ шинэ уран бүтээлийг хүргэж байна. | урлаг соёл |
“Харанга” хамтлагийнхан өнгөрсөн жилээс эхлэн өөрсдийн 25 жилийн ойн баяртаа зориулан хамтлагийн гишүүн тус бүр өөрсдийн уран бүтээлийн тайлангаа үзэгч, сонсогчдодоо хүргэж байгаа билээ. Энэ удаад зургадугаар сарын 13-нд “Харанга” хамтлагийн бөмбөрчин Н.Пүрэвдаш “ Haranga & Puje ” бие даасан тоглолтоо хийхээр бэлтгэл ажилдаа ороод байна. Түүнтэй ярилцсанаа хүргэе. -Таны амьдрал, уран бүтээлийн гараа хэзээнээс эхлэ сэн бэ. Тэр дундаа яагаад бөмбөр сонирхож тоглох болов? -1958 онд Улаанбаатар хотноо төрж бага тойрогт бага насаа өнгөрүүлсэн. Миний аав, ээж хоёр Завхан аймгийн улсууд, арван жилийн тавдугаар сургуульд сурч байсан. Анх 1971 онд ардын армийн 013 дугаар ангийн хөгжмийн салаанд, Цэргийн бөмбөрчин бэлтгэх таван жилийн сургалтанд хөгжимчин сурагчаар томилогдож очоод л миний ажил амьдрал эхэлсэн дээ. Тэгээд 13 настай хүүхэд 20-н настай ах нар дунд ажиллаж, амьдарч жинхэнэ амьдралын амтыг мэдэрч, тэндээс өөрийгөө олж авч, таньж мэдэж хүн болсон гэхэд болно. Ингээд 1976 онд бэлтгэлээ дуусгаад мэргэжлийн хөгжимчин гэдэг зэрэг дэвийг авч, Зэвсэгт хүчний жанжин штабын үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимд хөгжимчин ахлагчаар томилогдон очиж ажилласан. 1976 оноос эхлэн армидаа 19-н жил найман сар ажиллаад 1989 онд “Харанга” хамтлагт ороод өдийг хүртэл тасралтгүй энэ хамтлагтайгаа хамт, энэ хөгжмийн урлагтаа зүтгэж байна даа. - “Харанга” хамтлагийн 25 жил гэдэг бага хугацаа биш ээ. 25 жилийн өмнө танай хамтлаг хэрхэн гараагаа эхлэж байсан талаар уншигчид маань сонирхож байгаа байх? -Тийм л дээ бид бүгдийн л хөлс, хүч, хөдөлмөр шингэж байж хамтлаг маань энэ олон жил оршин тогтнож байгаа юм. Сонин болгож нэгэн түүх сөххөд хамтлаг маань “Харанга” гэдэг нэрийг авсанаасаа хойш л 25-н жил болж байгаа юм ш дээ. Өмнө нь бол 1977 оноос эхлээд Манлай, Оогий, Чука бид дөрөв чинь “Соёмбо” гэдэг нэртэй хамтлаг байгуулаад үлгэр жишээ үлээвэр найрал хөгжийн дэргэд тоглоод явж байгаад 1989 онд Лхагваа маань нэмэгдэж орж ирээд л “Харанга” гэдэг нэрийг албан ёсоор өгсөн юм. Ингээд бодхоор манай хамтлагийн уран бүтээлээ туурвисан түүх 37-н жил болж байгаа юм. Энэ олон жилийн дараа эргээд хархад, өнөөдрийг хүртэл тасралтгүй явсан бидний хамгийн чухал зүйл бол нөхөрлөл байгаа юм. Бид болвол нөхөрлөлийн тод жишээ юм даа. Энэ дашрамд бас нэг зүйлийг онцолж хэлэхэд бидний амьдрал, уран бүтээл армитай салшгүй холбоотой. Тодруулбал бид бүгд үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимд орсоноор мэргэжлийн хөгжимчид болцгоосон. Манай Лхагваа хүртэл армийн хүн тэрбээр 1980-аад оны эхээр 029-р ангийн цэргийн хөгжимд нарийн бүрээч мэргэжлээр таван жил суралцаж төгсөөд тэгээд Харангад орсон байдаг юм. - Тэгэхлээр тухайн үед улсаас авьяаслаг хүүхэд, залуучуудыг бодлогоор дэмжиж ажилладаг байсан гэсэн үг үү. Эсвэл...? -Ер нь бол бодлогоор хүүхэд залуусыг сонгож аваад тэгээд сургадаг байсан. Тэгээд онц сайн дүнтэй төгссөн авъяаслаг залуусаа үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимдөө авдаг байсан юм.Хичээл сургууль нь үнэхээр чанга ордог байсан. Жишээн өглөө 08.00 цагаас хичээл орно. Тэгээд хөгжмийн онолын хичээл, гармонийн хичээл, улс төрийн хичээл, биеийн тамирын хичээл гэх мэт олон төрлийн чанартай хичээлүүд ордог байлаа. Нэг чухал юм нь хичээл нэгдүгээр сард ороод л тухайн хичээлээрээ шалгалт авдаг байлаа. Тэгээд шалгалтандаа тэнцээгүй юмуу, муу сурсан хүүхдүүдийн цалинг хасдаг, сайн сурсаных нь цалинг нэмээд жинхэнэ утгаараа урамшууллын систем явагддаг байсан нь их авууштай байж дээ. - Монголын анхны бөмбөрчин ямар хүн байсан юм бол. Ер нь монголын анхны бөмбөрчдын талаар та дурьдахгүй юу? -Анхны бөмбөрчид гэвэл, Батаа ах, Цэнд-Аюуш ах, Баатар ах, Нямбаяр ах, Хүрэлээ ах, Цоомоо, Баяраа гээд үнэхээр гайхалтай түүхийг бичэлцсэн олон арван бөмбөрчид байна.Одоо бол шинэ залуу хамтлагууд олноор төрөн гарч байна. Тэр болгонд бөмбөрчин байгаа гээд бодохоор ер нь бөмбөрчид маань эдгээр хүмүүсээс хойш хөгжсөөр байгааг харж болно. - Таны оролцон тоглосон тоглолт хэчнээн байдаг вэ. Таны хувьд багцаа байгаа л байх? -Тоог бол яаж ч бодоод тоолж гаргаж барахгүй. Учир нь үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимд байхад жилд норматив биелүүлэх гэж хэдэн арав тоглодог байсан. Түүнээс хойш хамтлагтайгаа дэлхийн өнцөг булан бүрт очиж тоглосон. Тэрбээр эх орныхоо өнцөг булан бүрт очиж хэдэнтэй тоглосон. Ингээд бодхоор чамгүй олон тоо гарах байх. Зүгээр төрийн ёслол хүндэтгэлийн албанд буюу гадны орнуудын төрийн тэргүүнийг угтаж авах ажилд би 100 гаруй удаа оролцож дэлхийн 110 гаруй улсын ерөнхийлөгчдийг угтан авч хөгжимчдийн бүрэлдэхүүнд орж ажиллаж, төрийн дууг нь эгшиглүүлж байсан байгаа юм. Ийнхүү хамгийн сүүлд 1988 онд хойд Солонгосын удирдагчийг вагоны буудал дээр тосож байлаа. -“Харанга” хамтлагийнхан мэдээж олон дуу гаргасан. Олон ч бүтээл нь хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээсэн бүтээл болсон байдаг. Таны хувьд хамгийн сэтгэлд хоногшсон бүтээл гэвэл ямар бүтээл байсан бэ? -Хөгжимийн зохиолч, ая зохиогч нарт хамгийн хайртай дуу гэж байдаг. Надад бол “Харанга” хамтлагын бүхий л дуунууд таалагддаг. Яагаад гэвэл ганцхан би тухайн дуунуудыг зүрх сэтгэлээрээ мэдэрч тоглосон болохоор би хамтлагынхаа бүхий л дуунуудад хайртай байх нь тодорхой. Миний найзуудын бүх уран бүтээл агуу дуунууд болж төрдөг. Түүгээрээ ч дамжуулаад сонсогчдыг хүмүүжүүлж байдаг гэж ойлгодог. Тэр бүгдийг би тоглоно гэдэг нэр төрийн хэрэг юм. - Аливаа уран бүтээлчид тоглолт хийнэ гэдэг нилээд том даваа байдаг юм шиг ээ. Таны хувьд, хөгжимчин хүний хувьд тоглолт хийнэ гэдэг хэр санагдаж байна? -“Харанга” хамтлагын 25 жилийн ойн аяны хүрээнд хамтлагын уран бүтээлчид тайлан тоглолтоо тавьж байгаа юм. Хамгийн сүүлийнх нь миний тоглолт болж 25 жилийн ойн эхлэл болох юм. Миний уран бүтээлийн хувьд би энэ бөмбөрийн хөгжимтэй амьдралаа холбоод 43 жил болж байна. Өөрийгөө илэрхийлэх мөн хэр сайн хөгжимчин бэ? Гэдгээ харуулах зорилгоор гоцлол, solo номер багтсан мөн “Haranga & Puje” хэмээх тоглолтоо зохион байгуулахаар зэхсэн. Мэдээж миний болон найзуудын минь гараас чанартай уран бүтээл гардаг. Үүнийг ард түмэн мэднэ тэгхээр миний бие даасан тоглолт үнэхээр сайхан болно. Учир нь тоглолтонд маань “Харанга” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно. Мөн хөгжимчид, бүжигчид, арын алба гээд нийт 130 гаруй хүний бүрэлдэхүүнтэй том баг ажиллана. Тоглолтын бас нэгэн онцлог нь дуу хөгжим, бүжиг наадам, орчин үеийн хөгжмийн урлагийг хослуулсан үзүүлбэрүүд байгаагаараа ихээхэн онцлог болох юм даа. -Энэ сарын 13-нд тоглогдох тус тоглолт маань таны анхны тоглолт билүү?. -Тиймээ би 43-н жилийн турш энэ хөгжмийн урлагт зүтгэсэнийхээ хүчийг анх удаагаа үзэгч түмэндээ хүргэх гэж байна. Манай хамтлагийнхан бол хэдэнтээ бие даасан тоглолтуудаа хийсэн байгаа. Миний хувьд бол анхны тоглолт юм. -Монголын рок поп, тэр тундаа хөгжмийн урлагт таны оруулсан хувь нэмэр хэр их байдаг юм бол? -Миний хувьд бөмбөрийн урлагийг би Рок түвшинд хөгжүүлсэн. Хоёр хөлтэй бөмбөрийг тоглох аргачлал, техникийг би анх оруулж ирсэн. Нэг ёсондоо мэргэжлийн түвшинд хөгжүүлж ирсэн гэсэн үг юм даа. Тэгээд бүх л хүмүүс надаас сурсан, тэр дундаа цэргийн хөгжимчдийн бөмбөрчид надаас сурч байсан юм. -Ер нь хичнээн шавь нар төрүүлсэн бэ? -Шавь нар гэвэл тоогоо алдсан. Учир нь би сүүлийн 10 орчим жил бөмбөрийн сургалт явуулж байгаа. Өнөөдөр монголын хөгжмийн урлагт бөмбөр тоглож байгаа бүхий л залуус миний шавь. Би өөрөө багш хүн залуучуудад бөмбөр гэх энэ хөгжмийг зааж өгөх сонирхолтой. Урлагийн замд нь зөв хөтлөөд оруулчих юмсан гэдэг бодол надад их байдаг. Гэхдээ манай орчин үеийн хүүхдүүд их туйлбаргүй болчихож, зүгээр л анхан шатны юмнуудын сурчаад л хоёр хөл гараа салгачихаад л хаяад явчихдаг болсон. Тэгээд л нэг хамтлаг гээд яваад байна. -Зорилт, зорилго гэж олигтой юм байхгүй, зүгээр л нэг бааранд тоглох гэж хамтлаг байгуулдаг болчихсон. Тэгээд л энэ тэндхийн бааранд нөгөө улиг домог болсон хэдэн гадаад дотоодын дуугаа дуулаад нэг хүний 20-30 мянган төгрөг авах гэж л явж байна. Түүнээс биш өөрсдийн уран бүтээлтэй, өөрсдийн хийсэн зүйлтэй, зорилготой хамтлагууд гэвэл тун цөөхөн байна. -Таны шавь нараас хэчнээн нь хамтлаг байгуулсан байдаг вэ? -Олон бий, түүн дотроос би “Солонго” гэж амьд хөгжмийн охидын хамтлаг байгуулаад хөжгмийн олон төрлөөр тоглодог жинхэнэ гоё хамтлагийг бүрдүүлээд бүх зүйлсийн өөрөө зааж сургаад, бэлтгээд гаргаад ирсэн. Гэтэл охид маань дөнгөж сурч боловсроод ид уран бүтээлээ туурвиж эхлэх цаг дээрээ бааранд дуулна, мөнгө төгрөг хэрэгтэй байна гээд л эхэлсэн. Тэгхээр нь би эхлээд өөрсдийн чанартай сайн уран бүтээлүүдээ туурвиад тэгээд түүнийгээ бааранд биш гадна дотны фестивал, арга хэмжээнд дуулдаг байх хэрэгтэй гэж хэлээд дийлээгүй. Ингээд бодохоор залуучууд маань хөдөлмөрлөх, бүтээх дургүй болчихсон нь үнэхээр харамсалтай байгаа юм. Зүгээр л ингээд энгийн хялбар аргаар хөнгөхөн юм сурчаад түүнийгээ хямдхан газар тоглоод явах хүсэлтэй байна даа хөөрхий. -Танд бөмбөрөөс өөр хөгжим сонирхох бодол санаа төрж байсан уу? -Өдий олон жил би ганцхан бөмбөр гэх энэ хөгжимд дурлаж, шунаж байгаагаас хархад би бөмбөр гэх энэ хөгжимд хайртай байгаа хэрэг. Ямарваа нэгэн хөгжмөөр тоглож эхлэхдээ өөрийнхөө чадна гэсэн төрлийг л дагнаж сурах хэрэгтэй л дээ. Түүнээс биш бөмбөр тоглоод сурчихлаа одоо гитар тоглье гэж болохгүй. Өөрийгөө бүхий л хөгжмийг тоглож чадаж байна гэж бодож байгаа хүнийг “Урлагыг завхайруулагч” гэдэг юм. Хүн хархад бүгдийг нь чадаж байгаа юм шиг тэгсэн хэрнээ аль ч төрлөөр нь мэргэшиж чадаагүй олон хүмүүс байна. Яг өөрийнхөө сонирхож тоглосон хөгжимөөрөө салбартаа тэргүүлж чадах нь чухал. Нэгэнт л би бөмбөр тоглоод эхлэсэн хүн бөмбөрөөрөө манлайлаад дуусах нь зөв. Би ямар гитар тоглоод Ц.Манлайгаа гүйцэх биш. Нэгэнт бурханаас чамайг “Чи бөмбөр тогло” гэсэн бол тэрийгээ л тогло. Манай орчин үеийн залуучууд хараад байхад бүгдийг чадаж байвал мундаг хүн болно гэж бодоод байх шиг байна. Тийм биш шүү . Өөрт оногдсон ажлаа хийгээд явах нь жаргал шүү дээ. - Тоглолтын найруулагчаар хэн ажиллаж байгаа вэ? -Намайг тоглолтоо хийх хүсэлтэй байна гэдгээ хэлхэд миний бүхий л найзууд их сайхнаар хүлээн авч дэмжсэн. Тоглолтын найруулагчаар монголын бүхий л томоохон хэмжээний тоглолтыг найруулан тавьдаг “On and Of” продакшны найруулагч С.Ононбат ажиллаж байгаа. Хамтран ажиллагч байгууллагаар хүнсний манлай үйлдвэр “Талх чихэр” ххк мөн Мэргэн -ххк, “Dlitse”, “BSound” нар ажиллаж байгаа юм. Мэдээллийн ивээн тэтгэгчээр Л.Балхжав захиралтай “UBS” телевизи, www.Urlag.mn сайтын хамт олон ажиллаж байгаа. Энэ дашрамд дуулгахад “Талх чихэр” ххк-ны хамт олон Тайвань улсын “Lazer” брэндийн бөмбөрийг зөвхөн надад зориулж тусгай захиалгаар дунд гарийн жийпний үнээр хийлгэж өгсөн. Намайг хөгжимчин хүнийх нь хувиар хүндэлж ийм сайхан бэлэг өгсөнд “Талх чихэр” ххк-ны хамт олондоо баярлаж байна. Мөн тоглолтнод маань чинь сэтгэлээсээ дэмжиж ажиллаж байгаа бүх хүмүүстээ баярлалаа. Эх сурвалж: www.urlag.mn | урлаг соёл |
“Харанга” хамтлагийнхан 25 насныхаа ойд зориулан гишүүн бүр өөрсдийн бие даасан тоглолтоо фэнүүддээ зориулж буй. Тэгвэл тус хамтлагийн бөмбөрчин Н.Пүрэвдашийн “Haranga&Puje” тоглолт зургадугаар сарын 13-ны 19 цагаас “UB palace”-ын их танхимд хийхээр товоо зарлаад байгаа. Өнөөдөр уг тоглолттой холбоотой мэдээлээ Н.Пүрэвдаш хэвлэл мэдээллийн ажилчдад өгсөн юм. Мэдээллийн үеэр “Харанга” хамтлагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон билээ. “Haranga&Puje” тоглолтын онцлог нь тоглолт гэхээсээ илүү шоу чиглэлрүүгээ хандсан нь том онцлог болж байгаа гэнэ. “Лазер” брэндийн бөмбөрийн цохилтыг DJ-ын микстэй хослуулан амьдаар тоглох бөгөөд тоглолтонд Hip hop урлагийн төлөөлөл болсон уран бүтээлчид оролцох аж. Тоглолтын үеэр “Харанга” хамтлагийн 20-30 дуу дуулагдах бөгөөд тайз засалтын хувьд өөрийн гэсэн өнгө аясыг агуулж байна гэдгийг мэдээллийн үеэр “Харанга” хамтлагийнхан онцолж байсан юм. Дашрамд сонирхуулахад “Харанга” хамтлагийнхан өөрсдийн ойн тоглолтоо тун удахгүй фэнүүддээ зориулах юм байна. Э.ТЭКҮ | урлаг соёл |
Үндэсний баяр наадам, жуулчны улирал айлчилсантай холбоотой Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид уран бүтээлийн цоморлигоо дэлгэхэд бэлэн болжээ. “Монгол урлагийн гайхамшиг” тоглолтын нээлтээ зургадугаар сарын 15-ны 18.00 цагт Дуу бүжгийн эрдмийн чуулгын тайзнаа хийх нь ээ. Уг тоглолтонд “Салхины дууль” тоглолтын шилдэг үзүүлбэрүүд, уртын дуу, морин хуур, үндэсний хөгжмийн үзүүлбэрүүд багтаж буй. Сонирхуулахад “Монгол урлагийн гайхамшиг” тоглолт нь энэ зуны туршид тоглох аж. Э.ТЭКҮ | урлаг соёл |
"Харанга" хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн "Морин хуур, Толин хул" тоглолтынхоо товыг зарлалаа. Өнгөрсөн жилийн наадмаар анх удаа зохион байгуулсан түүний энэхүү тоглолтыг жил бүрийн Үндэсний их баяр наадмын үеэр "дахиулж" байхыг үзэгчид хүссэн юм. Тиймээс ч дуучин Х.Лхагвасүрэн болон тоглолтыг зохион байгуулагчид үзэгчдийн хүлээж байсан тоглолтыг товыг зарлаж, долдугаар сарын 10-ны өдөр ганцхан удаа хийхээр болсныг дуулгалаа. Тоглолт "UB PALACE"-ын концертын их танхимд 18.00 цагаас болно. Энэ нь түүний Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Гавьяат жүжигчин цол хүртсэнээсээ хойш бие даан хийж буй анхны тоглолт юм. Б.ЭНХ | урлаг соёл |
“Thrash metal” урсгалын үндэслэгчдийн нэг Америкийн алдарт “Металлика” хамтлагийн ковер тоглолтыг Монголд анх удаа “Аадар” хамтлагийнхан амьд хөгжим сонирхогч залуусдаа хүргэхээр зэхжээ. “Металлика” хамтлаг нь есөн удаа “Grammy”-ын шагналыг авч, таван цомог нь дарааллан “Billboard 200”-ийн нэгт жагссан анхны хамтлаг юм. Уг ковер тоглолтоор “Kill ‘em All”, “Ride the Lightening”, “Master of Puppets”, “And Justice for All”, “The Black Album”, “Load, Reload”, “Death Magnetic” зэрэг “Металлика” хамтлагийн шилдэг цомгуудын 20 дуу рок сонирхогч залууст хүрэх юм байна. Тоглолт “UB palace”-ын тоглолтын их танхимд зургадугаар сарын 21-нд 19.00 цагт болно. Э.ТЭКҮ | урлаг соёл |
Монголчуудын ахуй амьдрал, зан заншил, оюун сэтгэлэгийг илэрхийлэгч хүчин зүйлсийн нэг нь хөгжмийн цогц бүтээл байдаг. Энэ ч утгаараа сонгодог урлагийн салбарт хүчин зүтгэж, хэдийнэ олны танил болсон уран бүтээлч бүсгүйчүүд дахин нэгджээ. Монголын шилдэг хөгжимчид болох хийлч О.Байгаль, төгөлдөр хуурч Б.Оюу нар 2013 онд дэлхийн шилдэг хөгжмийн зохиолчдын бүтээлээс сорчлон “The Best of classics” хамтарсан тоглолтоо Улаанбаатар хот болон Хонконгд тоглож байсан юм. Харин энэ удаад монгол бахархал, сонгодог бүтээлийг эргэн сануулахаар Монголын шилдэг хөгжмийн зохиолчид болох Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж, Б.Шарав, З.Хангал, Э.Чойдог, Ж.Чулуун, Н.Жанцанноров нарын аялгуу тансаг хөг эгшгээр таны мэдрэхүйн эгшгийг хөглөхөөр зэхжээ. Тоглолт “Mongolian Star Melchers” компанийн байранд зургадугаар сарын 28-нд 19.00 цагаас болох юм. Та сонгодог хэм хэмнэлийг мэдрэнгээ эх орныхоо үзэсгэлэнт байгаль, хүн ардын аж амьдрал, үндэстэн ястны онцлог, нүд алдам тал, хэрэм цав, ховор амьтан, ургамал зэрэг Монгол бахархлаа нүдээр харж, сэтгэлээр мэдрэх торгон агшинг гэрэл зурагт буулгасан гэрэл зурагчин, аялагч О.Ган-Өлзийгийн гайхалтай бүтээлийг эндээс харах боломжтой. Тоглолт үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд тоглолтод мөн Гавьяат жүжигчин Ө.Уянга, “3 охин” хамтлагийн дуучин Солонго нар оролцох ажээ. Б.ЭНХ | урлаг соёл |
Хорин жилийнхээ ойн тоглолтыг гадаадад байгаа монголчуудад толилуулаад ирсэн “Хурд” хамтлагийхан фэнүүддээ дахин нэг гэнэтийн бэлэг задлахаар зэхжээ. Тэд Ардын хувьсгалын 93 жилийн ойн баярыг тохиолдуулан “Best hits of hurd show concert” бүрэн хэмжээний тоглолтоо “Мишээл Экспо” төвд долдугаар сарын 10-нд 19.00 цагаас тоглох гэнэ. “Best hits of hurd show concert”-ын үеэр “Хурд” хамтлагийнхан 20 жилийн ойдоо зориулан гаргасан 12 цомгоос бүрдсэн “Black box”, “Алтан пянз”, пудволк, аксесуар зэрэг бэлэг дурсгалын зүйлсээс худалдаалах юм байна. Тэд энэ удаагийн тоглолтоо “Strings club”-ын хамт олонтой хамтран зохион байгуулж байгаа аж. Тоглолтын тасалбарын хувьд 50 мянган төгрөг бол VIP тасалбарын үнэ 100 мянган төгрөг гэлээ. Тасалбарыг 1900-1950, 1900-1617, 1900-1199 дуудлагаар үнэгүй хүргэх бөгөөд “Hifi records”, “Blue sky tower” болон “Strings” клубын кассаар худалдаалах аж. Сонирхуулахад, энэ өдөр мөн "Харанга" хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн "Морин хуур, Толин хул" тоглолт "UB PALACE"-ын концертын их танхимд 18.00 цагаас болно. Өнгөрсөн жилийн наадмаар анх удаа зохион байгуулсан түүний энэхүү тоглолтыг жил бүрийн Үндэсний их баяр наадмын үеэр "дахиулж" байхыг үзэгчид хүссэн юм. Тиймээс ч дуучин Х.Лхагвасүрэн болон тоглолтыг зохион байгуулагчид үзэгчдийн хүлээж байсан тоглолтыг товыг зарлаж, долдугаар сарын 10-ны өдөр ганцхан удаа хийхээр болсныг дуулгалаа. Тэгэхээр улсын баяр наадмын өмнөхөн “Харанга”, “Хурд”-ын фэнүүд хотын хоёр захад цуглаж, аль хамтлагийн тоглолт үзэгч дүүрэн болохыг битүүхэндээ өрсөлдөн үзэж сонирхох бололтой. Э.ТЭКҮ | урлаг соёл |
Драмын урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн МУЗА” 11” олон улсын наадмын хоёрдугаар шатны шалгаруулалтын тоглолт өнөөдөр эхэллээ. Увс аймгийн “Ойрад” хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид “Ээрэн Хүрээ” үндэсний дуулалт жүжгийг өнөөдөр УДЭТ-ын тайзнаа толилуулах гэнэ. Харин маргааш “Гацуурхан” театрын бүтээл “Чоно ба долоон ишиг” жүжиг Нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа амилах юм. Наадмын хоёрдугаар шатны шалгаруулалтын тоглолтууд энэ сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ. О.САР | урлаг соёл |
3000 гаруй уран бүтээлээсээ дээжлэн тоглолтоо хийсэн “Ахмадын золбоо” хамтлаг сонсогч олны сонорыг мялааж, сэтгэлийг хөглөсөн “Нойргүй хоносон зургаан нот” тоглолтоо 2014 оны 5-р сарын 3, 4-ний өдрүүдэд “UB Palace”-ийн концертийн их танхимд хийсэн. Хоёр үдэш битүү зритэлтэй тоглогдсон тус тоглолтод сэтгэлд хоногшсон хийгээд шинэ залуу үеийн олон сайхан уран бүтээлүүд дуулагдсан нь үе үеийн үзэгч сонсогчдыг нэгтгэж чадсан юм. “Инээмсэглэл” хамтлагийн бөмбөрчин, UBS телевизийн ерөнхий захирал, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, МУУГЗ Л.Балхжав, “Өргөө” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, МУСГЗ И.Болоож, “Хөх тэнгэр” хамтлагийн даралтат хөгжимчин, Хилийн цэргийн дэд хурандаа, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, МУУГЗ Г.Энхбаяр, “Хөх тэнгэр”, “Инээмсэглэл”, “Black & White” хамтлагийн даралтат хөгжимчин, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, МУУГЗ Г.Пүрэвдорж, Рок поп, пентатоник академийн ерөнхийлөгч, “Инээмсэглэл” хамтлагийн гишүүн, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, МУСГЗ Б.Долгион, “Соёл эрдэнэ” хамтлагийн ахлагч, аргил гитарчин, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, МУСГЗ Г.Жаргалсайхан гэсэн рок поп урлагийн “акулууд” гэгддэг нэгэн үеийн төлөөлөл болсон алдартай хөгжмийн зохиолчид “Ахмадын золбоо” хамтлагийг байгуулсан байдаг. Бидний аав ээжээс эхлээд, залуу үеийнхний аманд аялагдаж, сэтгэл хөдөлгөсөн олон мянган уран бүтээлийг бүтээснээс гадна өнөөдөрч залуучууд бидний дунд хит болсон, хит болж байгаа шинэ уран бүтээлийг “Ахмадын золбоо” хамтлагийн гишүүд тууривсаар байгаа нь тэдний сонсогч, шүтэн бишрэгчдийн тоог хязгааргүйд хүргэж байна. Иймд тоглолтын тухайд хоёр орой тоглоно гэдэг сонсогч, фенүүдэд чамлалтай хоцорч байсан юм. Гэхдээ “Нойргүй хоносон зургаан нот” тоглолтыг үзэж амжаагүй, үзэх хүсэлтэй олон мянган үзэгчдийн хүсэлтээр “Ахмадын золбоо” хамтлаг дахин тайзнаа гархаар боллоо. Тэд энэ сарын 25-ны үдэш 19.00 цагаас Соёлын төв өргөөнд үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байсан тоглолтоо дахин тоглохоор боллоо. “Нойргүй хоносон зургаан нот” тоглолт дахин тоглогдох сургаар тоглолтын тасалбар аль хэдийнэ худалдаалагдаж дуусжээ. Дуучид нь дуулж, сонсогчид нь чимээгүй сонсоод суудаг хэвшмэл байдлыг өөрчлөн, үзэгч сонсогчидтойгоо хамтран дуулж, хамтран дурсан, хамтран уярч, тэрч бүү хэл хөгжилтэй яриа өрнүүлэн зритэл тэр чигтээ инээлдэх халуухан үдэш зөвхөн “Нойргүй хоносон зургаан нот” тоглолтын үдэш тохиодог онцлогтой. | урлаг соёл |
Алтернатив дуучин Отгоо буюу Х.Отгончимэг уран бүтээлдээ эргэн оржээ. Тэрээр ээж болсноосоо хойш уран бүтээл туурвихаа болиод байсан гэвэл буруудахгүй биз. Өөрийн гэсэн өвөрмөц төрх, донж, имижтэй уран бүтээлчийн гурав дахь цомог худалдаанд гаргаад байгаа бөгөөд “Chill out” цомог орчин үеийн болон үндэсний хөгжимтэй хамтран бүтээсэн 10 дуунаас бүрдсэн байна. “Chill out” цомогт язгуур урлагийн “Жонон” хамтлагийн хөгжимчид болон гитарчин Г.Тэнүүн нартай хамтран ажилласан бол хөгжмийн найруулгыг Рагу АНУ-д хийж гүйцэтгэсэн гэнэ. Э.ТЭКҮ | урлаг соёл |
“Хурд” хамтлагийнхан фэнүүддээ нэгэн гэнэтийн бэлэг задлав. Тэд хамтлагийнхаа 20 жилийн ойгоо гадаадад байгаа монголчуудтай хуваалцаад ирсэн бөгөөд долдугаар сарын 10-нд “Мишээл экспо”-д “Best hits of Hurd show concert”-оо 19.00 цагт хийхээр зэхжээ. “Best hits of Hurd show concert”-ын үеэр “Хурд” хамтлагийнхан 20 жилийн ойдоо зориулан гаргасан 12 цомгоос бүрдсэн “Black box”, “Алтан пянз”, подволк, аксесуар зэрэг бэлэг дурсгалын зүйлсээс худалдаалах юм байна. Тэд энэ удаагийн тоглолтоо “Strings club”-ийн хамт олонтой хамтран зохион байгуулж байгаа аж. Тоглолтын тасалбарын хувьд 50 мянган төгрөг бол VIP тасалбарын үнэ 100 мянган төгрөг гэлээ. Тасалбарыг 1900-1950, 1900-1617, 1900-1199 дуудлагаар үнэгүй хүргэх бөгөөд “Hifi records”, “Blue sky tower” болон “Strings” клубын кассаар худалдаалах аж. Энэ удаагийн тэдний тоглолтын гол онцлог нь парти өнгө аястай болох бөгөөд амьд хөгжим сонирхогч залуус “Хурд”-ынхантай нэгэн үдшийг доргио өнгөрүүлэх нь ээ. Э.ТЭКҮ | урлаг соёл |
Улсын филармоны гоцлол дуучин Л.Насанбуянгийн шинэ уран бүтээл хөгжим сонирхогчдын хүртээл болжээ. Зууны манлай страдын дуучин поп дива Б.Сарантуяагийн гарын шавь гэдгээр нь түүнийг олон хүн мэдэх болов уу. “Universe best songs” наадамд оролцсоноосоо хойш олны хүртээл болсон зүйл хийгээгүй тэрээр уран бүтээлээ дахин туурвихаар шийдсэн бололтой. Түүний шинэ уран бүтээл болох “Insomnia” буюу “Нойргүйдэл” дуугаа клипжүүлсэнийг хамтаа сонирхоё. Э.ТЭКҮ | урлаг соёл |